Ярилцлага

Ө.Батбилэг: Хөгжилтэй бичлэгээс тэс өөр төрлийн шинэ контент эхлүүлж, өөрийгөө өөр өнцгөөс харуулна

“Батбилэг-Өлзий”. Энэ нэрийг уншингуутаа “Өө, нөгөө нэг хөгжилтэй, гоё, гоё бичлэг хийдэг залуу байна. Тэр бичлэгийг нь үзээд ёстой элгээ хөштөл инээсэн” гэж буй уншигч цөөнгүй байгаа нь мэдээж. Түүнийг манай уншигчид хамгийн сайн мэднэ, ялангуяа  контентууд, дуу хоолойгоор нь. 309.000 дагагчтай “Batbileg Ulzii” пэйж хуудсаараа дамжуулан хүмүүст инээд хөөр, ухаарал бэлэглэн, олон мянган рекламанд дуу оруулсан түүнийг Ө.Батбилэг гэдэг. Олон хүн түүнийг “Батбилэг-Өлзий” л гэдэг.

Хүмүүс Ө.Батбилэгийг маш сайн мэддэг юм шиг хэрнээ мэдэхгүй. Учир нь тухайн контент, дуу оруулсан рекламд түүний царай ил гардаггүй. “Янзын сэтгэжээ. Хошин мэдрэмж нь ёстой нэг тултал хөгжсөн хүн үүнийг хийдэг байх” гэж дуу алдсан хүн олон гэдэгт эргэлзэхгүй байна. Тийм л хошин мэдрэмжтэй, хөдөлмөрч, супер залуу Ө.Батбилэгтэй ярилцлаа.

Рекламанд дуу оруулахын хажуугаар хошин, хөгжилтэй контент хийн, эрүүл мэндийн “Ай ёо доктор” нэвтрүүлгийг хөтөлдөг тэрбээр хэвлэлд анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгч байгаа нь энэ.   

-Юуны өмнө үрийн зулай үнэрлэн, аав болсонд нь баяр хүргэе.

-Баярлалаа. Намайг зочноор урин, ярилцаж буй “Eguur.mn” сайтын хамт олонд баярлалаа. Би танай сайтын байнгын уншигч, цаг үеийн үйл явдал, мэдээ, мэдээллийг шуурхай авч чаддаг. Видео контентуудыг нь үзэх дуртай. Байнга зочилдог сайтдаа өөрөө зочноор уригдах сонирхолтой санагдаж байна.

Хүүхэд минь сар гарантай. Би өнгөрсөн шөнө л гэхэд 04.00 цаг өнгөрөөгөөд унтсан, дутуу нойртой явна. Ер нь эхнэртээ аль болох туслах, дэм болох, хүүхдээ сайн харах, халамжлах гээд зав муутай л байна.

-Та хамгийн сүүлд “Учиртай” нэртэй контентоо цацсан. Аав болсны тань дараа ийм сэдвээр контент хийх санаа төрсөн үү?

-Тэгсэн. Ерөөсөө миний амьдралаас урган гарсан сэдэв. “Учиртай” гэлтгүй бусад бичлэгийнхээ санааг би амьдралаас, бусдаас сонссон, ярьсан зүйлсээс олдог. Юу үзэж харж, туулж буй нь хийж буй контентод их нөлөөлдөг. Эцэг, эхчүүд үр хүүхдээ бүхий л амьдралынхаа турш хайрладаг, санаа нь зовдог гэсэн санааг “Учиртай”-гаар илэрхийлэхийг хүссэн.

-Одоогоор нэг сая гаруй хүн үзэн, “Яг тэр учиртай дээр явна” гээд цахим хуудсандаа шэйрлэсээр байна. Амьдралд ойр сэдвээр хийх тусам олны сонирхлыг илүү их татаж байгаа нь мэдээж.

-Яг тийм. Амьдралд түлхүү тохиолддог, тохиолдож байсан, ирээдүйд тохиолдож мэдэх зүйлийг хөндөөд хийхээр хүмүүс илүү их сонирхдог. Тиймээс би контентоо хэт фантази бус амьдралд ойр, энгийн сэдвээр түлхүү хийдэг.

