С.Батдөл нарыг ирэх лхагва гарагт УДШ-ээр шүүнэ

"Улаанбаатар төмөр зам"-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөл болон гурван жилийн хорих ял шийтгэгдсэн түүний ах С.Баттулга нарын шүүгдэгч нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал аравдугаар сарын 10-нд болсон.
Давж заалдах шатны шүүхээс С.Батдөл анхан шатны шүүхээс оноосон 12 жилийн хорих ялаас хоёр жилийг хасаж, 10 жилийн хорих ял болгосон юм.
Өөрөөр хэлбэл, түүний хахууль авах гэмт хэргээс нэг жил, мөнгө угаах гэмт хэргээс тус бүр нэг жилийн хорих ялыг хасаж шийдвэрлэж, бусад шүүгдэгч нарт оноосон ялыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Тэгвэл хэргийг УДШ-ээр хэлэлцэх тов гарчээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 589 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 985 дугаар магадлалтай, С.Батдөл, С.Баттулга, Р.Дашбилэг, Р.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол нарт холбогдох хэргийг шүүгдэгч С.Батдөл, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, Д.Амаржаргал, С.Мөнхтулга, Г.Анхбаяр, шүүгдэгч С.Баттулга, түүний өмгөөлөгч С.Болорчулуун, Ч.Даваасүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн УДШ-ээр хянан хэлэлцэх эсэхийг шийдэх хурал ирэх лхагва гарагт зарлагджээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene neg hulgaich yumnii hereg duusaagui yumuu