БАЙР СУУРЬ: Цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэх талаар хэн, юу ХЭЛЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болж байна.

Уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнөөдрийн байдлаар 232 мянга гаруй иргэн халдвар авч, 963 хүн халдварын улмаас нас барсан. Аюулт цар тахлын улмаас амь насаа алдсан иргэдийн ардаас харамсан гашуудаж байна. Тэдний ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Цар тахлаас ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийн уналтыг зогсоох, сэргээх чиглэлээр төр засгаас тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттай авч хэрэгжүүлж ирсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн судлаачдын дүгнэлтээр Монгол Улсад хийгдэж буй дархлаажуулалтын ажил харьцангуй хурдтай явагдаж байна.
Дэлхийн дундажтай харьцуулахад ойролцоогоор зургаан сараар түрүүлж байна. Нийт хүн амын 65 хувь нь буюу 2.1 сая хүн хоёр дахь тунд бүрэн хамрагдсан. Энэ үзүүлэлтээр Монгол Улс дэлхийн улс орнуудын эхний аравт багтаж байна. Засгийн газар гурав дахь тунгийн вакцинжуулалтын ажлыг наймдугаар сарын 30-аас эхлүүлсэн. Бидэнд тооцоолж чадаагүй олон бэрхшээл саад гарсан. Цаашид бид бодлого стратегиа улам чамбайруулж, хичээх шаардлага байна. Эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа мэргэжлийн хяналт болон бусад хүчний байгууллагууд ААН, хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Монгол нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна. Цар тахлын дараа хэвийн байдалд орохгүй гэж ихэнх улс гүрнүүд үзэж байна.
Коронавирустай тэмцэх шалгарсан арга вакцинаас өөр олдоогүй байна. Цар тахлыг хохирол багатай даван туулахад төр хувийн хэвшлийн ойлголцол нэн чухал байна. Хэрүүл тэмцлээс хол байх нь чухал. Монгол Улс нэн ядуу, бага орлоготой иргэдээ дэмжих тодорхой дэмжлэгүүд олгосон. Иргэдээ дэмжих, бараа бүтээгдэхүүний өсөлтийн эсрэг арга хэмжээ авч ажиллаж байгаа. Цар тахлын улмаас өнгөрсөн онд эдийн засаг 4.5 хувиар агшсан ч энэ оны эхний хагас жилийн байдлаар 6.3 хувиар өсч, сэргэлт ажиглагдаж эхэллээ. ДЭМБ, эрдэмтэн судлаачдын дүгнэлтээр манай улсад хийж буй дархлаажуулалт харьцангуй хурдтай үргэлжилж байна. Дэлхийн дундажтай харьцуулахад ойролцоогоор зургаан сараар түрүүлж байна. Манай улсын иргэдийн 65 хувь нь дархлаажуулалтын хоёр тунг хийлгэжээ. Дархлаажуулалт нь цар тахлыг хохирол багатайгаар даван туулахад тус болно” гэлээ.

Буян компанийн захирал Б.Жаргалсайхан “Би энгийн зүйлээс ажил амьдрал эхэлдэг юм ээ гэдгээр хэдэн зүйл хэлье. Архины асуудал хэрээс хэтэрлээ. Архичид их боллоо. Ажил хийдэг хүн алга байна. Цалингаа аваад хоёр гурван хоногоор алга болчихдог. Архины татвар нэмэх хэрэгтэй байна. Хөдөө явна бүгдээрээ согтуу, хотод ирнэ согтуу. Одоо үүнийг цэгцлэх цаг болсон. УИХ-ын даргад спиртийн онцгой албан татварын хууль нэн яаралтай санаачилж оруулж ирээч ээ гэж хэлмээр байна. Хоёрдугаарт, Засаг дарга, ИТХ, гээд бүгдээрээ улсын төсвөөс халбагаддаг. Орон нутгийн төсвийн 50 хувийг орон нутгийн татвараас бүрдүүлдэг больё. Улсын төсвөөс бүгдийг нь халбагаддаг баймааргүй байна. Гуравдугаарт худалдааны яамтай болмоор байна. Японоос баахан машин оруулж ирдэг. Эргүүлээд гаргаж байгаа зүйл алга. Үүнийг зохицуулдаг яамтай болмоор байна. Би тэр яамны сайд болох гээгүй шүү. Жагаа сайд болох гэж байна гээд байв аа” гэлээ.

