НИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

Баянхонгорын малчид халуун намраар хорогдож эхэлсэн малаа бэлчээлгүй, өдөр бүр тэжээж байна

Дэлхий даяар “Коронавирусийн халдвар” гээд халаглаж байхад цөөнгүй аймгийн малчид юун цар тахал манатай сууна. Үргэлж хөдөө хөхөрч, гадаа гандан, хэдэн малынхаа аясыг дагаж явдаг тэдэнд хотон дахь хэдийгээ онд мэнд оруулчих юм сан гэсэн ганцхан бодол л эргэлдэнэ. Үүнээс өөр зүйлийг ажрах, анзаарах, ач холбогдол өгөх сөхөө малчдад үнэндээ алга. Борог өвс намирсан бус улаан шороо эргэсэн талыг санаа алдан харуулдаж, дэмий горьдлого тээн тэнгэрийн хаяа ажиглана. Эцэж, сульдсан мал нь тэжээл аван тожигноход баярлан, цасанд шурган унагахад нь санаа алдана.

Уг нь өдийд малчид өвөлжөөндөө буун, хадлан тэжээлээ жин тан болгочихсон сэтгэл амар сууж байдаг үе. Отор нүүдэл гэсээр зунжингаа зүтгэснийхээ хүчинд тарга тэвээрэг сайтар авахуулсан мал нь жавар сөрөн яраглаж, “Зуд болсон ч ажрахгүй” гээд маадгар суудаг цаг л даа. Гэтэл өнөө жил энэ бүхэн цөөнгүй аймгийн малчдын хувьд тэнгэр, газар шиг өөрчлөгдөн, эсрэгээрээ эргэжээ. Ялангуяа баруун аймгуудын хувьд байдал өдрөөс өдөрт дордсоор буйг малчид халаглаж, учирлаж сууна. Хавсарган салхитай хавраар бус халуун намраар мал нь хоргодоод эхэлжээ. Зунжин залхуурч хэвтэн, хадлан тэжээлээ олигтой бэлтгээгүйгээс нь болсон байлгүй гэж зарим хүн андуу бодож магадгүй. Залхуу, назгайгаас нь болж хэдэн мал нь ингэж цаг зүтгээгүй байхад хоргодож байгаа юм биш шүү.

Архивын зураг ашиглав.

Өнөө жил цөөнгүй аймагт хур бороо муутай, гандуу зуншсан. Бүр зарим аймгийн малчид бороо харуулдсаар зуныг барсан. Малын хамар гатгах өвс ургаагүй нутгийн малчид өвс, ус бараадан хавраас хойш отор хийжээ. Тэгсэн ч тусыг эс олов. Зунжин, намаржингаа чардайн байж малдаа жаахан тэвээрэг авхуулсан ч хайлган намрын цагаар хэдэн мал нь туржээ. Бороо ороогүй, халиурах өвс ургаагүй зарим аймгийн мал есдүгээр сарын сүүлчээр өргүүлэн, түрүүчээсээ үхсэн гэнэ.

Цаг зүтгэж, хамгийн их зутарч буй сумуудын нэг нь Баянхонгор аймгийн Баянцагаан. Тус сумд энэ жил бороо ер ороогүй. Сүүлийн хэдэн жил дараалан ган, зуд болсон тул Баянцагаан сумд энэ зун ногоон туяа татуулах нь битгий хэл малын хамар хатгах өвс ургаагүй. Газарт ганхах өвс ургаагүй тул малчид хадлангаа бэлтгэж чадаагүй нь тодорхой. Хаанаас, юугаа хадах билээ дээ. Аргаа барсан малчид банкнаас зээл аван, хурааж, хуримтлуулсан хэдийгээ шавхаж байгаад хэдэн боодол өвс худалдаж авснаараа одоо малаа тэжээгээд дуусаж байгаа гэнэ.

