Говьд 5000 мод тарьж, цөлжилттэй тэмцэж буй хос

Өнгөрсөн хавраас говь, хангай гэлтгүй хавар, зуны улиралд угалз ойр ойрхон босож, нэг төрлийн байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ихсэх болсон. Өөрөөр хэлбэл энэ нь газрын хөрсний шороо суларч, салхинд ихээр дэгдэн Монгол орны хөрсөнд цөлжилт явагдаж буйн илрэл юм. Энэ цаг үеийн нөхцөлд цөлжилттэй тэмцэх хамгийн оновчтой арга нь “мод тарих” гэж мэргэжлийнхэн үздэг. Гэвч улсаас төсөв гаргаж дорвитой ажил хийхгүй байгаа нь Монгол орны цөлжилтийн хувийг өдрөөс өдөрт нэмэгдүүлж буй.
Говийн халцгай шар тал, Баянхонгор аймгийн Баацагаан суманд 500 метр урт гурван эгнээ 5000 ширхэг улаан бургасыг өнгөрсөн жилийн хавар суулгажээ. Үүнийг гадуур нь төмөр хашаагаар хамгаалан малд идэгдэж, хөлд нь үрэгдэхээс хашиж тойруулсан аж. Мөн энэ газарт суулгасан бургасуудыг услахад зориулж худаг гаргасан бөгөөд арчилж торддог нэг өрх дэргэд нь амьдардаг.
АРЧИЛЖ ТОРДООД УРГУУЛСАН МОДНЫХОО СҮҮДЭРТ СУУХ САЙХАН. ЯГ Л ХҮҮХЭД ӨСГӨӨД АЧЛАЛЫГ НЬ ХҮРТЭЖ БУЙ МЭТ...
Өнгөрсөн жил энд гурван шуудуу ухаж 5000 мод тарилцсан Н.Бат-Ирээдүй, Д.Ундармаа нар эндэхийг хариуцаж, арчилж тордон амьдардаг гэр бүл юм. Тэдний хувьд 11 дэх жилдээ мод тарьж, аймаг нутгийнхандаа насаараа мод тарьж буй хоёр хэмээн танигджээ.
Тэрбээр “Анх гэрийнхээ хашаанд мод тарьж эхэлсэн. Бид модыг их хайрлаж, арчилдаг. Үүнийг нутгийнхан маань анзаарч биднээс зөвлөгөө авч, зааварлуулаад хамтдаа сумандаа мод тарих болсон. Энэ жилийн суулгах бургас маань цар тахлаас болоод ирээгүй байна. Мод тарих зохистой хугацаа хэдхэн хоноод дуусах нь, бид хоёр шуудуугаа ухаад бүх юмаа бэлдчихээд хүлээгээд л байгаа.
Өнгөрсөн жил тарьсан мод маань энэ жил овоо ургаад өнгөжөөд байгаа. Тарьсан модныхоо хажууд бид хоёр харуул хийж, арчилж амьдардаг. Байнгын сахиул хийж мал амьтан сүйд хийхээс хамгаалж байна. Улаан бургас дороосоо ургадаг учраас тийм ч өндөр ургадаггүй. газрын доор үндэс нь тэлж ургаад л байдаг юм. Гэхдээ модны ургах нь арчилгаандаа л байдаг. Бордож, усалж байх чухал. Үхрийн баас, малын бууц хийхээр сайхан ургадаг. Тэр бол байгалийн бордоо юм шүү дээ. Арчилж тордоод ургуулсан модныхоо сүүдэрт суух их сайхан. Яг л хүүхэд өсгөөд ачлалыг нь хүртэж байгаа юм шиг л мэдрэмж төрдөг” гэсэн юм.

Манай улс цөлжилттэй тэмцэж, мод тарьж эхэлснээс хойших арав гаруй жилийн хугацаанд буюу өнөөдрийг хүртэл шинээр 30 орчим сая ширхэг зулзаган мод газарт шигтгэжээ. Нэг ширхэг суулгац төрөл зүйлээсээ хамааран мянган төгрөгөөс 200 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Нийт 30 гаруй сая модны өөрийнх нь үнийг бодоход л том тоо гарна. Харамсалтай нь бидний сүүлийн 10 жилийн энэ хөдөлмөр, хөрөнгө зарсны үр дүн тод биш. Бидний тарьсан модны дийлэнх нь арчилгаагүйн улмаас борц шиг хатаж, хог хаягдал болж байна.
Иймд “Говьд нэг сая мод” үндэсний аяныг зохиож буй Менежментийн маркетинг, Барилгын инженер хосолсон мэргэжилтэй В.Дамдинсүрэнгээс уг аяны талаар лавлалаа.
