Нийгмийн

ВИДЕО: Хөгжлийн онцлогтой сурагчдадаа зориулж ФИЗИК ЭМЧИЛГЭЭНИЙ өрөө нээжээ

Манай улсад 1700 гаруй хүүхэд тусгай сургуульд боловсрол эзэмшиж байна. Харин 3500 гаруй тусгай хэрэгцээтэй хүүхэд сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна гэсэн судалгаа гарчээ.

Бид дээрх тоон үзүүлэлтэд багтсан буюу сургуульд боловсрол эзэмшиж байгаа тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн сурч хөгжих боломжид сайнаар нөлөөлж байгаа нэгэн жишээг энэ удаа сурвалжиллаа.

Нийслэлийн 25 дугаар тусгай сургууль 220 орчим сурагчтай. Энд хараа, сонсголоос бусад хүнд хэлбэрийн тусгай хэрэгцээтэй хүүхдүүд суралцаж байна. Тэд бусад хүүхдүүдийн адил ачаалал даах, хурдан хугацаанд ойлгох, тогтоох, сэтгэх тал дээр дутмаг. Мөн амархан сульдаж ядардаг, дархлаа хурдан унадаг, ханиад хүрэмтгий байдаг учир олон цагаар сууж хичээллэхэд хүндрэл үүсдэг байна.

Эмчилгээний биеийн тамир, хэл заслын өрөөтэй ч анги танхимын хүртээмж муутайгаас суралцагч хүүхдүүддээ зориулсан эмчлэн сувилах, нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлэх боломжгүй байжээ. Тархины  саажилттай, гар хөлийн булчин нь ажилладаггүй, тэргэнцэртэй, дауны хам шинжтэй хүүхдүүдэд физик эмчилгээ хийх нь маш чухал. Тиймээс сургуулийн зүгээс физик эмчилгээний өрөөг тусгайлан тохижуулж, шаардлагатай тохиолдолд яаралтай болон анхан шатны эмчилгээг хийж эхэлжээ.

Сургуулийн эмч ангиудаар өдөр бүр явж эмчилгээ шаардлагатай хүүхдийг урьдчилан үзэхээс гадна тухайн өдрийн турш хяналтад авч анхаардаг зөв дадал ч бий болжээ. Ингэснээр эцэг эхчүүд хүүхдээ өөр эмнэлэгт үзүүлэхээр авч явах шаардлага багассан зэрэг давуу тал үүссэн байна. Эмнэлгийн хүрэлцээ муу, цаг авч үйлчлүүлэхэд урт дараалалд зогсдог зэрэг байдал зарим талаараа ийнхүү шийдэгджээ. Тусгай хэрэгцээтэй хүүхдийн сурах орчинд энэ байдлаар ээлтэй өөрчлөлт хийх нь тэдэнд эерэг нөлөө үзүүлнэ. Яг үүн шиг олон сайн жишиг манай улсад хэрэгтэй байна.

Д.МӨНХБАТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button