Баянцагаан сумд өвс ургаагүй, улаанаараа эргэсэн элс, шорооноос өөр юмгүй тул малчид малаа бэлчээхгүй, бэлчээгээд ч нэмэргүй байгаа юм байна. Халуун намраар адуу нь үхэж эхэлж. Малын ам уран ч гэлээ өвс ургаагүй газраас юугаа олж идэх билээ. Тиймээс тус сумын малчид малаа халуун намраар тэжээжээ. Өвс, тэжээл хэмжээтэй. Мал нь хорогдоогүй айл Баянцагаанд үгүй. Хоног хэд билээ, малын тоо хэд билээ. Урин хавартай золгох яагаа ч үгүй байдаг. Ер нь халуун намраар турсан малаа бэлчээлгүй өдөр бүр тэжээж буй малчин зөвхөн Баянцагаан суманд гэлтгүй өөр аймгуудад мөн адил олон. Тэгэхгүй гээд ч яах билээ. Харсаар байж үхүүлэлтэй нь биш.

Н.ГАНСҮХ: МАНАЙ СУМД ӨВС УРГААГҮЙ ТУЛ МАЛЧИД МАЛАА ӨДӨР БҮР ТЭЖЭЭЖ БАЙНА

No description available.

Бид Баянцагаан сумын Засаг дарга Н.Гансүхтэй утсаар холбогдон, өвөлжилтийн нөхцөл байдал ямар байгааг тодруулав.

-Сайхан өвөлжиж байна уу, Та. Танай сумд өвөлжилт хэр байна вэ?

-Өвөлжилт үнэндээ хүнд байна. Манай сум мал малладаг 940 өрхтэй. Тэдгээрээс 667 нь жилийн дөрвөн улиралд мал маллаж амьдардаг. Өвс, тэжээл маш бага бэлтгэсэн, хэдхэн хоногийн нөөцтэй 400 гаруй малчин байна. Малчид маань малаа хямд үнээр ч болтугай нэлээд борлуулсан. Нэг хэсэг малчид өвс худалдаж аваад, тодорхой хэмжээний нөөц бүрдүүлсэн. Тэгэх санхүүгийн боломжгүй малчин олон байна. Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, цөөхөн малтай малчид өвс худалдаж авах боломж тааруу. Хэдэн малаа онд мэнд оруулахын тулд өвс авъя гэх нь ээ мөнгөгүй.

Манай сумд өвс ургаагүй учраас малаа бэлчээх, бэлчээрээр хариулах боломж алга. Тиймээс малчид малаа өдөр бүр тэжээж байна. Тэгэхээр хэр их хэмжээний өвс, тэжээл хэрэгтэй байгаа нь ойлгомжтой. Хамаг мөнгөө хамж, шимж байгаад авсан өвс нь хэдхэн сар болоод дуусаж байна. Гэтэл урин цагтай золгох яагаа ч үгүй байдаг. Зургаан сар гарч байж л нар, ногоотой золгоно. Тэр хүртэл малаа тэжээх шаардлагатай. Тэгж байж онд мэнд оруулах боломжтой. Ийм хүнд байдалд манай сумын малчид орчихоод байна.

-Одоогоор хэчнээн мал хоргодоод байгаа бол?

-Мал нь хорогдоогүй малчин байхгүй. Бүгд зудтай нүүр тулж байна. Одоогоор сумын хэмжээнд 1000 орчим мал хорогдсон.

-Танай сумын малчдад өвсний хэдэн сарын нөөц байгаа вэ?

-Малчдын өвсний нөөц харилцан адилгүй. Ер нь дунджилаад бодохоод малчид маань сар хүрэхгүй нөөцтэй. Өвсний ямар ч нөөцгүй, өвс худалдаж авах мөнгөгүй, санхүүгийн боломжгүй малчин олон байгааг дахиад тодотгоё.