-МОД ТАРЬДАГ ХҮМҮҮС МООД БОЛСОН-
-“Говьд нэг сая мод” үндэсний аяныг яагаад Баянхонгор аймгийн Баацагаан сумаас эхлэх болсон бэ?
-Яагаад Баацагаанаас эхэлсэн гэхээр Монголын нийт чихэр өвсний 60-70 хувь нь энд ургадаг байсан. Түүнийг хамгаалах гэж ойн зурвас хийж буй юм. Чихэр өвс цөлжилтөөс үүдэн устах эрсдэлтэй. Энэ бол маш сайн эмийн ургамал. Тиймээс 25км урттай газарт ойн зурвас хийж мод тарьж байгаа. Бас би энэ нутгийн хүүхэд.
-Зорилго алс хэтээ хэрхэн хардаг вэ, нэг сая модыг суулгаад цаашаа яаж үргэлжлэх вэ?
-Хамгийн гол зорилго маань говийг эзэнтэй болгох юм. Говь нутаг маань цөлжиж, иргэд нь хот руу дайжих нь ихэссэн. Цөлжилтийг боломж гэж хараад ажлын байрыг бий болгон, нутгийн иргэдийг ажлын байраар хангах, мод тарих зорилготой. Алсын зорилгоо асар том гэж боддог. Бид нар говийн бүсэд мод тарих үндэсний аяныг эхлүүлэхийн тулд 11 жил судалгаа хийсэн. Нэг газар нэг сая мод суулгаад, говийг тэр чигт нь х төлөвлөгөөтэй байгаа. Бидний төлөвлөгөө маш нарийн 2050 он хүртэл төлөвлөсөн. Маш нарийн зохион байгуулалттайгаар хийж байгаа.
Цаад агуулгадаа шилжилт хөдөлгөөний зогсоох зорилготой. Нутгаа эзэнтэй байлгахгүй бол харийнхан ирээд эзэгнэчих бий гэсэн болгоомжлол надад байдаг. Монгол улсын засгийн газар бодлогоор хот руу төвлөрүүлж суурьшуулж байгаад орон нутгийг эзгүйрээд цөөрөөд ирэхээр харийнхныг суулгах магадлал их байна. Иймээс инженерийн шийдэл маш чухал. Ийм төрлийн инженерийн шийдлийг хоёрхон улс нэвтрүүлсэн. Үүний нэг нь манай улс болж байгаа. Нөгөөх нь БНХАУ юм.

-Мод тарихад экологийн тэнцлийг олж, говьд бороо хур муу учир ус бага уудаг, хүчтэй шороо салхинд тэсвэртэй модыг тарих ёстой гэдэг юм билээ, энэ тал дээр та нар ямар бодлого баримталж байна вэ?
-Модыг тарихад инженерийн шийдэл гэж байдаг. Түүнийг Япон Солонгосын эрдэмтэд гайхаж байгаа. Энэ инженерийн шийдэл гэдэг нь модоо тариад говийнхоо усыг зохистой ашиглана. Тарингуутаа дундуур нь тэжээлийн ургамал тариална. Тариалсан тэжээлийн ургамлынхаа нөмөрт жимс жимсгэнэ тариалаад явах Монгол орныг нэг ёсондоо аврах том төлөвлөгөө юм.
Эхний ээлжид бургас, хайлаас, алтаргана, улиас гэсэн дөрвөн төрлийн мод тарих гэж байгаа. Өнгөрсөн жилийн хувьд 5000 бургас тарьсан. Яагаад бургас тарьсан гэхээр тэр нь тухайн нутгийн ургамал юм. Яг тэр нутгын газар шороонд зохицож ургадаг. Хуучин улаан, цагаан бургас их ургадаг байсан. Гэхдээ хүмүүсийн буруутай үйлдлээс болоод хэдэн жилийн өмнөөс ургахаа больсон. Тийм учраас яг л орчиндоо таарсан ургамал гэж судалж шинжилсний эцэст дүгнэсэн юм. Өнгөрсөн жил улаан бургас тарьсан. Харин энэ жил цагаан бургас тарих юм. Гэтэл цар тахлаас үүдээд явж чадсангүй. Энэ хаврын ажил зогсоход хэдхэн хоног үлдлээ. Энэ жил хайлааст бургас тариална гээд зөвхөн хайлаасыг үрээр үржүүлж байгаа. Үрээр үржүүлэхээр маш их ажил ордог юм байна. Таньдаг хүмүүсийнхээ хашааг нь гуйгаад хашаанд нь үржүүлж байгаа. Өөрөөсөө мөнгө гаргана, санхүүжилт байхгүй учраас хандив гаргана. олон хүн сэтгэл зүтгэл хандиваар энэ ажлаа тасалдуулахгүй явна. Энэ жилийн суулгах моднууд одоо ч очоогүй байгаа. Хотод үрсэлгээ хийдэг. Жил өнжихгүйн тулд зуслан, хүлэмжид гээд янз бүрийн аргаар тарьж байгаа. Цар тахлаас болоод очиж чадахгүй байгаа.

