НИЙГЭМ

Малчин Н.Гантулга: Өвс, тэжээл авчрахаар аймаг руу явсан эхнэр маань хөл хорионд орчихлоо

Дэлхий даяар “Коронавирусийн халдвар” гээд халаглаж байхад цөөнгүй аймгийн малчид юун цар тахал манатай сууна. Үргэлж хөдөө хөхөрч, гадаа гандан, хэдэн малынхаа аясыг дагаж явдаг тэдэнд хотон дахь хэдийгээ онд мэнд оруулчих юм сан гэсэн ганцхан бодол л эргэлдэнэ. Үүнээс өөр зүйлийг ажрах, анзаарах, ач холбогдол өгөх сөхөө малчдад үнэндээ алга. Борог өвс намирсан бус улаан шороо эргэсэн талыг санаа алдан харуулдаж, дэмий горьдлого тээн тэнгэрийн хаяа ажиглана. Эцэж, сульдсан мал нь тэжээл аван тожигноход баярлан, цасанд шурган унагахад нь санаа алдана.

Уг нь өдийд малчид өвөлжөөндөө буун, хадлан тэжээлээ жин тан болгочихсон сэтгэл амар сууж байдаг үе. Отор нүүдэл гэсээр зунжингаа зүтгэснийхээ хүчинд тарга тэвээрэг сайтар авахуулсан мал нь жавар сөрөн яраглаж, “Зуд болсон ч ажрахгүй” гээд маадгар суудаг цаг л даа. Гэтэл өнөө жил энэ бүхэн цөөнгүй аймгийн малчдын хувьд тэнгэр, газар шиг өөрчлөгдөн, эсрэгээрээ эргэжээ. Ялангуяа баруун аймгуудын хувьд байдал өдрөөс өдөрт дордсоор буйг малчид халаглаж, учирлаж сууна. Хавсарган салхитай хавраар бус халуун намраар мал нь хоргодоод эхэлжээ.

Цаг зүтгэж, хамгийн их зутарч буй сумуудын нэг нь Баянхонгор аймгийн Баянцагаан. Тус сумд энэ жил бороо ер ороогүй. Сүүлийн хэдэн жил дараалан ган, зуд болсон тул Баянцагаан сумд энэ зун ногоон туяа татуулах нь битгий хэл малын хамар хатгах өвс ургаагүй. Газарт ганхах өвс ургаагүй тул малчид хадлангаа бэлтгэж чадаагүй нь тодорхой. Хаанаас, юугаа хадах билээ дээ. Аргаа барсан малчид банкнаас зээл аван, хурааж, хуримтлуулсан хэдийгээ шавхаж байгаад хэдэн боодол өвс худалдаж авснаараа одоо малаа тэжээгээд дуусаж байгаа гэнэ.

Баянцагаан сумд өвс ургаагүй, улаанаараа эргэсэн элс, шорооноос өөр юмгүй тул малчид малаа бэлчээхгүй, бэлчээгээд ч нэмэргүй байгаа юм байна. Халуун намраар адуу нь үхэж эхэлж. Малын ам уран ч гэлээ өвс ургаагүй газраас юугаа олж идэх билээ. Тиймээс тус сумын малчид малаа халуун намраар тэжээжээ. Өвс, тэжээл хэмжээтэй. Мал нь хорогдоогүй айл Баянцагаанд үгүй. Хоног хэд билээ, малын тоо хэд билээ. Урин хавартай золгох яагаа ч үгүй байдаг. Ер нь халуун намраар турсан малаа бэлчээлгүй өдөр бүр тэжээж буй малчин зөвхөн Баянцагаан суманд гэлтгүй өөр аймгуудад мөн адил олон. Тэгэхгүй гээд ч яах билээ. Харсаар байж үхүүлэлтэй нь биш.

Завхан аймгийн Завханмандал сумын малчин Н.Гантулга өвөлжилт ямар байгаа талаар ингэж ярив.

Тэрбээр “Манай нутагт энэ жил өвс олигтой ургаагүй. Яг санасан хэмжээндээ малаа таргалуулж чадаагүй. Одоо ер нь өвс тааруу. Малын ам уран болохоор яах вэ болгож л байна. Цаг зүтгэж магадгүй тул овоо хэдийг төхөөрсөн. Малын үнэ гэж най алга. Бүгдийг нь гулуузлаад хот руу ачуулсан. Улаанбаатарт байдаг нэг дүүгээ борлуулаад өг гэж гуйчихаад сууж байна. Хямдхан ч болтугай зараад хэдэн төгрөг болгочихол үхүүлж, шороонд булснаас дээр. Ер нь манай нутгийн малчид энэ жил хадлан бэлтгэж чадаагүй. Хадлан хийх хэмжээнд өвс ургаагүй.

Манайх 1500-гаад малтай. Овоо ахуйхан өвс хураахгүй бол хаана нь ч хүрэхгүй. Хот руу өвс захьсан чинь сураг чимээ алга. Яах учраа олохгүй л сууна. Эхнэр маань хэд хоногийн өмнө аймгаас өвс, тэжээл авчрахаар явсан юм. Гэтэл тэнд хөл хорионд орчихлоо. Ёстой баларсан юм аа. Одоо тэгээд эхнэр ч үгүй, өвс, тэжээл ч үгүй сууж байна.

Энэ өвөл цаг нэлээд зүтгэх шинжтэй. Зуд болж ч магадгүй. Тэгвэл малаа олигтой таргалуулж чадаагүй, өвс, тэжээл хурааж амжаагүй суугаа малчид ёстой баларна. Төр, засгаас малчдаа анзаарч, ямар нэгэн юм хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа байлгүй дээ л гэж хүлээж байна. Тэгэхгүй бол малчид бид байгалийн давшгүй хүчин зүйлийн өөдөөс яаж ч чадахгүй.

Хэдэн малаа тавиад туучихвал яаж амьдрах билээ. Төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжилгүй, мал маллахаас өөр хийж чадах юмгүй болохоор цаашид хэрхэхээ үнэхээр төсөөлөхөд бэрх. Монгол хүн амны бэлгээр гэдэг дээ. “Өнтэй өвөлжиж, энх цагтай золгох байх аа” гэж итгэж сууна” гэлээ.

Өвөлжилт хүндэрч, зарим аймагт мал хоргодож эхэлсэн талаарх тодруулга бүхий нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эмээ
Эмээ
11 сар 30, 2020 14:15

Дайны хажуугаар дажин гэгч болохвийдээ. Шинжилгээнд нь оруулаад буцааж байх арга хэмжээ шуурхай авах хэрэгтэйдээ.

Холбоотой мэдээ

Back to top button