Нийгэм мэдээ

Хээ угалз судлаач, уран бүтээлч П.Содгэрэлийн “Самсара” үзэсгэлэн "Лхам" галерейд толилуулагдаж байна

Лхам Галерейн ээлжит үзэсгэлэн болох "Самсара" нь Чинхуа их сургуулийн доктор, хээ угалз судлаач, уран бүтээлч П.Содгэрэлийн Монгол дахь анхны бие даасан үзэсгэлэн юм.

Энэхүү үзэсгэлэнгээрээ дамжуулан П.Содгэрэл нь олон зууны турш хадгалагдан
ирсэн нүүдэлчдийн өв соёлын бэлэг тэмдэг болох хээ угалзыг орчин үеийн урлагт
хувирган дүрсэлсэн бүтээлүүдээ толилуулж байна.

П.Содгэрэл нь 3,500 гаруй жилийн өмнөөс үүдэлтэй буган чулуунуудыг судлахад
олон жилийг зарцуулсан бөгөөд тэдгээрийн дүрслэл, сүнслэг бэлгэдлийг орчин үеийн уран бүтээлд амилуулахыг эрэлхийлдэг уран бүтээлч юм. “Самсара” үзэсгэлэнд тэрээр эдгээр өв уламжлалт хээ угалзыг орчин үеийн урлагийн бие даасан төрөл хэмээн харуулж, эдгээр нь хэрхэн соёлын дурсамж холбоо төдийгүй гүн агуулга концепц аль алиныг агуулж тээж байдгийг сануулжээ.

Уран бүтээлч П.Содгэрэлийн энэхүү үзэсгэлэн нь өв соёлыг зөвхөн хадгалах бус,
урлагийн хэлээр хэрхэн хөрвүүлж, баяжуулж, задалж, хувиргаж болохыг харуулж буй
бас нэгэн жишээ юм. Түүний бүтээлүүд нь үзэгчдэд өв соёл, өвөг дээдсийн залгамж,
хүн байгалийн холбоо, цаг хугацааны урсгал, амьдралын тасаршгүй мөчлөг зэрэг
сэдвүүдийг өдөөн, эргэцүүлэл төрүүлэхийн зэрэгцээ түүгээр дамжуулан урлаг, хээ
угалзын гүн мөн чанарыг дахин асуудаг.

Энэхүү үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 10 хүртэл гарах бөгөөд үзэсгэлэнтэй холбогдуулан уран бүтээлч П.Содгэрэлийн “Artist Talk” уран бүтээлийн яриа аравдугаар сарын 20-ны Даваа гарагт 18:30 цагт Лхам галерейн үзэсгэлэнгийн танхимд болох болно.

Тус ярианы үеэр П.Содгэрэл өөрийн уран бүтээлийн замнал, хээ угалз – буган хээний судалгаа болон Самсара үзэсгэлэнгээр хүргэж буй уран бүтээлчийн үзэл санаагаа дэлгэж, үзэгчид, урлагт дурлагсадтай халуун дотно яриа өрнүүлэх юм. Уг арга хэмжээ нь олон нийтэд нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button