Шунхлай группийн Ерөнхийлөгч П.Батсайхан “Цар тахал бидний амьдралыг ихээхэн өөрчиллөө. Үүний дараа дэлхий хоёр хуваагдана. Нэг талаас цар тахлыг амжилттай даван туулсан улсууд, нөгөө талд тахлын өмнө сөхөрсөн, эдийн засаг нь туйлдсан орнууд байх болно. Энэ эгзэгтэй үед тэсэж үлдэх нь Засгийн газар , УИХ-ын гишүүдийн алсын хараа, манлайллаас шууд хамаарна. Бид мэргэжлийн амбиц гарган, хүнд суртал үзүүлж, нутаг усны талцалд хуваагдах нь хөгжлийн хамгийн том чөдөр тушаа болж байв. Эдийн засгийн хамгийн хүнд ачааг хувийн хэвшил үүрч ирлээ. Цаашдаа ч үүрэх ёстой гэдгээ ухамсарлаж байна. Яг одоо төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа ус агаар мэт хэрэгтэй байна гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хүүхдийн мөнгийг бэлнээр хүүхэд бүр олгох нь хүүхэддээ бүрэн хүрч чадахгүй байна. Энэ нь нөгөө талаараа халамжийн бодлогыг нэмэгдүүлж хөдөлмөр эрхлэхгүй байх сэдлүүдийг бий болгож буй. Тиймээс хүүхдийн мөнгийг ирээдүйд бэлнээр нь олгох бус тухайн хүүхдийн хадгаламжийн данс руу хийдэг байх бодлогыг баримтлана. Хүүхэд тодорхой цаг хугацаанд энэ мөнгөө хадгаламжаар аваад тухайн иргэн амьдралын зах руу хөл тавих үед 15-20 сая төгрөгийн хадгаламжтай байх болно. Ингэснээр ирээдүй боловсрол, ирээдүйн эрүүл мэнд, ирээдүйн орон сууцтай иргэнийг бид бий болгож чадна” гэв.

МСS группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал “Манай эдийн засаг зэс, алт, нүүрс, цайрын орлогоос бүрддэг. Зэс, алт нийлээд 2 тэрбум ам.долларын экспорт хийдэг. Зүүн баяны төмөр зам ашиглалтад орвол төмрийн хүдрийн борлуулалт өснө. Нүүрсний тухайд өнөөдөр 2 тэрбум ам.долларын орлого авчирдаг. Одоо нүүрсний үнэ оргил үедээ байна. Гашуунсухайт, Шивээ хүрэнгийн хилийн боомтын терминалыг яаралтай ашиглалтад оруулах шаардлага бий. Худалдааны санхүүжилтийн хэрэгслийг хурдан шийдвэл том төслүүдэд Засгийн газрын баталгаа чухал үүрэгтэй. Төр хувийн хэвшил хамтран ажиллах гэж байгаа бол Хөгжлийн банк, Засгийн газрын баталгаа эерэг нөлөө үзүүлдэг хэмээн ярилаа.

“Эрдэнэт Үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэн: Цар тахалтай холбоотой асуудлаас эхлэмээр байна. Манай үйлдвэрийн ажил нэг минут, нэг секунд ч зогсох эрхгүй. Ажилчид бүгд вакцинжуулалтад хамрагдсан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 640 тэрбумын санхүүжилт олгосон. Он дуустал 400 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хийнэ. Үүнийг асуудалгүй хийнэ. Одоогийн Ерөнхийлөгч Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа, одоогийн Ерөнхий сайд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн дараагийн 15 жилд хэрэгжүүлэх ажлыг баталж өгсөн. Үүний дагуу бүх асуудал тодорхой болсон.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Батсайхан зөв үг хэлсэн байна бид улс орноо эдийн засгийн хөл дээр нь зогсоохын тулд