ГХЯ: Эрээнд өчигдөр халдварын дөрвөн тохиолдол илэрсэн
БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар илэрч, өнгөрсөн шөнө 02 цагаас хойш бүх хөдөлгөөнийг зогсоосон байна.
Үүнд, сургууль, цэцэрлэг болон бусад нийтийн газрын үйл ажиллагаа, авто, төмөр, агаарын замын нийтийн тээврийн үйлчилгээг түр хугацаагаар зогсоож, иргэдийг гэрээс гарахгүй, үйлчилгээг хаалганаасаа авах, цар тахлын дэглэмийг нягт баримтлах, шаардлагатай тохиолдолд шуурхай штабаас зөвшөөрөл авч хотоос гарах зэрэг дэглэм баримтлахаар болсон байна.
Мөн тус өдрийн өглөөний 07 цагаас эхлэн хотын нийт иргэдээс ПСР шинжилгээ авч эхэлсэн бөгөөд орон сууцны хорооллуудад пост гаргаж, хяналт тавих, бүртгэл хийх ажил явагдаж байна.
Энэ талаар ГХЯ-наас тодруулахад "Эрээн хотод зам харилцаа, тээвэр одоогоор хэвийн үргэлжилж байна. Өчигдөр Эрээнд дөрвөн тохиолдол илэрсэн. Үүний улмаас иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарлаж, хяналт ажиллаж байна. Маргааш нөхцөл байдал хэрхэн яаж өөрчлөгдөхийг хэлж мэдэхгүй байна" гэлээ.
Хилийн боомтуудын үйл ажиллагаа сэргэж, худалдаа, тээвэр эрхлэгчдийн бизнест "салхи сэвэлзэж" эхэлж байхад, Эрээнд халдвар дахин тархсан нь иргэдэд хүнд цохилт болж байна.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.