ХЭРГИЙН ГАЗАР: Талийгаач зуухаа тениэр сольсноос болж амиа алджээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны “Сургууль”-ийн 30 дугаар гудамжны “Задгай”-д Иргэн Б-ын 4х3 метрийн хэмжээтэй дугуй засварын сендвичин барилга шатаж, иргэн Б /42 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тухай бид өмнө мэдээлсэн.
-ТАЛИЙГААЧИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЖ, ДОТРООС ЮУ Ч ҮГҮЙ ШАТАЖ ХОРЧИЙСОН ЦАХИЛГААН ТЕНЬ ГАРГАЖ БАЙХЫГ ХАРСАН-

Бид уг харамсалтай хэргийг тодруулахаар хэргийн газрыг зорьсон юм. Шатсан гэх дугуй засварыг харахад гаднаасаа гал гарсан гэхээргүй, баруун хана болон дээвэр хэсгээрээ бага зэрэг харласан байлаа. Уг засварын газрын хойно байрлах хашаанд амьдардаг иргэн Б.Д-ээс уг хэргийн тухай тодруулахад:
“2020.12.15-2020.12.16-нд шилжих шөнийн 00.00 цагийн үед гал гарсан. Онцгой байдлын автомашины дохио, чимээгээр л гал гарсныг мэдсэн. Тухайн өдөр засварын газар эрт хаасан байх. 09:00 цагийн үед гэрийхнийг ирэхэд лав хаачихсан байсан гэсэн.Талийгаач засварын газраа түрээсэлж ажилуулдаг байсан. Хоёр жил гаруй хугацаанд түрээсэлсэн. Гэр нь холгүйхэн энэ хойно байдаг юм. Архи, дарс хэрэглэдэггүй төлөв, ганц бие хүн байсан юм. Онцгойгийнхон ирээд талийгаачийн цогцсыг гаргаж, дотроос юу ч үгүй шатаж хорчийсон цахилгаан тень гаргаж байхыг харсан” гэв.
-СҮҮЛИЙН ХОЁР ӨДӨРТ НИЙСЛЭЛД ГАЛ ТҮЙМРИЙН 8 ДУУДЛАГА ИРСНИЙ ИХЭНХ НЬ ТЕНЬ ЗАЛГАСНААС ГАРЧЭЭ-
Засгийн газраас айл өрх, ААН-үүдийн хэрэглээний эрчим хүч, дулаан, ус, усан хангамж, хогны төлбөрийг долдугаар сарын 1 хүртэл төр хариуцах шийдвэрийг гаргасантай холбогдуулан цахилгааны ачаалал үүсч, зарим дүүргүүдэд хэдийн доголдол үүсээд эхэлсэн. Шалтгааныг тодруулахаар албаныхан ачаалал ихтэй хэсгүүдэд гэнэтийн шалгалтыг явуулахад иргэд гадаах модон жорлон, автомашин, эзгүй зуслангийн байраа халааж байсан гэх зөрчлүүд илэрсэн билээ. Өөрөөр хэлбэл иргэд энэ мэт эрчим хүчний үргүй зардал гаргаж буй нь цахилгаан масс үүсэх, гал гарах цаашлаад өөрийн болон хайртай хүмүүсээ аюулд оруулах эрсдэлтэй юм. Цахилгаан тень масс үүсэх, гал алдах эрсдэлтэй эсэх, ийм хэргүүд бүртгэгдэж тухай албаны мэргэжилтнээс тодруулахад:
"Хүчин чадлаас давсан цахилгаан хэрэгслийг залгуурт залгах нь өндөр эрсдэлтэй. Тухайн цахилгаан хэрэгсэл шатаад зогсохгүй, масс үүссэнээс байшинд гал алдаж болно. Иргэд ялангуяа цахилгаан тенийг өндөр хүчин чадлаар шөнийн цагаар ажиллуулж өөрийгөө, хайртай хүмүүсээ аюулд оруулах боллоо” гэв. Сүүлийн хоёр хоногийн хугацаанд Нийслэлийн ОБЕГ-т гал түймрийн 8 дуудлага ирсний ихэнх нь цахилгаан тениэс болсон аж. Уг дуудлагаар 3 болон 42 настай иргэд өртөж нас баржээ.
-ЗАМААР ОЛОН ЖИЖИГ ТЭРГҮҮД ӨНГӨРСӨН Ч ХЭН НЬ Ч ДУУДЛАГА ӨГӨӨГҮЙ-
Эх сурвалжийн мэдээлснээр: “Талийгаач Б /42 настай, эрэгтэй/ хөгжлийн бэрхшээлтэй байсан. Хэдий тийм ч дугуй засвар ажиллуулдаг хөдөлмөрч залуу байсан. Халамжийн мөнгөө авдаг түүнчлэн ковид-19-ийн үеийн хүнсний тусламжид ч мөн хамрагдсан. Архи, дарс уудаггүй ганц бие залуу байсан. Гал гараад их удсаны дараа Онцгой байдлын газраас гал сөнөөгчид ирсэн гэсэн.
Замаар олон жижиг тэргүүд өнгөрсөн ч хэн нь ч дуудлага өгөөгүй, харин ээлжээсээ бууж явсан шугамын автобусны жолооч дуудлага өгсөн байна лээ. Хэрвээ жижиг тэргийн жолоочдийн нэг нь харсан даруйдаа дуудлага өгсөн бол талийгаач амь хохирохгүй байж болох байсан. Тухайн өдөр яагаад засварын газартаа хонох болсныг сайн мэдэхгүй юм. Талийгаач засварын газраа зуухаар халаадаг байж байгаад тень болгосон юм. Цахилгааны асуудлаас болоод л гал гарах шиг боллоо” гэв.
Өдгөө эл хэргийг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шалгаж буй аж.
-СЭРЭМЖЛҮҮЛЭГ-

Иймд иргэд цахилгааны оргил ачаалалтай үеүдэд эрчим хүчний хэмнэлт хийх, шаардлагатай тохиолдолд хэрэглэдэггүй цахилгаан хэрэгсэл, эзгүй өрөөнийхээ гэрлийг унтраах, цаашлаад цахилгаан тень залгахдаа хүчин чадлыг тооцоолж тогонд залгаж хэрэглэхийг сэрэмжлүүлж байна.
О.ЭНЭРЭЛ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Б.ЭРДЭНЭБАЯР
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тень гэж юу гэсэн үг вэ? Сүүдэр гээд байгаа юм уу? Уг нь Трубчатый электронагреватель (ТЭН) гэдэг үгийн товчлол юм сан.
Харин тийм ТЭН гэхгүЙ дандаа л тэнь эсвэл Тнн гээл бичээд байдаг юмаа
Хараад зогсож байсан юм бол өөрөө дуудлага өгөхгүй яасан юм
s#a tgel uurihuru oilgoochde
Харсан хүмүүс нь дуудлага өгчихгүй. Амиа бодсон орнууд шүү нээрээ. Хойшид болгоомжтой байгаагаараа. Энд тэндгүй тэн залгав даа
Tegeed tsahilgaan ten amind haltai zuuh zugeer gesen uguu