"Тамхины хэрэглээг бууруулахын тулд яаралтай хуулийн шинэчлэл хийнэ"
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан электрон тамхи болон янжуур тамхины талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, Электрон тамхины хэрэглээг хориглосноор янжуур тамхины хэрэглээ өсөх сөрөг үр дагавар ажиглагдаж байна. Нэг ширхэг янжуур тамхинд жилд нэг төгрөгийн онцгой албан татвар тавьдаг. Энэ нь тамхидалтыг бууруулах биш дэмжих бодлого болоод байна.
Манай улсын хувьд янжуур тамхины хэрэглээ жил болгон өсөж байгаа. Үүнийг бууруулах бодлого гаргаж, сайн хэрэгжүүлж чадаагүй байж байтал дахин электрон тамхины асуудал гарч ирлээ. Электрон тамхины хэрэглээ манай улсад маш өндөр байна. Ялангуяа хүүхэд залуучууд, эмэгтэйчүүдийн дунд өндөр болсон нь судалгаагаар гарсан. Энэ электрон тамхины хэрэглээг бусад улсад бас бууруулах янз бүрийн арга хэмжээг авч байгаа. Зарим улс электрон тамхийг бүр мөсөн хориглосон. Ингэснээрээ эргээд сөрөг үр дагавар гарч янжуур тамхины хэрэглээ нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна. Харин зарим улс электрон тамхины татварыг нэмэх, хэсэгчлэн хориглох, худалдаалах цэгүүдийг багасгах бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Гэсэн хэдийн ч электрон тамхины хэрэглээ дэлхий дахинд нэмэгдсээр л байна. Манай улсын хувьд электрон тамхи, янжуур тамхины аль алных нь хэрэглээ нэмэгдэж байна. Бид аль аль тамхины хэрэглээг бууруулах хуулийг хэрэгжүүлж батлах хэрэгтэй байна.
Янжуур тамхи дээр жил болгон онцгой албан татварыг нэмэгдүүлснээр янжуур тамхины хэрэглээг бууруулдаг олон улсын туршлага бий. Манай улсын хувьд өнгөрсөн хугацаанд аваад үзвэл нэг ширхэг янжуур тамхи дээр жилд нэг төгрөг нэмж байгаа. Энэ нь эргээд янжуур тамхины хэрэглээг бууруулах биш дэмжих бодлого болчхоод байгаа.
Харин электрон тамхи электрон бараа гэдэг зүйлээр орж ирдэг. Ямар нэгэн онцгой албан татвар ноогдуулдаггүй. Тиймээс бид аль алин дээр нь татварын томоохон бодлогын өөрчлөлтийг хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ татварын бодлого бол тамхидалтыг бууруулах зөвхөн нэг арга хэрэгсэл. Гэхдээ хамгийн өндөр үр дүнгээ өгдөг хэрэгсэл бол онцгой албан татвар болон үнийн өөрчлөлт.
Электрон тамхийг нэг талаас нь янжуур тамхинаас хөнөөл багатай. Янжуур тамхинаас гарах арга хэрэгсэл гэдэг утгаар нь хандаад байна. Гэтэл өнөөдөр нэг хүн электрон тамхиар дамжуулж янжуур тамхинаас гарч байгаа бол цаана нь насан туршдаа тамхи татахгүй байсан хүүхэд, залуус, эмэгтэйчүүд тамхинд орж байгаа нь тогтоогдсон.
Тамхи татах нас электрон тамхины хэрэглээ ихэссэнээс хойш гурваар багассан. 18-аас 15 болсон. Эмэгтэйчүүдийн хэрэглээ дөрөв дахин өссөн. Эргээд электрон тамхи ч бай. Янжуур тамхи ч бай аль аль нь хүний биед хортой, сөрөг нөлөөтэй. Нас баралтын шалтгааны 17 хувь нь тамхи. Хорт хавдрын шалтгааны 30 хувь нь тамхинаас болж байна.
Эцсийн байдлаар онцгой албан татварыг янжуур тамхи дээр ямар хэмжээгээр нэмэх үү, электрон тамхи дээр хэдэн төгрөгөөр ноогдуулдаг болох вэ гэдэг дээр маш оновчтой зөв арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй бол эргээд тамхины хэрэглээ өсөх эрсдэлтэй.
Тиймээс үүнийг маш тооцоо, судалгаатай хийнэ. Ер нь энэ тамхины асуудлыг хуульчилж өгөхгүй л бол дорвитой үр дүн гарахгүй байна. Электрон тамхийг хоргүй мэт тайлбарлаж, дотоод орчинд сурталчилж байгаа нь эргээд дам тамхидалтыг нэмэгдүүлж, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна. Тиймээс бид хуулиа богино хугацаанд маш зөв боловсруулж, шинэчилсэн найруулгыг өргөн барьж, хэрэгжүүлэх нь л нэг номерын чухал асуудал болоод байна. Хүмүүс янжуур тамхи, электрон тамхи аль алийг нь татсан тохиолдолд зөвхөн уушги, амьсгалын замд сөрөг нөлөөтэй гэж боддог. Үгүй. Тамхи бусад бүх эрхтэн системд нөлөөлж олон талын өвчлөлийн эх үүсвэр болдог" гэлээ.
-Тамхи зарах тусгай зөвшөөрлийг тоог хязгаарлана-
Мөн энэ талаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
-Сургууль, цэцэрлэгийн 500 метрийн орчимд тамхи борлуулж болохгүй гэдэг боловч үнэндээ энэ хууль хэрэгжихээ больсон байна. Гол нь бид хоосон хууль хийж болохгүй. Тиймээс манай ажлын хэсэг бүх талаас нь судалж, сургуулийн ойр орчимд тамхи худалдаж авах боломж нь нээлттэй байдаг байдал. Сурагчдад ил тамхи худалдаалдаг байдлыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авч болох уу гэдэг талаас нь харж хуулийн шинэчлэл хийхээр ажиллаж байна. Энэ дээр тусгай зөвшөөрлийн тооны асуудал гарч ирнэ. Архи нь дээр бид тоог хязгаарлаж чадсан шиг тамхи нь дээр хязгаарлалт хийнэ.
Мөн олон нийтийн газар тамхи татахгүй гэдэг заалт байдаг. Гэхдээ сүүлийн үед баар, ресторанууд тамхины өрөөтэй болчихсон. Тэдгээр өрөөний агааржуулалт сайн биш байгаа нь эргээд тамхигүй орчинд нөлөөлж байна гэсэн гомдлууд ирж байгаа. Гудамжинд тамхи татаад явж болох юм уу зэрэг асуудлуудаас үүдэж тамхи татах цэгийн асуудлыг цэгцлэхээр төлөвлөж байгаа.
Түүнчлэн маш их тулгамдаж байгаа асуудал бол никотинтой тамхины бүтээгдэхүүн буюу электрон тамхи зэрэг гарч ирсэн явдал. Эдгээр нь ямар нэг хуулийн зохицуулалтад ороогүй. Албан татвар өгдөггүй. Хэн дуртайн авч ирээд хаана ч хамаагүй зарж болдог. Үсчний газар хүртэл зараад явж байдаг. Тиймээс эдгээрийг тамхины хяналтын хуулийн цар хүрээнд оруулж тамхины бүтээгдэхүүн гэж үзээд татвар авдаг болгоё, зар сурталчилгаа хийдэггүй болгоё гэдэг бодлого барьж ажиллаж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.