-“Batbileg Ulzii” пэйж хуудсаараа дамжуулан одоогоор хэчнээн контент хийгээд байгаа билээ?

-“Яг тэд боллоо” гээд нарийн тоолж байгаагүй юм байна. Барагцаагаар лав 80 гаруй бичлэг хийсэн. Би 2018 оноос өмнө хийсэн контентоо хувийн фэйсбүүк хуудсандаа нийтлэдэг байсан. Тэнд 30-аад бичлэг бий. Тэгэхээр нийт 100 гаруй бичлэг хийгээд байгаа.

-Үндсэн мэргэжил тань рекламны дуу оруулагч. Зургаадугаар ангид байхдаа FM-д ажиллаж, эл мэргэжилдээ хорхойссон гэж дуулсан. Үнэн үү?

-Тийм ээ. Нээрэн энэ талаар өмнө нь хэвлэлд огт ярьж байгаагүй юм байна. Би Дорнод аймагт төрж, өссөн. Зургаадугаар ангид байхдаа сонирхож, шимтсээр FM-д хөтлөгчөөр ажилд орж байлаа. Одоо бодоход их зоригтой байж. Дуу хоолойны өнгө, ур чадвар ямар байсан нь тодорхой. Рекламны дуу оруулагч болж, энэ салбарт тууштай ажиллаж яваа минь тэндээс эхлэлтэй.

Багаасаа өгөгдөлтэй байсан эсэхийг сайн мэдэхгүй. Би нэг удаа өрөөндөө, зурагтны өмнө удирдлага барьчихсан өөртэйгөө ярилцаад зогсож байсан гэнэ лээ. Тухайн үед би бүр жаахан байсан. Энэ тухай ээж минь надад ярьж өгсөн юм.

Сургуульд орсныхоо дараа үргэлж радио, FM сонсоно. Хөтлөгчийн яриа, хоолойных нь өнгө, ур чадвар миний сонирхлыг их татдаг байв. “Ямар гоё юм бэ” гээд л. Гавьяат жүжигчин Чулуунбат гуай зэрэг ган хоолойтнуудыг үнэхээр их сонсож, үлгэрлэж өссөн. Орондоо орсны дараа ч FM сонсоно. Заримдаа чихэвчтэйгээ унтчихна. Тэр бүхэн намайг энэ мэргэжилд дурлахад, өнөөг хүртэл амьдралаа холбоход их нөлөөлсөн. Дуртай зүйлээ, сэтгэл хангалуун хийгээд явах шиг сайхан зүйл үгүй.

-Ерөнхий боловсролын сургууль төгстөлөө Дорнодынхоо FM-д таван жил ажиллан, дараа нь Япон руу явсан юм билээ. Мэргэжлээрээ сурсан юм уу?

-Үгүй ээ, хэлний чиглэлээр сурсан. Би 2011 онд Монголд ирсэн юм. Японоос ирснийхээ дараа хотын амьдрал сайн мэдэхгүй, хөлөө олох амаргүй байсаан. “Юу хийх вэ, яах вэ” гэж нэлээд бодлоо. Тэгж байгаад FM-д хөтлөгчөөр дахин ажиллахаар шийдсэн юм. Тэнд 2018 он хүртэл ажилласан.

-Одоо хувиараа ажиллаж байгаа юу?

-Тийм ээ. Одоо хийж буй зүйлс маань гэрээр, хувиараа ажиллахад илүү тохирдог. Тиймээс одоогоор хувиараа ажиллах, гэр оффистой байхыг илүүд үзэж байна. Би Монголын дийлэнх студи, продакшнтай хамтардаг.

-Одоогоор ойролцоогоор хэчнээн рекламанд дуу оруулаад байгаа бол?

-Наадах чинь их сонирхолтой асуулт байна. 2011 оноос хойш рекламанд дуу оруулж байгаа гэхээр есөн жилийн ажил. Энэ хугацаанд олон рекламанд дуу оруулж. Яг нарийн тоо байхгүй. Ойролцоогоор 6000 гаруй лав бий.

