ДЭЛХИЙ

Хүнд металл хамтлагийн бөмбөрчнөөс Японы "төмөр хатагтай" болсон Такаэчи Санаэгийн ялалт

Япон улсын засгийн эрхийг олон жил барьсан Либерал Ардчилсан нам анх удаа эмэгтэй удирдагчтай болов.

Намын даргын сунгаанд Такаичи Санаэ нэртэй баруун жигүүрийн хатуу үзэлтэй улс төрч эмэгтэй дөрвөн өрсөлдөгчөө ялсан бөгөөд 2025 оны аравдугаар сарын 15-нд болох УИХ-ын санал хураалтаар Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болох төлөвтэй байна. Түүний улс төрд ийн тодрон гарч ирж буй нь Японы улс төрд илүү тэмцэлтэй, хүчтэй байр суурийн шинэ эрин үеийг нээж байна. Энэ нь Либерал Ардчилсан нам дотоод хямралд орж, хамгийн том холбоотон гэгддэг АНУ-тай харилцаа өөрчлөгдөн бүс нутгийн аюулгүй байдал тогтворгүй байгаа цаг үетэй давхцав.

Либерал Ардчилсан нам байгуулагдсан цагаасаа хойш Японы улс төрд давамгайлж ирсэн ч сүүлийн жилүүдэд нэр хүнд нь унажээ. Улс төрийн хандив, кампанит ажлын маргаантай хэрэг, амьжиргааны зардал улам өссөөр байгаа зэрэг асуудал тус намыг олон нийтийн дэмжлэгээс улам хөндийрүүлсэн юм. 2024 оны 9 сард тус нам Ишиба Шигэру хэмээх туршлагатай хууль тогтоогчийг Ерөнхий сайдаар томилсон ч тэр нэг жил ч хүрэлгүй доод ба дээд танхимын сонгуульд ялагдаж, Либерал Ардчилсан нам анх удаа парламентын хоёр танхимд цөөнхийн байр суурьтай болсон юм. Энэ жилийн намын уриа ч үүнийг илтгэнэ — “#ChangeLDP” буюу "Либерал Ардчилсан намыг өөрчил" байв.

Такаичи Санаэ, Ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн шавийн хувьд сүүлчийн шатны санал хураалтад хуучин Ерөнхий сайд Койзүмигийн хүү Койзүми Шинжирог ялж, хууль тогтоогчдын болон жирийн гишүүдийн саналыг дийлжээ. Койзүми илүү өргөн хүрээний, төвийн байр суурь баримтлахыг уриалж байсан бол Такаичи хатуу барууны буюу “үндэсний бахархлыг сэргээх” үзэл санаагаар ялалт байгуулсан юм.

Намын баруун жигүүрийнхэнд түүний ялалт ялгуусан мөч болсон бол харин либерал талынханд Японы улс төр барууны туйлшрал руу эргэж байна гэсэн дохио боллоо гэцгээж байв.

Колумбийн их сургуулийн профессор, улс төрч судлаач Жералд Көртисийн хэлснээр "Энэ үзэгдэл дэлхий даяар өрнөж байгаа, одоо Японд ч мөн адил болж байна” гэсэн юм.

Такаичи нь Нара хотын дундаж айлын охин бөгөөд аав нь цагдаа, ээж нь жирийн ажилчин байжээ. Залуу насандаа тэр хүнд металл хөгжмийн хамтлагт бөмбөр тоглодог, мотоцикль сонирхогч нэгэн байв.

Телевизийн салбарт богино хугацаанд ажилласны дараа 1993 онд парламентын гишүүн болж, Харилцаа холбооны сайд, сүүлд Эдийн засгийн аюулгүй байдлын сайд зэрэг албыг хашсан.

Япон улс дэлхийн хамгийн жендэрийн ялгаатай орнуудын нэг боловч Такаичи эмэгтэйчүүдийн төлөө тууштай тэмцэгч бас байсангүй. Тэр гэрлэсэн хосууд овгоо тус тусад нь хадгалах эсвэл эмэгтэй хүн эзэн хааны угсааг залгамжлах саналыг эрс эсэргүүцдэг.

