НИЙГЭМ

ТОДРУУЛГА: Удаан хугацаанд төлөвлөсөн том халдлага орж ирсэн, харин ТӨРИЙН НУУЦ алдагдаагүй

“Эйбл софт” ХХК-иас эрхлэн гаргадаг “Able” системийг 430 гаруй төрийн байгууллага ашигладаг. Үүнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэхчлэн үндэсний хэмжээний чухал мэдээллийн “уурхай”-нууд нэрлэгдэж байгаа юм.

Тэгвэл өнгөрсөн 24 цагт Хятадын “Luckymouse” нэртэй хакерын бүлгэм тус “Able” систем рүү 2018 оноос эхлэн халдсан тухай мэдээлэл цацагдсан. Энэ тухай гаднын сайтууд хэрхэн тайлбарласныг бид дамжуулан мэдээлсэн.

“Able” системд байгууллагууд өөрсдийн файлуудыг байршуулж, хадгалдаг тул хэрэв болсон процесс үнэн бол төрийн нууцад хамаарах мэдээллүүд алдагдсан уу гэдэг асуудал тавигдаж байгаа юм.

Энэ талаар “Эйбл софт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадорж дараах тодруулга мэдээллийг өгөв.

“Зүгээр ч нэг жижиг халдлага биш, томоохон, удаан хугацаанд төлөвлөсөн халдлага орж ирсэн. Гэхдээ тэр үед яаралтай хариу арга хэмжээг авч, эрсдэлийг үгүй болгож ажилласан. Ямар нэг эрсдэл гарахаас өмнө зогсоосон гэдгийг хариуцлагатай мэдэгдье. Тухайн хакер программыг татаж авсан бүх хэрэглэгчдийн компьютерыг форматалж, сануулга зөвлөмж өгсөн. ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанд хандаж, хакеруудын IP хаягийг өгч, хамтарч ажилласан.

Гаднын сайтууд дээр 2018 онд эхэлсэн гэж мэдээлэгдэж байгаа ч яг хэрэглэгчдийн компьютер луу нэвтрэх оролдлого хийгдсэн нь 2020 онд юм.

Мөн манай системд төрийн нууц мэдээлэл оруулж болдоггүй, автоматаар хориглогддог. Иймд ямар нэг төрийн нууц мэдээлэл алдагдсан байх боломжгүй. Түүнчлэн төрийн бүх байгууллага манай системийг нэгдсэн байдлаар ашигладаг гэж ойлгож болохгүй. Нэр бүхий хэдэн байгууллага л өөрсдийн дотоод зохицуулалтаар манай системийн ашигладаг”.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button