Гол нэрийн барааны үнэ өсөхөд махны үнэ голлон нөлөөлжээ
Улаанбаатар хотын гол нэрийн зарим барааны үнэ 2026 оны зургадугаар сарын 02-ны байдлаар өмнөх сараас 2.0 хувь, өмнөх долоо хоногоос 1.4 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Үнийн өсөлт голчлон махны үнэд төвлөрсөн байна. Тодруулбал, үхрийн ястай махны дундаж үнэ өмнөх сараас 7.9 хувиар нэмэгдэж, нэг кг нь 33741 төгрөгт хүрсэн бол ямааны ястай мах 7.2 хувь, үхрийн цул мах 4.4 хувь, хонины ястай мах 4.2 хувь, адууны ястай мах 2.5 хувиар тус тус өссөн дүн гарчээ.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад мөн махны үнэ илүү нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Үхрийн ястай мах 4.4 хувь, хонины ястай мах 3.8 хувь, адууны ястай мах 2.3 хувь, үхрийн цул мах 2.0 хувь, ямааны ястай мах 1.6 хувиар өсөв. Бусад хүнсний бүтээгдэхүүнээс элсэн чихрийн үнэ өмнөх сараас 2.3 хувь, өмнөх долоо хоногоос 1.2 хувиар нэмэгдэж, нэг кг нь 5124 төгрөг болжээ. Мөн хар талхны үнэ өмнөх сар болон долоо хоногийн дүнгээр 2.6 хувийн өсөлттэй гарсан байна.
Харин зарим нэр төрлийн барааны үнэ буурчээ. Алимны үнэ өмнөх сараас 3.6 хувь, сонгино 3.3 хувь, ногоон цай 1.6 хувиар хямдрав. Өмнөх долоо хоногтой харьцуулахад сонгины үнэ 3.6 хувь, алим 3.4 хувь, хүрэн манжин 1.7 хувиар тус тус буурсан дүнтэй гарлаа.
Х.ХУЛАН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.