НИЙГЭМНийгэм ярилцлага

Компьютер, англи хэлийг бие даан сурсан 76 настай Ж.Сэнгээ: Сурахад нас оройтохгүй. Хийх хүнд арга нь олддог

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7-р баг Өлзийт тосгоны ахмад малчин Жамын Сэнгээтэй ярилцлаа.

Түүний хувьд компьютер, англи хэлийг 50 наснаасаа эхлэн бие даан суралцаж, өдгөө тал талын мэдлэгээ бусдад түгээж яваа нэгэн юм. Үүний зэрэгцээ инженерийн баггүй мэдлэг, туршлагатай тэрбээр 76 настай хэдий ч элдэв зүйлсийг засаж, янзалсаар тосгоныхондоо чадахгүй зүйл байдаггүй “Эрчим Сэнгээ” нэрээр танигджээ. Ингээд ярилцлагыг хүргэе.

-Нутгийнхан нь таныг механикч, инженер гэдгээр нь анддаггүй юм байна лээ. Та хаана суралцаж, ямар ажил эрхэлж байв? 

-Би Хэнтий аймгийн Өндөрхаан хотын арван жилийн дунд сургуульд суралцаж, төгссөн. Дараа нь 1956 онд ОХУ-ын Новосибирск хотод Барилгын дамжаанд хоёр жил суралцаж, анх гадаад хэл эзэмшиж байлаа. Монголдоо ирээд аймгийнхаа барилга угсралтын газарт мужаан, засварчнаар ажиллаж байгаад цэргийн алба хаасан. Халагдаад нам эвлэлийнхээ даалгавраар аймгийн зарим аж ахуйд даргын орлогчоор ажиллаж хэсэг явсан. Түүний дараа насаараа зүтгэсэн эрчим хүчний салбартаа ажиллаж эхэлсэн дээ. Ажлын гараагаа аймгийнхаа эрчим хүчний үйлдвэрийн засварчнаар ажлын эхлүүлсэн. Тэндээ нэлээдгүй суралцаад орон нутагт ажиллах хүсэлтэй байсан тул одоо суурьшиж байгаа Өлзийт тосгондоо ирж, цахилгаан станцад механик инженерээр ажиллаж байгаад тэтгэвэртэй гарсан.

Хэдийгээр инженер гэдэг мэргэжлийн ном журмаар нь суралцаагүй ч ОХУ-д суралцсан мэдлэг, станцад ажилласан туршлага болон орос хэл дээрх ном, заавар зэргийг уншиж судалсаар цахилгаан, механикийн мэдлэгтэй болсон.

-Одоо харин сумынхаа ахмад малчин гэж сонссон. Тэтгэвэрт гарсны дараа мал маллаж эхлэв үү? 

-Тэтгэвэртэй гараад хэдэн хүүхдэдээ тус болохоор Улаанбаатарт 7,8 жил амьдраад эргээд нутагтаа ирсэн. Одоо хэдэн малаа хариулж байгаа. Хэдэн малыг маань ээж, аавын маань үлдээсэн юм. Өмч хувьчлалын үед сангийн аж ахуйгаас харьяа байгууллагынхаа ажилчдад таван хонь, хоёр үхэр, нэг адуу хуваарилсан. Тухайн үед би станцад ажиллаад мал маллах чөлөөгүй. Харин аав маань тэтгэвэртэй гараад мал маллаж байсан учир оноогдсон хэдэн малыг ээж тэр хоёр маань авч хариулж, үржүүлж өгсөн дөө. Тэднийхээ хөдөлмөр, улсаас хүртээсэн хишигийг одоо ч эдэлж явна.

-Саяхан сошиалд таны "цахим өвөө" гэдэг бичлэг цацагдсан. Олон нийт ч сайшаалтай хүлээж авсан байна лээ. Тэндээс таны компьютер, англи хэлийг бие даан суралцсан талаарх яриа сонирхолтой санагдсан. Хэдэн насандаа хэрхэн эдгээрийг суралцав?

-Саяхан нэг албан газар миний ярьж байгаа бичлэгийг цацаж, олон хүн үзсэн байна лээ. Сайхан үгнүүд их хэлж, түүнд талархаж байна. Гэхдээ нэг л буруу ойлголт явчих шиг болсон би англи хэлийг орчуулж, ахуйн хэрэглээндээ ашиглаж сурсан ч ярьж бол чаддаггүй юм. Хүмүүс тэрийг зөвөөр ойлгох нь зүйтэй байх. Англи хэлээр цаасан дээр бичигдсэнийг бол боломжийн хэмжээнд дажгүй орчуулчихдаг. Уншиж, хараад бас ойлгоно.

