П.Баянтүмэн: Газрын нөхөн бүртгэлийн хугацааг энэ оныг дуустал сунгалаа
Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд 1054266 иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн газар бүртгэлтэй. Харин огт бүртгэлгүй 39960 нэгж талбай байна. Энэ бүгдийг бүртгэлжүүлэх ажлыг Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газар 2022 онд эхлүүлсэн. Харин нөхөн бүрдүүлэлтийн хугацаа тавдугаар сарын 1-нд дуусах байсан ч иргэд газраа нөхөн бүртгүүлж дуусаагүй тул он дуустал сунгахаар болжээ.
Бид энэ асуудлаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Кадастр хэлтсийн дарга П.Баянтүмэнгээс тодруулга мэдээлэл авлаа.
-Одоогийн байдлаар газрын мэдээллийн санд огт бүртгэлгүй хэдэн нэгж талбар байна вэ?
-Улсын хэмжээнд өмчлөх, эзэмших, ашиглах 982000 нэгж талбар байдаг. Газрын нэгдсэн сангийн тооллогыг хийж үзэхэд 399960 нэгж талбар мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. Энэ нь улсын бүртгэлд бүртгүүлсэн, кадастрын нэгдсэн системд бүртгэгдсэнээс бусад нэгж талбар буюу огт бүртгэл нь хийгдээгүй нэгж талбар гэсэн үг. Тиймээс энэ нэгж талбаруудын бүртгэлийг хийх ажлыг зохион байгуулж байна.
Учир нь Монгол Улсын хэмжээнд нэгдсэн систем байгаагүй тус тусдаа олон төрлийн өөр өөр системүүдийг ашигладаг байсан. Одоо энэ системүүдийг нэгтгээд улсын хэмжээний нэгдсэн цогц системийг бий болгосон. Мөн цахим веб сайтыг хэрэглээнд нэвтрүүлээд байна.
-Газар нь огт бүртгэгдээгүй хүмүүс яах ёстой гэсэн үг вэ?
-Огт бүртгэлгүй 399960 нэгж талбар маань бичиг баримтын, нэгж төлбөрийн зөрчилтэй, төлбөрийн асуудалтай ч юм уу нэгж талбарууд байгаа гэсэн үг. Тиймээс тухайн нэгж талбарууд газрын нэгдсэн мэдээллийн санд ороогүй байга учир иргэд цахим системээс өөрийн газрыг шалгаад мэдээлийн санд бүртгэгдээгүй бол газрын албанд хандаж батгалгаажуулахаар хүсэлтээ гаргах учиртай. Хүсэлтээ гаргасан, бичиг баримтын зөрчилгүй тохиолдолд төр газрыг системд баталгаажуулчихна.

-Энэ оны тавдугаар сарын 1 хүртэл иргэдийн газрыг бүртгэх хугацаа тогтоосон байсан?
-Хугацааг тавдугаар сарын 1гэж нэлээн шахуу заасан байсан. Гэхдээ энэ хугацаанд Монгол Улсын хэмжээнд 67000 хүн газраа бүртгүүлж баталгаажуулсан байгаа. Энэ нь богино хугацаанд сайн үр дүн гарсан гэж хэлж болохуйц үзүүлэлт юм. Гэхдээ газрын нөхөн бүртгэлийг энэ оныг дуустал үргэлжлүүлэхээр хугацааг нь сунгаж байгаа. Тиймээс он дуусахаас өмнө бүртгэлгүй бүх газрыг нэгдсэн системд нөхөн бүртгэж дуусгана гэж ойлгож болно. Ингэхдээ Улсын хэмжээний бүх нэгж талбар биш. Улсын хэмжээнд зөрчилтэй байгаа бүх нэгж талбарыг нөхөж бүртгэнэ.
Өөрөөр хэлбэл бүртгүүлчихсэн газрыг дахин шинээр бүртгүүлэх тухай асуудал огт биш юм. Тодруулбал, буруу зураглагдсан, бичиг баримтын зөрчилтэй, газрын давхцалтай, гэрчилгээгээ аваагүй гэх мэт газруудыг нөхөн бүртгэж байгаа гэсэн үг.