УОК-ын мэдэлд байдаг “Сум дундын аюулгүйн нөөцийн салбар” гэж бий. Дөрвөн сумын дунд байгуулсан тус салбар манай сумд байдаг юм. Тэнд нөөцөлсөн өвс, тэжээлийг 2021 он гарахаас өмнө худалдахгүй гэх шийдвэр улсаас гаргасан. Үнийг нь тогтоогоогүй, цаг хүндэрсэн үед гаргана гээд байгаа юм. Гэтэл манай энд цаг аль хэдийнэ хүндэрдгээ хүндэрчихсэн. Халуун намраар мал үхээд эхэлчихсэн. Өвлийн эхэн сар дөнгөж гарч байна. Цаг уярах, урин цагтай золгох хаа байсан юм бэ.

Баянцагаан сумд энэ жил бороо дусаагүй. Хавар ямар байдаг билээ. Яг тиймээрээ өдий хүрсэн. 18.500 малтай, 90-ээд малчин өөр аймагт отроор өвөлжиж байна. Улсын нөөцөд байгаа өвс, тэжээлийг мал хоргодохоос, малчдын хот харлахаас өмнө хүргэх, хангах чухал. Энэ байдлаараа манай сумын малчид энэ оныг давж чадахгүй. УОК “Сум дундын аюулгүйн нөөцийн салбар”-ын өвсийг гаргах гэсээр байтал манай сумын мал хоргодоод дуусах нь.

-Танай сумын мал хэр тарга тэвээрэг авсан бэ?

-Тааруу, тааруу. Маш муу. Өвс ургаагүй учраас үнэндээ малаа сайн таргалуулах боломж малчдад байсангүй. Өвс ургаагүй, мал нь таргалаагүй, тамир тэнхээ муутай байгаа болохоор энэ өвлийг давахад үнэхээр хүнд байна.

-Баянхонгор аймгийн бусад сумын өвөлжилт ямархуу байгаа вэ?

-Говийн сумууд өвөлжилт хүнд байгаа. Эдгээрээс хамгийн хүнд байгаа нь манай сум.

КОРОНАВИРУСЭЭС ДУТАХГҮЙ АЮУЛ МАЛЧДАД ТУЛГАРААД БУЙ НЬ ЗУД

Архивын зураг ашиглав.

-Цаашид энэ асуудалд сум, орон нутгаас хэрхэн анхаарч, юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Аймаг, сумын ЗДТГ-аас малаа борлуулах боломж малчдад бүрдүүлэх тал дээр нэлээд анхаарлаа. Төрөөс МҮХАҮТ-тай хамтран туранхай малыг малчдаас зээлээр авсан. Үүний хүрээнд манай сумын малчид 7092 малаа зээлээр худалдсан.

Манай сум энэ жил түүхэндээ байгаагүй олон төл бойжуулсан, 100.000 гаруйг. Энэ жил, өнгөрсөн жилийн төлийг борлуулах боломж үнэндээ алга. Авдаг хүн байхгүй Малчид хоёр жилийн төлөө яалт ч үгүй авч үлдлээ. Малчдын авч үлдсэн малын 80 гаруй хувь нь өнгөрсөн он, энэ жилийн төл.

Бид цаашид хэрхэх, юу хийх талаар нэлээд ярилцаж байна. Хийхээр төлөвлөсөн ажил цөөнгүй бий. Баянхонгор аймгийн ЗДТГ руу үргэлж хандаж, хамтран ажиллаж байгаа. Манай сумд өвс, тэжээл тасралтгүй авч ирэх, малчдад хүргэх ажлыг тасралтгүй хийсээр байна. Малчид хурааж, хуримтлуулсан хэдэн төгрөгөө өвсөнд өгөөд дуусгачихлаа. Одоо мөнгөтэй малчин хуруу дарам. Тэгэхээр одоо төрийн дэмжлэг юу юунаас илүү чухал байна.

-Төрөөс малчдыг хэрхэн дэмжвэл илүү үр дүнтэй байх бол?