Би англи хэлийг тэтгэвэрт гарахын өмнө сурсан. Эрчим хүчний салбарт ажиллаж байх үед манай үйлдвэрт нэг шинэ төхөөрөмж тавигдаж байсан юм. Тэрний заавар нь орос, англи хэл дээр, өөр бусад бичгүүд нь бүгд англи хэл дээр. Тиймээс хэдийгээр заавар, зөвлөмжийг нь оросоор ойлгож байгаа ч заавал англи заавартай нь тулгаж явах шаардлага гарч, анх ойр зуурын үг орчуулж, цаашлаад бүтэн өгүүлбэр, текст орчуулж эхэлсэн дээ. Тухайн үед англи монгол толь бичиг хөдөөгийн надад олдохгүй. Тиймээс орос, англи толиор орчуулга хийж сурсан. Суралцахдаа эхлээд ахуйн хэрэглээний хамаг л юм аа орчуулж үзэж байгаа юм. Шампунь, хоолны амтлагч гээд юм болгоныг орчуулж уншина. Дараа нь арай өөр бичвэр орчуулах гээд шат шатаар мэдлэгээ дээшлүүлсэн. Сүүлд компьютер сурахдаа бас англи хэлний мэдлэгээ нэмж авсан. Хэдий ярихгүй ч ойр зуурын юмнаас эхлээд орчуулга хийдэг болсны дараа тосгоны хүүхдүүд ирж юм асууна. Томчууд ч асууна. Бас баггүй хүнд хэрэг болсон байх. Би чинь одоо ч гэртээ бол орчуулагч шах уу. /Инээв/

Одоо бүх зүйл цахим гоё болжээ. Бид нар шиг толь бичиг харж суухгүй залуус утсаараа л орчуулга хийчихдэг болсон байна. Би ч бас залхуураад хааяа утас хэрэглээд өөрөө давхар хянаж нэг хараад орчуулга хийчихдэг болсон. Англи хэлний зааваргүй ахуйн хэрэглээний зүйл гэж ер нь байхгүй болжээ. Үүнээс эхлээд л хэлний мэдлэг эсвэл цахим хэрэглээг сурахаас өөр араггүй болсон санагддаг. Хэдэн ч настай бай ядаж уух, идэх зүйлсээ өөрсдөө орчуулаад ойлгочихдог байх хэрэгтэй шүү дээ.

-Компьютерын мэдлэг суралцсан тухайд?

-Компьютерыг 50 насандаа сурч эхэлсэн. Манай хүргэн хүү компьютерын программ заадаг багш байж таарсан нь сурахад их дөхөм болсон. Тухайн үед би хэдэн мөр шүлэг хэлхээд түүнийгээ ном болгох гэсэн компьютер, принтер хэрэгтэй болж байгаа юм. Компьютер олсон ч би өөрөө мэдэхгүй болохоор арга ухааныг нь олдоггүй. Тэгээд ер нь суръя. Бичсэн юмнуудаа ч хүнээр заалгалгүй ном болгоод хүүхдүүддээ үлдээе гэж бодсон. Сонирхоод хамаг юмыг нь сурчих санаатай хүргэн рүүгээ залгаж асууж байгаад компьютер мэддэг болсон.

Удалгүй хүүхдүүд маань камер авч өгөөд, би хэсэг бичлэг хийж, “premier 6” гэж тухайн үедээ л шинэлэг эвлүүлгийн программ ашиглаж янзалдаг байлаа. Түүнийгээ CD болгоно. Зураг ч авна. Ач, зээ нарын маань хөөрхөн бичлэгтэй CD одоо ч хадгалагдаад байж л байна. Утсаар бүх юм хийдэг болчихсон болохоор одоо нэг их үнэлэгдэхгүй ч эрт хийсэн элдэв янзын бичлэгүүд маань бас CD болчихсон байж л байгаа. Гэхдээ 2018 оноос хойш энэ чиглэлээр юм хийхээ бараг больсон. Нас яваад камераа дийлэхгүй болдог юм байна. Салганаад фокус алдаад байхаар нь больчихсон.