-Энэ заасан хугацаа зөвхөн газраа нөхөн бүртгүүлэх хугацаа байсан биз дээ. Буруу ойлгосон иргэд олон байгаа нь анзаарагдсан?
-Тиймээ. Өөрөөр хэлбэл тавдугаар сарын 1 гэсэн хугацаа бол мэдээллийн санд ороогүй газрыг чинь оруулж өгөх л хугацаа байсан шүү дээ. Гэтэл газартай холбоотой бүх үйлчилгээ энэ заасан хугацаанаас хойш зогсчих юм шигээр иргэд ойлгож орон нутаг, аймаг, нийслэлийн газрын албанд дараалал, ачаалал ихээр үүсгэж байна. Иргэд мэдээллийн сангаас газраа шалгаад тухайн газрын бүртгэл хийгдээгүй, таны газар баталгаажаагүй бол заавал газрын алба руу ирэх шаардлагагүй. Цахим системээр дамжуулан хүсэлтээ гаргах бүрэн боломжтой. Цахим системд нэвтрэнгүүт мэдээллийн санд газраа баталгаажуулах гэсэн төрөл байгаа. Тухайн хэсэгт хүсэлтээ гаргаад газрын алба руу цахимаар илгээх боломжтой болсон шүү.

-Иргэд газраа системд бүртгүүлэхгүй өнгөрөх тохиолдолд ямар хохиролтой вэ?
-Иргэн хуулийн этгээд мэдээллийн санд газраа баталгаажуулаагүй бол газартай холбоотой үйлчилгээ авахад хүндрэлүүд бий болж эхэлнэ. Тухайн газрынхаа зориулалтыг өөрчлөх, хугацааг сунгах, шилжүүлэх, газрынхаа төлбөр татварыг төлөхөд асуудал бэрхшээлүүд үүснэ гэсэн үг. Мөн зарим иргэний газар зураглалгүйн улмаас давхцаж өөр төлөвлөлтөд ороод газар олголт хийгдчих асуудлууд үүсэх тохиолдол ч гарч болно.
Мөн иргэдийн дунд тухайн газар дээр нь захирамж гарангуут миний газар баталгаажлаа гэдэг ч юм уу эсвэл материалаа дутуу бүрдүүлж өгчихөөд мэдээллийн санд баталгаажлаа гэж ойлгодог тохиолдлууд байна. Тиймээс эдгээр тохиолдлоос гадна бичиг баримтын болон газрын зөрчилтэй хүмүүсийг нэг бүрчлэн шалгаад нөхөж оруулж байгаа.
-Сүүлд асуухад газар өмчлөлийн асуудал дээр бас иргэдийн дунд буруу ойлголт яваад байх шиг?
-Энэ асуудалд иргэдийн дунд буруу ойлголт гараад байгаа нь үнэн. Мэдээллийн санд газрын албад анхны үйлчлэгчид байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий газар дээр эрхийн шилжилт хөдөлгөөнүүд хийгдээд явдаг. Манайхаар дамжихгүй гэсэн үг. Тийм учраас иргэд газрын албанаас асууж ачаалал үүсгэх тохиолдол гарч байна.
Энэ өмчлөлийн нэрийн асуудал дээр бид улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтарсан ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. Үүний дүнд хоёр байгууллага мэдээллийн сангаа нэгтгэнэ. Тэгснээр бүх өмчлөлийн мэдээллүүд сүүлийн эзнээрээ бүртгэгдэх юм. Цаашдаа хоёр байгууллага хооронд иргэд явахаа больж нэг байгуулагаар дамжуулаад хоёр байгууллагын үйлчилгээг авах боломжтой болно гэсэн үг.
Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газрын еgazar.gov.mn системд нэвтэрснээр иргэд газрынхаа мэдээллийг шалгах боломжтой. Тухайн сайт руу хувийн регистрээр нэвтэрч орсны дараа “Миний газар” гэх хэсэг харагдана. Энэ дотор нэвтэрч газрынхаа мэдээллийг авч болно гэсэн үг. Хэдий танд газрын гэрчилгээ байсан ч системд бүртгэлгүй бол харьяа газрын албандаа хандах нь зүйтэй.
Д.МӨНХБАТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баахан оочерлуулаад сунгачихлаа