ХУУЛИЙН ТАЙЛБАР: Ц.Сандуйг НИТХ-ын төлөөлөгчөөс ЧӨЛӨӨЛНӨ, гэхдээ нөхөн СОНГОХГҮЙ
-Ц.САНДУЙГ ЯЛЛАСАН ШҮҮХИЙН ТОГТООЛ НИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНД ИРЭЭГҮЙ БАЙНА-
Алдарт 60 тэрбумын гэх хэрэг шалгагдаж явсаар, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарт дөрвөн жилийн ял оноогоод буй. Шүүхийн шийдвэр гарсан даруйд тэднийг хорьсон тул Ц.Сандуйгийн НИТХ-д төлөөлөл хэрэгжүүлэх үүрэг нь хязгаарт ороод байгаа юм.
Ингэснээр Ц.Сандуйгийн Нийслэлийн иргэдийн хурал дахь төлөөлөгчийн статусыг цаашид хэрхэх вэ гэдэг асуудал үүсч буй.
Энэ талаар НИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНААС ТОДРУУЛАХАД, “Одоогоор шүүхийн тогтоол албан ёсоор манайд ирээгүй байгаа. Шүүхийн шийдвэр ирсэн тохиолдолд Ц.Сандуйг НИТХ-ын төлөөлөгчөөс ЧӨЛӨӨЛНӨ. Давж заалдах шатнаас Ц.Сандуйгийн ялын хэмжээг тэглэвэл эргээд НИТХ-ын төлөөлөгчөөр нь ажиллуулах хуулийн зохицуулалттай” гэсэн тайлбар өглөө.
ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ: ДАВЖ ЗААЛДАХ ШАТААР ЯЛЛАСАН Ч НӨХӨН СОНГУУЛЬ ЯВАГДАХГҮЙ-
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 13-р зүйлд Хурлын төлөөлөгчийг чөлөөлөх, огцруулах асуудлыг:
13.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дараахь тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болно. Үүнд,
- 13.1.1.нас барсан;
- 13.1.2.хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;
- 13.1.3.хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гарсан;
- 13.1.4.гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан;
- 13.1.5.тухайн орон нутгаас шилжсэн.
- 13.2.Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн 13.1.2, 13.1.3, 13.1.5-д заасан тохиолдолд чөлөөлөх, 13.1.4-т заасан тохиолдолд огцруулах тухай тогтоол гаргах бөгөөд 13.1.1-д заасан тохиолдолд шууд орон гарсан гэж үзэж шийдвэр гаргахгүй.
- 13.3.Нөхөн сонгогдсон Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан төлөөлөгчийн бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна гэж заасан.
Дээрх хуулийн заалтуудын үндэслэн, Ц.Сандуйг НИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөлнө. Мөнхүү “Орон гарсан гишүүн/төлөөлөгч хамаарна/-ий бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн тохиолдолд орон гарсан суудлыг нөхөхгүй” гэсэн хуулийн заалт давхар үйлчлэх юм.
Тэгэхээр 2020 оны сонгууль ирэх зургадугаар сард товлогдох учир Ц.Сандуйгийн ялыг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэн ч НӨХӨН СОНГУУЛЬ ЯВАГДАХГҮЙ гэсэн үг юм. Ц.Сандуй нь 2016 оны сонгуулиар Нийслэлийн 18-р тойргоос НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон билээ.
Ж.МЯДАГБАДАМ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.