ЕСБХБ: Монголын эдийн засаг 2026 онд 5.5 хувьд тогтворжих ч үнийн өсөлтөөс хамаарах эмзэг байдал хэвээр байна
Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕБХБ)-наас гаргасан төсөөллөөр Төв Ази болон Монгол Улс нь тус банкны үйл ажиллагаа явуулдаг бүс нутгууд дундаас 2026 болон 2027 онд эдийн засгийн өсөлт үзүүлэхээр байна гэжээ.
ЕБСХБ-наас сүүлд гаргасан “Бүс нутгийн эдийн засгийн төлөв” тайланд дурдсанаар Казахстан, Киргиз, Монгол, Тажикистан, Туркменистан болон Узбекистаны эдийн засаг 2026 онд дунджаар 5.6 хувиар, 2027 онд бага зэрэг саарч 5.3 хувиар өсөх төлөвтэй байгааг онцолсон байв.
Дотоодын хэрэглээ болон хөрөнгө оруулалтын тогтвортой өсөлт нь эдийн засгийн тэлэлтийг үргэлжлүүлэн дэмжиж байгаа бөгөөд үйлчилгээ, барилга, боловсруулах үйлдвэрлэлийн салбарууд өсөлтийн гол хөдөлгөгч хүч болж байна. Гэвч эрчим хүчний үнийн хэлбэлзэл, нийлүүлэлтийн сүлжээний доголдол, хориг арга хэмжээ, мөн бүс нутгийн худалдааны гол түншүүд болох Орос, Хятадын эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Казахстаны хувьд дамжуулах хоолойн саатлаас үүдэн олборлох салбар агшиж, ДНБ-ий өсөлт 2026 онд 4.7 хувь болж саарах төлөвтэй байгаа ч боловсруулах үйлдвэрлэл болон эрчим хүчний хангамжийн салбар дахь хөрөнгө оруулалт өндөр хэвээр байна. Киргизийн эдийн засаг дэд бүтэц, орон сууцны хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр 2026 онд 8.7 хувиар өсөх төлөвтэй боловч Европын холбооны шинэ хориг арга хэмжээ болон эрчим хүчний зардлын өсөлтөөс үүдэлтэй эрсдэлтэй тулгарч байна.
Монгол Улсын эдийн засаг 2026 онд 5.5 хувьд хадгалагдах төлөвтэй бөгөөд уул уурхай болон хөдөө аж ахуйн салбар өсөлтийг голлон дэмжихээр байна. Гэсэн хэдий ч Хятадын эдийн засгийн удаашрал болон шатахууны үнийн өсөлтөөс хамаарах эмзэг байдал хэвээр.
Тажикистаны эдийн засаг худалдаа, боловсруулах үйлдвэрлэл болон усан цахилгаан станцын хөрөнгө оруулалтын нөлөөгөөр 2026 онд 7.9 хувиар өсөхөөр төсөөлөгдөж байгаа ч Оросоос ирэх мөнгөн гуйвуулгаас ихээхэн хамааралтай байдал нь гол эрсдэл хэвээр байна.
Туркменистаны эдийн засаг байгалийн хийн ордын өргөтгөлийн нөлөөгөөр 2026 онд 6.3 хувиар өсөх төлөвтэй боловч Хятадын эрэлтээс өндөр хамааралтай байна. Харин Узбекистаны эдийн засаг гадаадаас ирэх мөнгөн шилжүүлэг, цалингийн өсөлт болон хувьчлалын шинэчлэлийн дэмжлэгтэйгээр 2026 онд 6.5 хувиар өсөхөөр байгаа ч бүс нутгийн инфляцын дарамтад өртөх эрсдэл мөн бий.
ЕБХБ-ны зүгээс эдийн засгийн өсөлтийн төлөв хүчтэй хэвээр байгаа хэдий ч цаашдын тогтвортой байдал нь дотоодын шинэчлэлийн хурд, эдийн засгийг төрөлжүүлэх хүчин чармайлтаас ихээхэн хамаарна гэж онцолжээ. Дэлхийн эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдал үргэлжилж буй энэ үед Төв Ази болон Монгол Улсын өндөр үзүүлэлт нь тус бүс нутгийг ЕБХБ-ны хүрээнд өсөлтийн гол хөдөлгөгч хүч болж байгааг харуулж байгаа билээ.
Т.БАТСҮРЭН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud