Нийгмийн

ИРГЭД: Талх авснаас нэг кг гурилаар мантуу хийвэл илүү хямд тусна

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дунджаар 500-2000 төгрөгөөр өсжээ. Үнийн хөөрөгдөл иргэдийн болон өрхийн амьжиргаанд маш том дарамт болж байгааг иргэд хэлж байна. Өрхийн орлого зарлагаасаа давахгүй байгаа учир амьдралаа залгуулахын эрхэнд дэлгүүрт өр тавьдаг, хүнсний ногоогоо ширхэглэж авдаг, ургамлын тосны оронд масло хэрэглэдэг болсон жишээ иргэдийн дунд нийтлэг болжээ.

Бид өмнөх сурвалжилгаар иргэдийн сарын цалин хэд хоноод дуусдаг талаар сурвалжилсан. Энэ удаа үнийн өсөлт иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж буйг сурвалжиллаа.

-16 ЖИЛ ДЭЛГҮҮР АЖИЛЛУУЛАХАД ҮНИЙН ИЙМ ӨСӨЛТ ГАРЧ БАЙГААГҮЙ-

ИРГЭН:

"16 жил дэлгүүр ажиллуулахад энэ үнийн өсөлт шиг ийм өсөлт бараг байгаагүй шүү дээ. Бага багаар нэмэгдэж л байсан. Нэмэгдэж байгаа нөхцөлдөө бол тодорхой бараанууд дээр л нэмэгдэж байсан. Одоогийнх шиг сар болоод л нэмдэг. 14 хоноод нэмдэг ийм байдал байгаагүй. Одоо нэмэгдээгүй бараа гэж байхгүй. Манай Монголын өөрсдийн үйлдвэрийн бараанууд  бүр эрс илүү нэмэгдэж байна шүү дээ. Өглөө сүү л гэхэд 3500-аар ирж байна. Одоо бүр литр тосоо дийлэхгүй айлууд ч байна шүү дээ.

Хамгийн хямдхан 250 граммтай жижиг тосыг л авъя гэдэг. Нөгөөдөх нь 2700 төгрөг. Тэгээд гурван өдөр ч хэрэглэхгүй  тос нь дуусчихна.  Аргаа барахдаа би маслогаар хуурч болдог шүү дээ. Граммын масло авбал болно шүү дээ гэж хэлдэг. Сонгиныг бол дандаа ширхгээр авна. 500 граммаар авдаг сонгино бараг байхгүй. Нэг ширхгийг л авна. Лууванг бол ерөөсөө хоёр ширхэг, гурван ширхгийг авна. Төмсийг кг-аас илүүг авахгүй шүү дээ. Гурван ширхэг юм уу үгүй бол хагас кг, гайгүй боломжтой айл нь бол нэг кг л авна.

Одоо, би бараг гурав дахь өрийн дэвтрээ шинээр нээчхээд байна. Маргааш нь эсвэл хоёр хоноод  дахиад л зээл авъя гээд. Сүүлдээ нөгөөдөхдөө санаа зовдог юм уу яадаг юм, хүүхдээ гүйлгэчихнэ. Тэгээд хүүхдийг нь загнаад явуулах хэцүү. За, одоо бага аваарай, бага аваарай. Адаглаад идэх юм талх боовоо ав. Наад зайрмагаа нэмэхээ боль оо. Чихэр нэмэхээ боль оо. Өр чинь ихсээд байна шүү дээ гээд бараг тэрийг нь автоматаар хасаж өгч байгаа шүү дээ".

-МОНГОЛД ХҮН БОЛЖ ТӨРСӨНДӨӨ ХАРАМСАЖ БАЙНА-

ИРГЭН:

"Урьд нь, хоёр жилийн өмнө бол нэг өдрийнхөө хоол хүнсний хэрэгцээгээ 20 мянган цаасанд хангачихдаг байсан бол одоо тавь, жараас наашгүй болчихоод байна шүү дээ. Заримдаа ч бүр дургүй хүрээд байх юм. Заримдаа бүр нээрэн яах гэж Монголд төрөв өө гэдэгтээ харамсах юм. Манайхан гэж, цээжээ дэлдээд л Монголд бид төрсөнөөрөө бахархах ёстой гээд л. Одоо бол Монголд төрснөөрөө бахархах биш гутарч байна шүү дээ".

-ТАЛХ АВСНААС 1 КГ ГУРИЛ АВААД МАНТУУ ХИЙХ НЬ ХЯМД ТУСАЖ БАЙНА-

ИРГЭН:

"Нэг жижигхэн байцай, хоёр ширхэг манжин, хоёр ширхэг лууван л авч байгаа юм. Тэгж авахгүй бол хүрэхгүй юм чинь. Талхаа авч чадахгүй байна. Талх “аймар” үнэтэй. Тэрний оронд 1 кг гурил аваад “МАНТУУ” хийгээд идсэн нь арай төсөр тусаж байгаа юм. Ёстой хэлэх үг алга. Арай хэтэрхий байна".

-10 МЯНГААР АВЧ БОЛДОГ БАЙСАН ЗҮЙЛС ОДОО 20 МЯНГА БОЛСОН БАЙНА-

ИРГЭН:

"Үгүй, яах вэ. Нэлээн л нөлөөлж  байна шүү дээ. Үнэ хамаагүй нэмэгдэж байгаа юм чинь. Нэг бараан дээр л гэхэд худлаа ярьсан хүнд мянгаас бараг 2000 төгрөг нэмэгдээд байгаа юм биш үү. Тэгэхээр чинь нэмэгдэлгүй яах вэ. Сая гэхэд л хэдхэн юм авахад бараг 20 мянга болчхож байна шүү дээ. Зүгээр л талх, талхны хольц, давс, цай авахад л 20 мянга болж байна. Хуучин бол эднийг 10 мянга дотор л авчихдаг байсан".

-ИРГЭД ҮНЭНДЭЭ АРГА МУХАРДАЖ БАЙНА-

ИРГЭН:

"Яаж чадах вэ дээ, бага багаар л авч байна. Нэг кг махыг хоёр хувааж идэх жишээний. Тийм л байна шүү дээ. Ер нь бол хэцүү л байна. Одоо үнэндээ мухардаж байна. Ард түмэн үнэндээ хэцүү. Ялангуяа гэр хорооллынхон яаж амьдарч байгааг энэ 76 яваад үзвэл гэж санагдах юм. Үнэндээ маш хэцүү л байгаа".

-ЦАЛИН ЖААХАН НЭМЭГДВЭЛ ҮНЭ ДАГААД ӨСЧИХДӨГ-

ИРГЭН:

"Цалин нэмэгдэхийн хэрээр бүх юм дагаж нэмэгдчихээд байгаа. Сардаа бол цалин хүрэхгүй л байна. Бүр яагаад ч хүрэхгүй. Бид хоёр ажил хийгээд бараг зургаан зуун мянгыг авдаг. Сарынхаа идэх юмандаа хүрвэл хүрээд  хувцас энэ тэр гэсэнд бол хүрэхгүй шүүдээ.  Бүх юм нь нэмэгдчихээд байгаа юм чинь".

-МЭДЭХ ЮМ ҮНЭНДЭЭ АЛГА-

ИРГЭН:

"Өө, их хэцүү байна. Бараа, идэж уух юмнаас эхлээд  бүгдээрээ л үнэ нь нэмэгдчихлээ шүү дээ. Яадаг юм билээ, мэдэх юм алга.

Иргэдийн зүгээс бидэнд тансагт тооцогдох хүнсний хэрэглээнээс татгалзаад удаж байна гэх хариултыг нийтлэг өгч байлаа. Одоогийн энэ нөхцөл дэх иргэдийн тансаг хэрэглээнд варень, өндөг, сүү, элэгний нухаш зэргийг нэрлэж болохоор байна. Энэ байдал удаан үргэлжилбэл иргэд дэлгүүрт өр тавих битгий хэл дэлгүүрүүд эргэлтийн хөрөнгөгүй болох эрсдэл үүсэж байгаа юм".

Д.МӨНХБАТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Иргэд үнэхээр хэцүү байна даа

Ганбаа
Ганбаа

Насаараа шудрага хөдөлмөрлөөд тэтгэвэрт гарсан хүнийг бид ханшны уналтаас болж өлөн амьдруулж болохгүй байхөө

Зочин
Зочин

yumnii une ussun chini mongold hun bolj tursunduu haramsaj bna gene uu hh

Холбоотой мэдээ

Back to top button