-Өвс, тэжээлийн үнийг хөнгөлөх, үнэхээр хүнд нөхцөлд байгаа малчдад боломжийнхоо хэрээр үнэгүй олгох хэрэгтэй. Малаа бэлчээх боломжгүй, хамар хатгах өвсгүй нутагт байгаа малчдад юуны түрүүнд туслах, дэмжих их чухал байна. УОК-оос малчдад нэг юм уу хоёр боодол өгөөд ямар ч нэмэргүй.

Монгол Улс коронавирусийн халдварыг дотооддоо алдсан, хүнд цаг үед бид амьдарч байна. Яг үүн шиг зүйл малчдад тулгарч буй нь зуд юм шүү. Зуд бол малчдын хувьд коронавирус. Цаг зүтгэж, зудын байдалд орчихсон байгаа сумуудаар УОК явж, газар дээр нь шаардлагатай арга хэмжээ авах хэрэгтэй байна.

-УОК-оос танай сумын нөхцөл байдалтай танилцсан уу?

-Баянхонгор аймгаас хоёр ч удаа ажлын хэсэг гарган, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. Өөр аймагт отроор өвөлжиж буй малчдаа эргэхээр төлөвлөж байгаа юм билээ.

Ш.ДОРЖБАТ: ГУРАВДУГААР САРААС ХОЙШ ОТОРЛОЖ ЯВНА

No description available.

(Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нэгдүгээр багийн малчин )

Манай сумд сүүлийн хэдэн жил дараалан ган болсон. Энэ жил урьд өмнө нь тохиолдож байгаагүй ган боллоо. Лав сүүлийн 100-гаад жилд ийм ган болсон гэж дуулаагүй. Би 66 наслахдаа Баянцагаанд ийм ган болохыг үзээгүй.

Би гурван сараас хойш отор хийсэн, бүх боломжоо ашигласан. Машинд майхан ачаад л баахан явлаа. Малаа таргалуулчих санаатай их зүтгэлээ. Одоо ч Өлзийт сумд оторлож байна.

Ийш, тийшээ отор хийж яваагүй малчин манай сумд байхгүй. Манайх Өлзийтөд наймдугаар сарын эхээр очсон. Овоо байсан Өлзийт сум одоо бас зудын байдалд орчихлоо. Газрын гарцтай гээд энд, тэндээс малчид сорчилж ирээд талхалчихлаа. Одоо хаашаа ч харсан цагаан, мал бэлчих ямар ч боломж алга. Зөвхөн Өлзийт, Баянцагаан гэлтгүй Баянхонгор аймаг зуданд нэрвэгдчихлээ.

Одоо төр засгийн дэмжлэг хэрэгтэй байна. Сонгууль дөхөхөөр идэвхтэй гэгч нь аргагүй ажилладаг, сонгуулиар олон сайхан зүйл амладаг. Сонгуулийн дараа мартдагаа болих хэрэгтэй. “Манай сумд миний лав үзээгүй ган боллоо. Энэ жил зуд болох нь” гэж би хүмүүст их анхааруулсан. Миний үгийг тоохгүй байсаар өдий хүрсэн юм.

Манай сумын малчид энэ зунжингаа хээрээр гэр хийн, оторлолоо. Улсын нөөцийн өвснөөс авах гэхээр үнийг нь тогтоогоогүй гээд худалдахгүй юм. Тэр өвсний үнийг тогтооход тийм хэцүү байдаг юм байх даа. Би бүр гайхаад байх юм. Улсын нөөцийн өвсний үнийг тогтоох гэсээр байтал манай сумын мал үхээд дуусах нь. Би яах вэ, цөөхөн хэдэн малтай тэтгэврийн хөгшин. Ядахдаа тэтгэврийнхээ мөнгөөр хэдэн боодол өвс авчихна. Олон малтай залуу малчдад үнэхээр хүнд байна.

Д.БАТТУЛГА: ЕСДҮГЭЭР САРЫН СҮҮЛЧЭЭР АДУУ ӨРГҮҮЛЖ, ТҮРҮҮЧЭЭСЭЭ ҮХЛЭЭ

No description available.