Дорнодын FM-д ажиллаж байхдаа хөтлөгч л хийдэг байсан. Одоогийн хоолой уншдаг программ энэ тэр дээр ажилладаггүй байсан юм. 2011 онд хамгийн анх “Шар доктор”-ын рекламыг уншиж байлаа. Тухайн үед ёстой туршлагагүй, бүтэн өдөржин болсныг сайн санаж байна. Өөрийгөө голоод дахин, дахин уншсан. Ер нь анх сурч байхад дахин, дахин алдах, удаан хугацаа зарцуулах зэрэг бэрхшээл гарсан. Заримдаа нэг рекламанд дуу оруулахын тулд долоо хонох энүүхэнд. Одоо сурчихсан, аль болох мэргэжлийн түвшинд, шуурхай хийж өгөхийг чухалчилдаг.

-Рекламанд дуу оруулахын хамгийн сайхан нь юу вэ?

-Манай мэргэжилд сайхан зүйл олон. Нэгдүгээрт, би мэргэжилдээ, энэ ажилдаа маш их дуртай. Энэ хамгийн сайхан нь. Миний дуу оруулсан реклам энд, тэндгүй цацагдан, хүмүүс сонирхон үзэж буй нь надад күүл санагддаг, кайфтай.

-Дуу оруулсан рекламаа үзэх, хоолойгоо сонсоход анхандаа ямар мэдрэмж төрдөг байв?

-Аягүй эвгүй мэдрэмж төрдөг байсан. Хүний дуу хоолой зориулалтын төхөөрөмжинд ороод, гарахдаа өөр сонсогддог. Энгийн дуу хураагчин дээр хоолойгоо хураачихаад дараа нь сонсохоор ямар байдаг билээ. Яг түүнтэй төстэй.

-Та үндсэн ажлынхаа хажуугаар “Batbileg Ulzii” пэйж хуудсаараа дамжуулан хөгжилтэй, сонирхолтой контент хийдэг. Ийм бичлэг хийх санаа анх хэрхэн төрсөн бэ?

-Ер нь “Сошиал контент хийнэ дээ” гэж бодож явсан юм. “Рекламанд дуу оруулдаг юм чинь ийм сонирхолтой бичлэг хийж яагаад чадахгүй гэж” хэмээн бодсон. Өөрийгөө шинэ зүйлд сорих, хөгжүүлэхийн тулд анх эхлүүлсэн юм.

Анх “Юу гээд байгаа юм бэ” гэж орилдог эмэгтэйн бичлэг дээр дуу оруулан, анхны контентоо хийсэн. Санаандгүй байтал тэр бичлэг олонд их хүрсэн. Тэгэхэд “Хөөх, бичлэгт ингэж дуу оруулаад цацвал хүмүүс их сонирхох юм байна. Би чадах юм байна” гэдэг итгэл төрж, урамшсан юм.

-Тухайн үед трэнд болж буй сэдвийг мэдрэх, тохирсон дүрс сонгон, текст бичээд, шуурхай хийх их чухал. Тухайн контентоос шалтгаалан хийх хугацаа харилцан адилгүй болов уу. Ер нь дунджаар хэр хугацаа зарцуулдаг вэ?

-Янз бүр. Контент бүрт зарцуулсан хугацаа харилцан адилгүй. Цагийн  дотор хийсэн бичлэг ч бий. Нэг дүрс л ашигласан, олон кино холиогүй контентыг богино хугацаанд хийх боломжтой. “Чимээгүй шинэ жил” гэдэг нэртэй бичлэгийг богино хугацаанд хийсэн. Шинэ жилийн баярыг хориглох захирамж гарангуут нь шуурхай хийсэн юм.

Би хийсэн юмаа их голдог, хэр баргийн юм санаанд хүрдэггүй. Надад устгасан бичлэг олон бий. Голоод л устгачихсан юм. Цацсан видеогоо үргэлж үздэг.

Контент хийхэд анхандаа би их уддаг байсан. Долоо хоносон удаа ч цөөнгүй. Туршлагагүй тул хэрхэн, яаж хийх вэ гэж бодон, өдөржин эвлүүлдэг байлаа. Эхэндээ найзуудаа гуйгаад эвлүүлүүлдэг байсан юм. Ерөнхий санааг нь хэлье, ашиглах кино, бичлэгүүдийг нь татчих гэдэг байв. Хоолойг нь уншаад өгнө. Найзыгаа гуйна, цаг завыг нь харгалзана. Хийснийх нь дараа дахиад юм засуулахаас санаа зовно.