Харин компьютер дээр суудаг маань хэвээрээ. Зуны халуунд хорхой цуглаад байдаг болохоор суух хэцүү. Би ихэвчлэн өвөл компьютер дээр сууж юм хийдэг. Гэхдээ одоо удаан сууж чадахгүй нүднээс нулимс гоожоод байдаг болсон байна лээ.

Компьютер дээр анхлан word, excel, photoshop эвлүүлгийн программууд ашиглаж сурч байсан. Бас компьютер форматалж, үйлдлийн системүүд суулгаж сурсан. Хөдөө надад туслах хүн байхгүй өөрөө л хамаг юм аа хийж байгаа нь тэр л дээ. Ер нь англи хэл, компьютер хоёрыг хэрэглээндээ л тааруулж сонирхлоороо суралцсанаас биш. Айхтар гүн гүнзгий суралцаагүй хүн.

 -Хэлний болон бусад мэдлэгээ хүүхдүүд болон ая зээдээ хэр заадаг вэ?

-Хүүхдүүддээ заалгүй яах вэ. Ач, зээ нартаа ч зааж л явна. Тэрний буянд нэг хүү маань IT инженер хийдэг. Бас нэг хүү маань цахилгааны инженерээр ажилладаг. Хүүхдүүд маань ер нь техник талын юманд сайн. Мэдээж бүх мэдлэгийг нь би заагаагүй. Сургууль нь сайн зааж, өөрсдөө сайн суралцсаных нь үр дүн.

-Та мэдсэн сурснаа ажил хэрэг болгож үзсэн үү?

-Янз янзын юм оролдож үзсэн шүү. Тосгоныхоо төв дээр нэг компьютер засварын өрөө тохижуулаад хэсэг сууж үзсэн. Манайх хүн ам цөөтэй жижиг газар болохоор ирэх хүн ховор. Бас би нөгөөхөө ажиллуулах гээд хөдөөнөөс бинзен зарцуулж очно. Гэвч бензиний мөнгөө ч олохгүй байсан болохоор больчихсон.

-Нутгийнхан нь юм асууж, тусламж хүсэж ирдэг хэвээрээ юу?

-Ирдэг хэвээрээ. Одоо ч хүмүүс ирээд янз бүрийн юм янзлуулна. Анх радио засдаг байлаа. Дараа нь зурагт гараад тэрийг нь бас харж байгаад оролддог. Схем гэдэг юмыг нь уншиж сураад засчихдагболсон. Гэрт гурав, дөрвөн зурагт байж байна. Өдөр нь ажлаа хийгээд орой шөнө сууж тэр хэдийг нь янзалдаг байсан юм. Одоо харин бүр янз бүрийн зүйл гарсан. Хүмүүс янз янзын л юм бариад ирдэг болжээ. Өчигдөр бас нэг хүн сүүний машинаа чирээд ирсэн. Янзалж өгөөд л явуулсан. Ер нь хэзээнээс юм янзалсаар байгаад нутгийнхан маань юм л бол наашаа явчих гээд байдаг тал бий. Эрчим хүчний үйлдвэрт 22 жил ажилласан болохоор энэ хавиар намайг “Эрчмийн Сэнгээ” гэж нэрлэдэг дээ.

-Сурахад оройтдоггүй гэх үг байдаг ч бодит байдал дээр нас явах тусах сурах хэцүү гэгддэг. 50 наснаасаа хойш мэргэжлээсээ тэс өөр зүйлсийг сурч, хэлний мэдлэгээ ч нэмсэн хүний хувьд бусдад ямар зөвлөгөө өгөх вэ?

-Сурья гэсэн хүнд 50 нас оройтохгүй. Хийх хүнд арга нь олддог. Хийхгүй хүнд шалтаг олддог гэдэг. Мэдье, суръя гэвэл болохгүй зүйл байхгүй. Ядаж ахуйн хэрэглээний бүх зүйлсээ хүний гар харахгүй хийж чаддаг байх хэрэгтэй шүү гэдгийг хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.  

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Basca Feiza
Basca Feiza
8 сар 13, 2025 21:58

сайн байцгаана уу. Хөөрхөн. Аргагүй л техник, технологийн оноолттой төрсөн хүн юм. Эрүүл энх, өвчин хууч гэлтгүйгээр улам өндөр сайхан наслаарай Та. Жич: Гэтэл техник, технологийн оноолтгүй төрсөн хүн, мань мэтийн, цаана чинь мэр сэр байх.

Холбоотой мэдээ

Back to top button