ЧУУЛГАН: ЗХЖШ-ын даргаар С.Ганбямбыг томилох Ерөнхийлөгчийн зөвшилцлийг дэмжлээ

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн асуудлыг хэлэлцлээ.
Эл албан тушаалд Бригадын генерал С.Ганбямбыг томилуулахаар санал болгосон.
Бригадын генерал С.Ганбямба нь Бүгд Найрамдах Турк Улсад 2003 онд “Энхийг сахиулах ажиллагааны анхан шатны дамжаа”, 2006 онд “Батальоны захирагчийн дамжаа”, 2014 онд Канад Улсад “Англи хэлний анхан шатны дамжаа”-г тус тус дүүргэжээ. Тэрбээр, 1997-2000 онд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид салааны захирагч, 2000-2001 онд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид батарейны захирагч, 2001-2006 онд Батлан хамгаалахын их сургуулийн Ахлагчийн сургуульд ротын захирагч, 2006-2007 онд Зэвсэгт хүчний 327 дугаар ангид артиллерийн дарга, 2009-2012 онд Батлан хамгаалахын удирдлагын академийн Цэргийн стратегийн тэнхимд багш, ахлах багш, 2012-2013 онд Батлан хамгаалах яаманд тасгийн дарга, ахлах мэргэжилтэн, 2013-2017, 2019-2020 онуудад Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газарт Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн дарга, 2020-2021 оны 9 дүгээр сар хүртэл Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, 2021 оны 9 дүгээр сараас Зэвсэгт хүчний Жанжин штабын 1 дүгээр орлогч даргаар томилогдон ажиллаж байна.
Мөн 2010-2011 онд Афганистан улсад Артиллерийн сургалтын хөдөлгөөнт багийн 11 дүгээр ээлжийн багийн захирагчаар үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Цэргийн их сургууль, Батлан хамгаалах удирдлагын академи, ОХУ-ын Жанжин штабын академийг төгсөж, цэргийн боловсролын хувьд оператив-стратегийн түвшинд ажиллах шаардлагыг бүрэн хангаж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний анги байгууллага, Цэргийн сургууль, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон Цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагад шат дараалан ажилласан дадлага, туршлагатай, энхийг дэмжих ажиллагаанд цэргийн багийг удирдан оролцсон, Зэвсэгт хүчинд тасралтгүй 29 жил албаа нэр төртэй хааж буй тэргүүний дээд офицер юм.
УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны уржигдрийн /2022.11.01/ хуралдаанаар энэхүү зөвшилцөх асуудлыг хэлэлцээд дэмжсэн билээ.
УИХ-ын гишүүд нэр дэвшигчид асуулт тавьж, хариулт авсны дараа санал хураахад Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар С.Ганбямбыг томилох Ерөнхийлөгчийн зөвшилцлийг 62 гишүүний 40 нь дэмжлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.