Видео контент хийхийн тулд эвлүүлгийн программ дээр ажиллаж сурах чухал гэдгийг ойлгосон юм, надад ч хэрэгтэй. Ноцолдож, оролдсоор байгаад өөрөө эвлүүлж сурсан, “premier” дээр. “За, ёстой сайн боллоо” гэж сэтгэлд хүрсэн үедээ л бичлэгээ цацдаг. Олон контент хийх сонирхолгүй. Цөөн тооны чанартай бичлэг хийхийг хүсдэг. Чанаргүй олноос чанартай цөөн нь дээр. Миний бичлэгийг үзээд зүгээр нэг инээгээд өнгөрөх бус ямар нэгэн зүйл ухаарч, ойлгоосой, олж хараасай гэж хүсдэг.

-“Энэ ёстой гоё болж” гэж урамшсан, дахин дахин үзэх дуртай бичлэг аль нь вэ?

-Тийм бичлэг олон бий. “Гоё санаа, шийдэл олж” гэж бодсон, урамшсан контентуудын нэг нь “Навчаа, Навчаа. Хаалгаа тайл” гэдэг бичлэг. “Тавилан” гэдэг нэртэй тэр бичлэгээ би үзэх дуртай. “Ноцтой мэдээ”-гээ бас үзэх дуртай.

Инээдмийн, хошин бичлэгээс гадна бусдад урам зориг, ухаарал хайрласан, итгэл өгсөн контент хийх дуртай. “Итгэл”, “Мэдлэг гэж юу вэ”, “Өгөгдөл”, “Үнэ цэнэ” зэрэг бичлэгүүддээ хайртай.

“Юу хийвэл хүмүүс их сонирхох вэ, өнөөдрийн трэнд сэдэв юу вэ” гэж их судалдаг. Тухайн үеийн онцлох сэдвээс гадна олон нийт юу сонирхож буйг мэдрэх их чухал. Ингээд бодохоор надад нэг давуу тал бий. Оффисын ажилтай хүмүүс фэйсбүүкт орох цаг зав төдийлөн гардаггүй. Би хувиараа ажилладаг тул нэг сэдэв трэнд боллоо гэхэд шуурхай хийх боломжтой.

-Бичлэгийнхээ зохиол, тэкстийг та өөрөө бичдэг үү?

-Тэгдэг. 100 хувь өөрөө бичдэг. Өөрөө өөртэйгөө л тулж ажилладаг. Мөр, толгойг нь яаж холбох, санаагаа хэрхэн илэрхийлэх вэ, ямар үг илүү тохирох вэ гээд л боддог. Текст богинохон байх тусмаа хэцүү. Зар сурталчилгаан дээр энэ олон жил ажилласан болохоор надад нэг давуу тал бий. Тэр нь үг сонгох, үгэн дээр ажиллах чадвар. Зөвхөн миний бодлоор ганц нэг трэнд үгнүүд одоо хоцрогдсон. Жишээлбэл, хамгийн, №1. Бүх л юмыг хамгийн, №1 гэж тодотгосоор байгаад одоо бүр улиг болчихсон. Тиймээс аль болох шинэлэг үг ашиглахыг чухалчилдаг.

-Амьдрал дээр Ө.Батбилэг хэр шооч, алиа вэ?

-Манай найзууд намайг өөр гэдэг. Би ер нь даруухан, дуу цөөнтэй.

-Бичлэгээ зөвхөн ганцхан пэйж хуудсаараа цацдаг. Яагаад олон сувгаар цацдаггүй юм бэ?

-Энэ талаар энд, тэнд ярьж байгаагүй юм байна. Олон сувгаар цацахаар юу ч үгүй болчих вий гэж болгоомжилдог. Тийм учраас зөвхөн пэйж хуудсаараа цацдаг, хүмүүс ганцхан сувгаар л миний бичлэгийг хүлээж авах боломжтой. Орчин цагт хамгийн хандалттай суваг юу вэ. Мэдээж фэйсбүүк. Би аль болох гэгээлэг, сайн сайхан зүйлд уриалсан контент хийхийг чухалчилдаг. Үүнд фэйсбүүк илүү тохирдог.

