61 сая иранчууд ерөнхийлөгчөө сонгож байна
Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси тавдугаар сарын 19-нд нисдэг тэргийн ослоор амь үрэгдсэн. Өнөөдөр иранчууд түүний ажлыг үргэлжлүүлэх шинэ ерөнхийлөгчөө сонгож байгаа юм.
Тус улсад сонгууль өгөх боломжтой 61 сая гаруй иргэн бий. Санал хураалт Иран даяар байршуулсан 60 мянга гаруй санал хураах байранд орон нутгийн цагаар 08:00 минутад эхэлжээ.
Ерөнхийлөгчийн сонгууль тус улсын цагаар 18:00 буюу Улаанбаатарт 22:30 минутад болоход дуусах юм. Санал хураалт эхлэхээс өмнө хоёр нэр дэвшигч нэрээ татаж авсан байна.
Ийм учраас тус сонгуульд Ираны парламентын спикер Мохаммад Багер Калибаф, Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн гишүүн асан Саид Жалили, Масуд Пезешкян, Ираны Дотоод хэргийн сайд асан Мостафа Поурмохаммади нар өрсөлдөж байгаа юм.
“Tasnim” сайтын мэдээлснээр Пезешкян 30 орчим хувийн санал авч тэргүүлэх төлөвтэй байгаа бол Жалили, Калибаф хоёр харгалзан тус тус 18.8, 16.8 хувийн санал авна гэх тооцоо гарчээ.
Эх сурвалж: Al Jazeera












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.