Эхний 9 сард 376 удаагийн мал хулгайлах хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 19.4 хувиар өслөө

2025 оны эхний 09 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 376 удаагийн мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 19.4 хувиар өссөн байна. Иймд Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр “Мал, мах–2025” арга хэмжээг зохион байгуулж, гарал үүсэл тодорхойгүй мал, махны тээвэрлэлтийг шалгах, хяналтын цэгүүд байрлуулах болон зах, худалдааны төвүүдэд хяналт тавих ажлыг эрчимжүүлж эхлээд байна.
Энэ онд мал хулгайлах гэмт хэргийн нийт хэргээс 187 удаагийн гэмт хэргийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуул байгаа бөгөөд өнгөрсөн онд Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн цагдаагийн газартай хамтран 6 бүлгийн 17 этгээдэд холбогдох 26 удаагийн үйлдлээр иргэдийн 284 тооны бод, 278 тооны бог мал хулгайлсан гэмт хэргүүдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд нь гол төлөв 18–55 насны, ажилгүй эсвэл туслах малчид бөгөөд амар хялбар аргаар ашиг олох зорилгоор уг гэмт хэргийг бүлэглэн үйлддэг байна.
Малын хулгайн гэмт хэрэг ихэвчлэн малчдын анхаарал сул, малаа удаан хугацаагаар хариулгагүй орхих үед гардаг. Иймээс иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд малаа байнгын хариулгатай байлгаж, удаан хугацаагаар эзэнгүй орхихгүй байх, мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхээр завдсан, эсхүл үйлдсэн тухай мэдээ, мэдээллийг мэдсэн даруйдаа цаг алдалгүй цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд болон өөрт хамгийн ойр цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ үү.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд зааснаар
1. “Бусдын малыг хулгайлсан бол 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”,
2. “Энэ гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж, улсын хилээр нэвтрүүлж, машин механизм ашиглаж, ноцтой хохирол, хор уршиг учруулж, гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол 2 -8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”,
3. Энэ гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.