Цаашид хийх зүйлсээ төлөвлөчихсөн байгаа. Одоо ер нь “YouTube” руу орно, цаг нь болсон.

-“YouTube”-д ямар контент хийх вэ?

-Одоо хийж буй хошин контентоос тэс өөр байх тусмаа зүгээр. Хүмүүс намайг мааз, хөгжилтэй юм хийдэг залуу гэдгээс өөр өнцгөөс хараасай. Нийгэм рүү чиглэсэн, залуучуудад хандсан гоё, гоё зүйл хийхийг хүсэж байна. Нээрэн “YouTube”-д миний нэрээр хэд хэдэн хуурамч хаяг нээчихсэн байна лээ.

-Таны өмнөөс өөр хүн нээчихсэн гэсэн үг үү?

-Харин тийм ээ. Хуурамч хаяг гэсэн үг.

-FM-д хөтлөгч хийлгэх, кинонд дуу оруулагчаар ажиллуулах санал хэр их ирдэг вэ?

-Ирдэг, ирдэг. Би киноны дүрсэн дээр дуу оруулаад сошиал контент хийдэг болохоос мэргэжлийн дуу оруулагч биш. Кинонд дуу оруулагч тусдаа мэргэжил, үнэхээр супер, авьяастай хүмүүсийн л хийж чадах ажил.

-Та эрүүл мэндийн “Ай ёо доктор” нэвтрүүлгийг хийдэг. Одоо үргэлжлүүлэн хийх үү?

-“Ай ёо доктор” одоо хийж буй хошин контенттой чацуу, зэрэг эхлүүлсэн. Манай нэвтрүүлэг хагас жил шахам завсарлачихсан байсан. Ирэх долоо хоногоос зураг авалтдаа орж, үргэлжлүүлэн хийнэ. Танил, найз маань “Ай ёо доктор”-ыг хариуцдаг, би хамт хөтөлдөг. Эрүүл мэнд маш чухал. Би энэ нэвтрүүлэгтээ маш их хайртай, хийх дуртай.

-“Ийм л сэдвээр, энэ асуудлыг хөндсөн контент хийх юм сан” гэж зорьж, хүсэж яваа зүйл бий юү?

-Би сошиал хуудсаараа дамжуулан санаа, оноогоо илэрхийлээд явдаг залуу. Хүн инээх, хөгжилдөх дуртай. Дуртай зүйлээр нь дамжуулан хэрэгтэй зүйл хүргэхийг хүсдэг. “Ийм л сэдвээр хийгээд, энэ асуудлыг хөндөх юм сан” гэж үргэлж бодож явдаг нэг санаа бий. Тэр бол архидалт. Удаан хугацаанд бодож, төлөвлөж яваа сэдэв. Би архи огт уудаггүй. Архигүй, алкохольны хэрэглээгүй амьдаръя гэж залуустаа уриалъя.

-Хоёулангийнх нь ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Цаашдын уран бүтээл, амьдралд нь сайн сайхныг хүсье.

-Баярлаа. “Eguur.mn” сайтын хамт олонд баярлалаа. Би өмнө нь хэвлэлд ингэж дэлгэрэнгүй ярилцлага өгч байгаагүй. Яах вэ, ганц нэг нэвтрүүлэгт хүмүүстэй хамт оролцож байсан. Тиймэрхүү үед ерөнхий зүйл яриад л өнгөрдөг. Яг ингээд ганцаараа оролцоод, хувийн амьдрал, ажлынхаа талаар ярих их сонирхолтой байлаа. Өөрийнхөө амьдралын талаар анх удаа дэлгэрэнгүй ярилаа. Та бүхэнд баярлалаа, ажлын өндрөөс өндөр амжилт хүсье.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

“Batbileg Ulzii”-гийн зарим сонирхолтой бичлэг:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 22, 2021 10:15

Наашаа хараачдээ гээд. Утсаа нүддэг 2 гоё тэ

Зочин
Зочин
10 сар 22, 2021 10:27

Яаж ингэж сэтгэж пм хийгээд байдаг байна аа тиймээ

Зочин
Зочин
10 сар 22, 2021 12:12

lag lag yrih ymgui ugaasaa

Холбоотой мэдээ

Back to top button