Өнөөдөр Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойн өдөр

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Түүх сөхвөл, БНМАУ-ын Засгийн газар 1946 оны зургадугаар сарын 21-нд НҮБ-д гишүүнээр элсэх хүсэлтээ анх удаа гаргаж байсан аж. НҮБ-д гаргасан өргөдөлд, БНМАУ нь Герман, Японы эсрэг дайнд идэвхтэй оролцсоноо дурдаад, нэгдсэн үндэстний үйл хэрэгт Монголын ард түмний оруулсан хувь нэмрийг Аюулгүйн зөвлөл, Ерөнхий ассамблей анхааран үзэж, НҮБ-д элсэх БНМАУ-ын хүсэлтийг зөвшөөрнө гэдэгт итгэж байгаагаа мэдэгдэхийн хамт БНМАУ нь НҮБ-ын дүрмийн бүхий л заалтыг хэлбэрэлтгүй дагаж мөрдөхөө илэрхийлжээ. Гэвч БНМАУ олон улсын хамтын нийгэмлэгт элсэх асуудал багагүй саад бэрхшээлтэй тулгарч байсан бөгөөд манай улс тус байгууллагад элсэх хүсэлтээ 1948, 1955, 1956 онд дахин гаргав.
НҮБ-д элсэх асуудал удаа дараа хойшлогдож байсан боловч Монгол Улсын төр засаг, ард түмэн энх тайвны төлөө тэмцлээ үргэлжлүүлсээр байв. 1950 оны дөрөвдүгээр сард БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид Энх тайвны талынхны их хурлын байнгын хорооны анхаарал бичгийг зөвшөөрөн дэмжиж байгаагаа илэрхийлсэн тунхаг гаргав. 1949 онд Монголын энх тайвныг хамгаалагчдын бага хурал, 1950 оны аравдугаар сард энх тайвны талынхны бүх Монголын үндэсний анхдугаар их хурал хуралдаж, Энх тайвныг хамгаалах Монголын үндэсний хороог байгуулжээ. БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдээс 1951 оны хоёрдугаар сард дайны тухай суртал нэвтрүүлэг хийхийг хориглосон “Энх тайвныг хамгаалах тухай хууль” гаргасан байна. БНМАУ-ын зүгээс гаргаж буй энх тайванч санал санаачилга, идэвхтэй үйл ажиллагаа нь олон улсын анхаарлыг ихээхэн татаж байлаа.
1955 онд НҮБ-д элсэхээр өргөдөл өгсөн 18 улсыг нэгэн зэрэг элсүүлэх тухай Швед зэрэг 28 орны саналыг НҮБ-ын Ерөнхий ассамблей дэмжсэн байна. Гэвч Аюулгүйн зөвлөл уг асуудлыг хэлэлцэхэд Чан Кай Ши-гийн төлөөлөгч БНМАУ-д хориг тавьжээ. Харин 1961 оны аравдугаар сарын 25-нд Аюулгүйн зөвлөлөөр БНМАУ, Мавритан хоёр улсыг НҮБ-д элсүүлэх тухай хэлэлцэж, НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 16 дугаар чуулганы 1043 дахь Бүгд хурлаар гаргасан 1630 дахь тогтоолд: 1961 оны аравдугаар сарын 25-нд БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэхийг шийдсэн “Аюулгүйн зөвлөл”-ийн зөвлөмжийг хүлээн авч, мөн БНМАУ-ын гишүүнээр элсэхийг хүссэн өргөдлийг харгалзан үзсэний үндсэн дээр БНМАУ-ыг НҮБ-ын гишүүн болохыг зөвшөөрөв гэжээ. Улмаар социалист 11 улс, мөн Энэтхэг, Индонез, Ирак, Египет зэрэг 23 орны төлөөлөгчдийн хамтран оруулсан тогтоолын төслийг Ерөнхий ассамблейн XXVI чуулганаар хэлэлцээд 1961 оны аравдугаар сарын 27-нд БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр баталжээ.
1961 оны арванэгдүгээр сарын 17-ны өдрийн МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 372-р тогтоолоор БНМАУ-аас НҮБ-д суух Байнгын төлөөлөгчийн газрын орон тоог 12 нэгжээр баталж, Баярын Жаргалсайханыг Байнгын төлөөлөгчийн Тэргүүнээр, О.Дамдиндоржийг нэгдүгээр нарийн бичгийн даргаар, Б.Орсоог хоёрдугаар нарийн бичгийн даргаар, Цэрэн-Очирыг атташегаар тус тус баталсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.