Г.Занданшатарыг огцруулах саналыг шийдвэрлэх 10 хоногийн хугацаа маргааш 13.00 цагт дуусна

УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайдыг огцруулах бичгийг санаачилж, нэр бүхий 50 гаруй гишүүн гарын үсэг зурж дэмжсэнээр УИХ-д энэ сарын 7-нд өргөн мэдүүлсэн билээ. Өнөөдөр /2025.10.16/ 09.30 цагаас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, 10.00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцэслэхээр товлосон билээ.
Учир нь хэлэлцэн шийдвэрлэх хуулийн хугацаа 10 хоног байдаг.
- 101.1. Гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.
- 101.2. Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах саналыг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд танилцуулна.
- 101.3. Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулна.
- 101.4. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно. Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжээгүй бол уг асуудлаар шийдвэр гарахгүй.
- 101.5. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд асуулт асууж, үг хэлж болно.
- 101.6. Нам, эвслийн бүлэг санал, дүгнэлт гаргасан бол 5 минутад багтаан нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.
- 101.7. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нэгдсэн хуралдаанд үг хэлж болно.
- 101.8. Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн, эсхүл Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлтэй гэж Цэц дүгнэлт гаргасан бол энэ хуулийн 85, 86 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ.
Гэвч өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны санал хураасан саналын томьёолол маргаан дагуулснаар УИХ-ын чуулганы ирц бүрдэхгүй байна. Засгийн газрын сайд нар саналын томьёолол Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, ирцээр бойкот хийгээд буй юм. Нөгөө талд Ерөнхий сайдыг огцруулах саналыг шийдвэрлэх АРАВ хоногийн хугацаа маргааш 13.00 цагт дуусна. Энэ хугацаа дуустал саналаа нэг тийш болгож, шийдвэрлэж чадахгүй бол хэрхэх вэ гэдэг хуулийн гаргалгаа мөн бүрхэг аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.