(Баянхонгор аймгийн Баянцагаан сумын тавдугаар багийн малчин)

Манайх Үнэгтийн өвөрт өвөлжиж байна. Өвөлжилт тун хүнд байна. Манай сумд сүүлийн дөрвөн жил дараалан ган болж байна уу даа. Зун өвс ургаагүй, мал тарга тэвээрэг аваагүй. Энэ өвөл их хүйтэрч байна. Цаг хугацаа яагаа ч үгүй байдаг. Арванхоёрдугаар сар гараагүй, идэр ес эхлэхэд сар шахам хугацаа дутуу. Цаг ер нь эрт хүндэрч, зүтгэлээ.

Манайх энэ жил хадлан огт хийж чадаагүй. Газраас зулгаагаад авчих ганц шарилж ч ургаагүй. Намар 250 боодол өвс худалдаж авсан. Одоо бараг дуусаж байна.

Манайх ээжийнхтэй хамт өвөлжиж байна, 500-гаад малтай. Бүх малаа тэжээвэл өвс маань хаана нь ч хүрэхгүй. Тиймээс төлөг, борлон, түрүүчээсээ эцсэн, тамир нь муудсан малаа голдуу тэжээж байгаа. Дассан газрын даавуу зөөлөн гэгчээр хэдэн мал шороо малтаад зогсож байна. Манай эндхийн мал есдүгээр сарын дунд үеэс хойш цадаагүй. Өл залгах төдий л явсаар өдий хүрлээ. Аравдугаар сарын эхээс мал турж эхэлсэн. Зун отор нүүдэл хийж байж арайхийн авхуулсан тарга тэвээрэг нь хоромхон зуур шавхагдчихлаа.

Одоо ер нь мал нэлээд турж, эцэж байна. Есдүгээр сарын сүүлчээр адуу өргүүлж, түрүүчээсээ үхлээ. Одоо бог мал нэлээд муудаж байна. Лав 100-гаад мал хорогдчихлоо. Өвс дахиад авах санхүүгийн боломж тааруу. Хэдэн малаа унагаачихгүйн тулд өвс авахаас өөр арга алга. Нутагтаа байгаа юм чинь бусдаас зээлж байгаа ч болтугай авна даа. Улсын нөөцөөс өвс авах гэхээр худалдахгүй юм. Өнөөдөр би очлоо. Үнэ нь тогтоогүй учраас зарахгүй гэнэ. Он гараад улсын нөөцийн өвс гарах гэсээр байтал малчид малгүй болох нь. Мал нь хорогдоогүй малчин манай энд байхгүй.

Мөн бид өвөлжилт ямар байгааг зарим аймгийн малчдаас тодрууллаа.

Г.ЭРДЭНЭЧУЛУУН: МАНАЙ НУТАГТ ХАДАХ ХЭМЖЭЭНИЙ ӨВС УРГААГҮЙ

Архивын зураг ашиглав.

(Говь-Алтай аймгийн Халиун сумын малчин)

Манайх хоёр хүүхэдтэй. Хоёулаа сургуульд сурдаг. Аймгийн төв дээр хоёр хүүхдээ байлгах айлгүй. Тиймээс аргагүйн эрхэнд эхнэр маань аймаг дээр өвөлжин, хоёр хүүхдээ хичээлд нь зөөдөг. Би хөдөө малаа ганцаараа малладаг. Манайх 100-гаад үхэр, 50-иад адуу, 500 гаруй богтой. Энэ жил зуншлага тааруу байсан тул мал сайн таргалаагүй. Хадлан, тэжээлтэй бүр ярилтгүй. Юу ч хадаж чадаагүй.

Банкнаас зээл авч байгаад 500 боодол өвс худалдаж авсан. Цаг зүтгэвэл юу ч болохгүй. Үхэр нэг муудаад ирэхээрээ овоо зулна шүү дээ. Одоо дахиад өвс авах шаардлагатай.

