Б.Өлзийбаяр: Шатахууныг үнэтэй ч хамаагүй нийлүүлэх хэрэгтэй

Сүүлийн хэдэн өдөр шатахуун тасалдаж, үүнтэй холбогдох мэдээллүүд урссаар байна. Шатахууны тасалдал манай улсын эдийн засагт ямар нөлөөтэй болохыг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга, Эдийн засагч, “Ард капитал” компанийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяраас тодрууллаа.
Тэрбээр, “Шатахуун үнэ нэмэгдэх эсэх нь дэлхийн газрын тосны үнэтэй шууд холбогддог. Үнэ нэмэгдэх асуудал нь дэлхийн зах зээлд газрын тосны эрэлт ихсэж, түүнийгээ нийлүүлж дийлэхгүй болсноор өсдөг. Харин бензиний үнэ нэмэгдэхэд бүх юмны үнэ дагаад өснө. Одоогийн байгаа 8.9 дээр тогтсон инфляц цаашид дахин нэмэгдэнэ. Ингэхээр бидний мөнгө үнэгүйдэж, гар дээр ирэх барааны тоо цөөрөх юм.
Эдийн засагт маш их хор уршигтай. Богино хугацаанд асуудлаа шийдэхгүй бол хүнд нөхцөлд шахагдана. Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалж эдийн засаг тэртэй тэргүй хүнд байгаа. Эргээд сэргэхэд маш хүнд нөхцөл рүү орж байна.
Инфляцын түвшин шатахуун тасалдсанаар дахин нэмэгдэнэ. Үүнийг дарахын тулд бодлогын хүүг хэвээр нь үлдээх үү гэх асуудал хөндөгдөж нэмэгдүүлэх шаардлага гарна. Харин бодлогын хүүг нэмэгдүүлбэл зээлтэй холбоотой асуудал үүснэ. Санхүүжилттэй холбоотой маш том асуудлуудыг ар араасаа дагуулна.
Шатахууныг үнэтэй ч хамаагүй бүх хүчээ дайчлаад худалдаалах чухал байгаа. Үнэтэй байсан ч нийлүүлэх боломжоо хайх хэрэгтэй.
Манай улсад нэг буруу бодлого байдаг. Үүсмэл үнэт цаасны зах зээл гэж бий. Тасалдах эрсдэлийг урьтаж хараад дэлхийн зах зээлд газрын тос хямд байгаа үед нь нөөцөлж авах чухал. Үүсмэл үнэт цаасны зах зээлийг хэрэгжүүлж, энэ чиглэлд анхаарч ханддаг болмоор харагддаг. Энэ мэт эдийн засгийн тоглолтуудыг хийчихвэл үнэд орсон хойно нь хүчээ барахгүй” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.