Мөн Их Британийн “Төмөр хатагтай” Маргарет Тэтчерийг өөрийн үлгэр жишээ гэж үздэг бөгөөд жинхэнэ багш нь Абэ Шинзо байв. Абэгийн бодлогын залгамжлагчийн хувьд тэр “Япон эргэн ирлээ” хэмээн тунхаглаж, Үндсэн хуулийг өөрчлөх, цэргийн хүчийг бэхжүүлэх, Абэномиксийн буюу санхүү, мөнгөний тэлэх бодлогын залгамж хөтөлбөрийг үргэлжлүүлэхээ мэдэгдсэн.

Тэр мөн Абэгийн дайны үеийн түүхийн талаарх үзлийг хуваалцахаас эмээдэггүй. Энэ нь Солонгос, Хятадын харилцааг хүндрүүлэх магадлалтай.

Такаичи Либерал Ардчилсан намыг Японы уламжлал, түүхээрээ бахардаг нам болгохоо амлав. Тэр Ясукунигийн ариун сүмд байнга зочилдог бөгөөд уг сүмд Японы дайнд амиа алдсан цэргүүд, тэдний дотор дайны гэмт хэрэгтнүүдийн сүнс оршдог хэмээн үздэг. Хэрэв тэр Ерөнхий сайдын хувиар тийшээ очвол сүүлийн 10 гаруй жилд анх удаа ийм зүйл болох бөгөөд хөрш орнуудыг бухимдуулах нь гарцаагүй билээ.

Ирэх сорилтуудын нэг нь АНУ-тай харилцах харилцаа байх болно. Дональд Трамп 10 дугаар сарын 27-нд Токио хотод айлчлах бөгөөд энэ үеэр Такаичи өмнөх Ерөнхий сайд Ишибагийн байгуулсан татвар, хөрөнгө оруулалтын гэрээний нөхцлийг дахин хэлэлцэх шаардлагатай байж магадгүй хэмээн мэдэгдсэн. Гэвч тэр “АНУ-тай холбоотон байх нь Японы аюулгүй байдлын тулгуур” хэвээр гэдгийг онцолж байсан удаатай юм.

Гэхдээ хамгийн том сорилт нь дотоодод бий. Түүний эдийн засгийг тэлэх бодлого инфляц болон зээлийн хүү өсч буй үед таарна. Абэ шиг парламентын олонхын дэмжлэггүй, харин цөөнхийн Засгийн газрын тэргүүн учир бодлого хэрэгжүүлэхийн тулд эвсэл өргөтгөх эсвэл түр холбоо байгуулах шаардлагатай болж магадгүй юм.

Мөн Либерал Ардчилсан нам ард түмний дунд нэр хүнд олж буй шинэ популист намуудад дарамт үзүүлж байгаа. Такаичи энэ бүлгийг буцаан авахын тулд үндсэрхэг өнгө аясыг тодруулж, кампанит ажлаа төрөлх Нара хотдоо гадаад жуулчид ариун бугыг өшиглөсөн гэх түүх ярьж эхлүүлснээс харж болно.

Амжилт олж магадгүй л юм. Намыг огцом баруунш чиглүүлснээр Такаичи хатагтай Либерал Ардчилсан нам доторх консерватив болон илүү төвийн чиг баримжаатай жигүүрүүдийн зөрчлийг улам гүнзгийрүүлэх эрсдэлтэй. Энэ нь либерал талдаа сөрөг хүчнүүдэд төвийн сонгогчдыг татах боломж нээж өгч магадгүй бөгөөд өнгөрсөн 25 жилийн турш хамтран засагласан Комэйто намтай байгуулсан эвслийн тогтвортой байдалд ч аюул учруулж болох юм. Улс төр судлаач Жералд Көртис "Такаичиг сонгосон нь намын задралыг улам түргэсгэнэ" хэмээн хэлсэн юм.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж The Economist

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button