 Өдөржин хонь хариулж, даарч ирэхэд орой жавар хургасан гэр угтах ёстой хэцүү. Галаа гялс түлэн, махаа гаргаж тавьчихаад үхрээ хураадаг. Тэгээд хоолоо хийж идэн, морио чөдөрлөчихөөд унтдаг. Үргэлж л хурааж, харж байхгүй бол манай нутагт хулгай ихтэй. Сүүлтэйгээсээ сүүлгүй нь хэцүү. Хэд хоногийн өмнө хоёр сайхан шараа алдчихлаа. Ганцаараа болохоор адуундаа явж чадахгүй 10 гаруй хонож байна. Саахалтын айлынхаа хүнд хонио захьчихаад адуугаа эрж явахад чи утсаар холбоо барьж таарлаа.

Н.ГАНТУЛГА: ӨВС АВЧ ИРЭХЭЭР АЙМАГ РУУ ЯВСАН ЭХНЭР МААНЬ ХӨЛ ХОРИОНД ОРЧИХЛОО

Архивын зураг ашиглав.

(Завхан аймгийн Завханмандал сумын малчин)

Манай нутагт энэ жил өвс олигтой ургаагүй. Яг санасан хэмжээндээ малаа таргалуулж чадаагүй. Одоо ер нь өвс тааруу. Малын ам уран болохоор яах вэ болгож л байна. Цаг зүтгэж магадгүй тул овоо хэдийг төхөөрсөн. Малын үнэ гэж най алга. Бүгдийг нь гулуузлаад хот руу ачуулсан. Улаанбаатарт байдаг нэг дүүгээ борлуулаад өг гэж гуйчихаад сууж байна. Хямдхан ч болтугай зараад хэдэн төгрөг болгочихол үхүүлж, шороонд булснаас дээр. Ер нь манай нутгийн малчид энэ жил хадлан бэлтгэж чадаагүй. Хадлан хийх хэмжээнд өвс ургаагүй.

Манайх 1500-гаад малтай. Овоо ахуйхан өвс хураахгүй бол хаана нь ч хүрэхгүй. Хот руу өвс захьсан чинь сураг чимээ алга. Яах учраа олохгүй л сууна. Эхнэр маань хэд хоногийн өмнө аймгаас өвс, тэжээл авчрахаар явсан юм. Гэтэл тэнд хөл хорионд орчихлоо. Ёстой баларсан юм аа. Одоо тэгээд эхнэр ч үгүй, өвс, тэжээл ч үгүй сууж байна.

Энэ өвөл цаг нэлээд зүтгэх шинжтэй. Зуд болж ч магадгүй. Тэгвэл малаа олигтой таргалуулж чадаагүй, өвс, тэжээл хурааж амжаагүй суугаа малчид ёстой баларна. Төр, засгаас малчдаа анзаарч, ямар нэгэн юм хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа байлгүй дээ л гэж хүлээж байна. Тэгэхгүй бол малчид бид байгалийн давшгүй хүчин зүйлийн өөдөөс яаж ч чадахгүй.

Хэдэн малаа тавиад туучихвал яаж амьдрах билээ. Төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжилгүй, мал маллахаас өөр хийж чадах юмгүй болохоор цаашид хэрхэхээ үнэхээр төсөөлөхөд бэрх. Монгол хүн амны бэлгээр гэдэг дээ. “Өнтэй өвөлжиж, энх цагтай золгох байх аа” гэж итгэж сууна.

Зуд малчдад коронавирусээс дутахгүй аюултай. Малчдын амьжиргааны гол эх үүсвэр, баталгаа нь мал. Хөдөө нутагт зуд аюулын харанга дэлдэн, малчдын хэдэн малыг нь хэзээ мөдгүй “туугаад одох” дөхөж байна. Халуун намраар мал нь хоргодон, тэжээх бэлчээргүй, малын хамар хатгах өвсгүй, бэлтгэсэн хадлангүй байгаа малчид цөхөрч байна. Чөмгөө дундартал зүтгэж, борви бохисхийх чөлөөгүй хөдөлмөрлөлөө ч байгалийн давшгүй хүчин зүйлийн өмнө малчид яаж ч чадахгүй.

