“Дээд цагаан нуурыг ОРОН НУТГИЙН тусгай хамгаалалтад авч рашаан сувилал байгуулна”

Дүн өвлийн хүйтэнд ч цан хүүрэг савсуулан цэлэлзэж, усны шувууд мандалд нь наадан өвөлждөг байгалийн гайхамшиг хосолсон Дээд цагаан нуур Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын I багийн нутаг дэвсгэрт оршдог. Дархад зон олон төдийгүй монголчууд зорин очиж сүсэглэн хүртдэг рашаан ус энд бий. Харин сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр Дээд цагаан нуурыг улсын тусгай хамгаалалтад удаа дараа авах асуудал яригдсан ч орон нутгийн удирдлагууд эсрэг байр суурьтай байдаг. Тийм ч учраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Дархадын хотгорыг томилолтоор зорьж, тэдэнтэй ярилцаж, зөвшилцөх тухай мэдээлэл гарч байна. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын ЗДТГ-ын дарга О.Энхтөвшинөөс энэ талаар мэдээлэл авлаа.
-Дээд цагаан нуурыг улсын тусгай хамгаалалтад авах гэхээр орон нутгийн удирдлагын зүгээс татгалздаг, эсрэг байр суурьтай байдаг юм байна. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөөч?
-Би сумын засаг даргын тамгын газар сүүлийн арав гаруй ажиллаж байна. Энэ хугацаанд бол албан ёсоор улсын хамгаалалтад авах асуудал яригдаж байсангүй. Нөгөө талаас бол улсын тусгай хамгаалалтад авах тал дээр орон нутаг эсрэг байр суурьтай байна. Бид бол орон нутгийн тусгай хамгаалалтад авч Дээд цагаан нуурыг түшиглэсэн дархадын сумдын рашаан сувиллыг байгуулья гэсэн ерөнхий төлөвлөгөөтэй явж байгаа. Баянзүрх, Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Цагааннуур сумад дунд рашаан сувилал байгуулахаар засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан.
-Улсын тусгай авчихвал яана гэж…?
Бүх зүйл хязгаарлагдаж дархад зон олон жил хүртэж өөрсдийгөө эмчилж сүсэлж ирсэн рашаан усандаа нэвтэрч чадахгүйд хүрнэ. Олон жил хэдэн сумаараа хүртсэн бүх эрхтний рашаан энд байдаг. 6-7 сард амрагчид рашаандаа ордог. Бид нар бол одоо Дээд цагаан нуурынхаа хэсгийг хашиж, тохижилт хийгээд тодорхой хэмжээгээр харж хамгаалаад явж байгаа.
-Хувь хүмүүс, ААН амралт сувиллын газар болгох ашиг сонирхол их байгаа учраас хамгаалалтад авах нь гээд байна гэж ойлгосон?
-Миний хувьд байгалийн үзэсгэлэнт дурсгалт цогцолбор газар болохоор ингэж байна уу гэж ойлгосон. Цаашдаа дөрвөн сум нийлж зөвлөмж, санамж байгуулж аймгийнхаа эсвэл сумдынхаа төсөвт тусгаж байгаад ахмадын сувилал байгуулах яриа бий. Булаг, шанд, мөнхийн харз ихтэй сайхан газар л даа. Албан ёсоор сум орон нутгийн хамгаалалтад авчихвал татвар хураамжтай, харуул манаатай, рашаан усныхаа төлбөрөөр эргээд тохижилт үйлчилгээ хийгээд илүү их үр өгөөжтэй, иргэдэд ая тухтай болно гэж бодож байна.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.