Есдүгээр сарын 1-ний цагаа олоогүй, “агаарын” амлалтууд
Есдүгээр сарын 1-ний өдөр төрийн гурван өндөрлөг өөр, өөрсдийн мэндчилгээг дэвшүүлсэн. Харин тэднээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын ярьсан зүйл олны анхаарлыг ихээхэн татав.
Тодруулах юм бол, Ерөнхий сайд “Англи хэлийг албан ёсоор хоёрдогч хэл болгоно” хэмээж, УИХ-ын дарга “Хүүхдүүдээс бүрдсэн мини парламент ажиллуулна” гэж хэлсэн нь шүүмжлүүлж ч, сайлуулж ч байна.
Нэг их залуу үе, ирээдүй рүү чиглэсэн шинэ бодлого, санаачилга юм шиг мөртлөө далайц, агуулга нь нэлээд өргөн. Эх хэлний тухайд л гэхэд эмзэг сэдэв. Англи хэлийг албан ёсоор хоёрдогч хэл болгочихвол олон улсын түвшинд бид хэрхэн харагдах вэ. Улам л гадаадын орныг зорьж, тэндхийн соёлд татагдаж буй залуу үе эх хэлээ сонгох уу, англи хэлийг сонгох уу. Монгол гэдэг хэлээр цөөхөн хүн ярьж, бичиж байгаа энэ үед орон зайг нь англи хэлээр шахчихвал цаашдын хэрэглээ нь хэрхэн багасах вэ. Гэх мэт олон асуултыг араасаа дагуулах, маргаан мэтгэлцээний халуун талбар мөн.
Хүүхдийн парламент ч гэсэн. Ер нь бага насны хүүхдүүдэд мэдлэг, боловсрол, амбиц өгөх гэхээс илүү дороо суурьтай, дотроо бодолтой, ууж сэтгэлтэй, хүн шиг хүн болгож төлөвшүүлэх нь л чухал. Харин орчин үед олон мэтгэлцээний клуб, ийм агуулгатай сургууль, сургалтууд гарч ирсний үрээр биедээ багтамгүй их амбицтай багачууд олширсон. Тэгээд мини парламентдаа үзэл санааны хувьд улс төрчид нь нөлөөлөл үзүүлээд, тэднээр дамжуулж бодлогоо хэрэгжүүлээд эхэлбэл бүр л дэмий.
Мэдээж зөвийг санаачилъя, урагшилъя гэсэн санаа нь сайхан юм. Гэхдээ энэ хоёроос лав өөр хийх, чухал ажил олон байна. Эдийн засаг элгээрээ хэвтэж, масс хүүхдүүдийн боловсролын түвшин дундаж дүнгээрээ доошилсоор буй энэ үест хөрсөн дээрээ л буух хэрэгтэй.
Г.САНСАРМАА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дарга нар маань ямар ч хэрэггүй, амьдралд нийцэхгүй зүйлийг бодох санахгүй юмгүй л туучихаад байх юм даа. Гэтэл ард түмэн ковидын үеийн, яг энэ цаг үед улс орон, ард түмний өмнө тулгамдаад байгаа, цаг алдалгүй хэрэгжүүлэх, оновчтой, шударга зөв бодлого, гарц гаргалгааг л хүсээд байна.
Huuhdiig onts surahaas iluu,hunleg,shudarga,bagaar ajillaj surah g/m zuild iluu surgah heregtei bna