Хөдөөгийнхөн ийм хүнд байдалд орчихсон, малчид зуданд аль хэдийнэ нэрвэгдчихсэн байхад Төр засаг, УОК коронавирусийн халдвараас илүү гарах сөхөө алга. Одоо нүдээ нээгээд хэдэн малчдаа бодох цаг урьд урьдын жилүүдээс хамаагүй эрт ирснийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Я.Содбаатарт, УОК-ынхонд сануулъя. Үнэндээ тэдэнд одоо л төрийн дэмжлэг хэрэгтэй байна. Хэдэн малаа үхүүлж, хотоо харлуулсных нь дараа “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж мянга сайхан үг хэлж, матрын нулимс унагаагаад нэмэргүй. Цагаа олсон, цаг үеэ мэдэрсэн дэмжлэг малчдад юу юунаас илүү чухал.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen
2020-11-30 18:35

Naaduulaa mart odoo. Ulaan chuluut deerees hog tuuj idej bga negniig hench orovddgui harin ch ted ulsaas yuch guihgu bhad hog shaarnuud albatai yum shig bhiin. Irj ulaam chuluut hog tuu tegeed oilgono ta nar

Zochin
Zochin
2020-11-30 19:54

Belcheer daats ene ter geed yamar ch bodlogogui baahan m#l osgood l oorsdoo eniigee oilgodog yum uu. Zud bologoor l zasag tor gedgiin. Tatvar tolohgui bj tatvar toldog bid nar mahaa unegui avdag biluu . denduu yum

ХАРАМЛАЖ СУУХААР ХЯМДХАН Ч ГЭСЭН ЗАРЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ
ХАРАМЛАЖ СУУХААР ХЯМДХАН Ч ГЭСЭН ЗАРЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ
2020-11-30 21:41

ТЭЖЭЭЖ ДИЙЛЭХГҮЙ ИХ МАЛ ӨСГӨӨД Л БАЙДАГ. ЗУД БОЛОХЫГ МЭДЭЖ БАЙСАН БОЛ ЭРТХЭН ХЯМДХАНААР Ч ГЭСЭН ЗАРЖ МӨНГӨ БОЛГОЖ БАЙСАН НЬ ДЭЭР БАЙСАН БУС УУ?
МЯНГАТ ХОНЬЧИН БАЙГААД ТАЛЫГ НЬ ЗУДААР ЯВУУЛАХ УУ, ТАЛЫГ НЬ ХЯМДХАН Ч АТУГАЙ ЗАРААД 100 МАЛТАЙ ДАРАА ОНДОО ОРОХ УУ ГЭДГЭЭ БОДОХ ХЭРЭГТЭЙ ЮМ.

Зочин
Зочин
2020-12-04 19:40

Баянцагаан сум 1 р багийн м�##�чин Баатар төр минь м�##� м�##�чин 2 оон мартаад 30 жил боллоо шүү бид яахав хувьдаа м�##�тай болсон болохоор амьдар ч л явна тэхдээ м�##�ын түүхий эд ноос ноолуураа өгчих үндэсний үйлдвэр ийг төрөөс анхаарч дэмжихгүй юм чанартай бэлдээд ч урамгүй болчихлоо гадаадын хүний мөнгө барьсан хүмүүс ирээд л сайн муугүй хамаж аваад явна эцэстээ үндэсний үйлдвэргүй болж бид нар гадаад зах зээлээс хараат болчихлоодоо энэ аюулыг анхаар ч асууд�##� дэвшүүлж өгвөл баярлах бна

Холбоотой мэдээ

Back to top button