-Судалгааны баг бий юу, энэ зүйлийг хаанаас шинжилж гаргадаг юм бэ?
-Япон Солонгосын эрдэмтэд судалгаан дээр тусалж байгаа. Тэд бидэнд танай Монголыг зүүн Азийн ногоон бүс болгоно гээд амлалт өгсөн. Учир нь тэдэнд амьсгалын замын өвчин төв Азийн шорооноос болж гарч байна гэх судалгаа бий. Монголын шороо зүүн Азийн орнуудад очоод амьсгалын замын өвчин үүсгээд байгаа. Хоёрдугаарт технологийн орон учраас технологийн салбарт шар шороог аваачиж байна. Энэ бол Монголын шорооноос болж байна гэдгээ маш сайн ойлгочихсон. Манай Монголын ногоон болгоход бэлэн байгаа даанч манай улс төрчидтэй тохирч чадахгүй, асуудал үүсээд байгаа. Тиймээс надаар дамжуулаад манай төсөлд туслах болсон. Хөдөө аж ахуй агар экологийн сургуулийн тэнхимийн хамт олон бидэнтэй хамтарч ажилладаг. Тэд мундаг бодол, сэтгэл гаргаж үүнд тусалж байгаа. Тэдний туршлага, судалгааны үндсэн дээр хамтарч ажлаа явуулдаг.
-Баацагаанд аянаа даатгаж үлдээх итгэлтэй хүн олоход хүндрэл байв уу?
-Баянхонгор аймгийн Баацагаан нутгийн мод тарьдаг хоёр бий. Яагаад тэр хоёрыг сонгосон гэхээр гол нь сэтгэлтэй. Мод тарьдаг хүн моод болж байна. Гэлээ гээд хүн бүр модыг суулгаж чадах ч арчилж чаддаггүй. Харин тэр модыг тарих, арчлах сэтгэлтэй хүн маш ховор. Цалин мөнгийг нь өгье гээд ч сэтгэл гаргах хүн үнэхээр ховор.
Яагаад тэр хоёр хүнийг сонгосон гэхээр хашаандаа, хажуу айлдаа гээд нутагтаа их мод тарьдаг. Модоо сайхан арчилж ургуулсан. Яг л нутгийнхаа төлөө гэсэн сэтгэлээр тэндээ байж модоо тарьсаар байгаа. Тэр хавийн хамаг малчид нүүгээд явсан. Одоогоор 500м урттай газар гурван эгнээ мод тариад байгаа. Өдөр болгон гурван эгнээ шуудуу ухна гэхээр хэцүү. Тэр хоёр тэрийг их сэтгэлээрээ хийж, элсийг нь ярьж өгөөд одоо л мод нь гоё болж байна гээд байн байн хэлээд баярлаад ярьдаг. Мод тарьсан суулгасан бол орхих биш маш сайн арчилж хамгаалах ёстой. Тиймээс тэрийг системтэй хийх хэрэгтэй. Говийн цөлжилтийг монгол орныг аврах төлөвлөгөө гэж харъя. Дэлхийн шилдэг давсыг говиос гаргая. Шилдэг давс байтугай малын тэжээлийн үйлдвэр, хадлан тэжээлийн бэлддэг болъё. Говийн хөрс уургийн дутагдалд орсон. Тиймээс уургийн олон наст ургамлыг өндөр зардлаар нь тариална. Энэ жил төлөвлөөд Оросуудтай гэрээ хийсэн байсан. гэхдээ хөл хорионоос болоод наашаа нэвтэрч орж ирж чадаагүй.
Э.ҮҮРИЙНЦОЛМОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Говьд мод тарина гэдэг жинхэнэ сайн үйлс
Гэвч яагаад хооронд нь ийм ойрхон тарьж байна вэ ? Мод чинь ургав�##� хоорондоо нийлээд бие биедээ саад болох нь байна. Компъютерын зураг дээрх шигээ их хол зайтай байх ёстой. Сүүдэрт нь суухаар мод таръя гэвэл.
Ингэж ойрхон хөшиг мэт тарьж цөлжилт.элсний нүүдэлийг багасгадаг.зогсоодог гэсэн ийм ажил тийм амар биш х�##�уунд х�##�ах гээд ёстой л сэтгэл юм даа.ийм хүмүүсийг сэтгэлээр.эдийн засгаар ч дэмжих хэрэгтэй.төр нь харж байгаа гэж найдахаас..зарим эрхэм гэгдэх гишүүдээс ч илүү сэтгэлтэй юм даа