УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Анхдагч 21 хууль төслийг баталсан хаврын чуулган

Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталж парламентын засаглалыг сонгосноос хойш 30 гаруй жил өнгөрч, эдүгээ 9 дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Энэ удгаагийн парламент Монгол Улсын Үндсэн Хуулийн 2023 оны 05 сарын 31-ний өдрийн өөрчлөлтөөр 126 гишүүнтэй болж сонгуулийн холимог тогтолцоогоор бүрэлдсэн парламент гэдгээрээ онцлогтой.

Бас нэг онцлог нь УИХ-ын гурав дахь даргаа сонгосон парламент юм. УИХ-ын спикер С.Бямбацогтын хувьд гишүүдийг хуралдаандаа өндөр ирцтэй оролцуулахаар шинэчлэлүүдийг хийж, олон нийтэд гишүүдийн хуралдааны ирц ил болж, e-mongolia цахимаар иргэд хуулийн төсөлд санал өгдөг, гишүүдийн ирц оролцоог он тоолол, цаг хугацаатай нь parliament.mn-ээс харах боломжийг нээсэн ололтой хаврын чуулган боллоо. Өөр нэг үзүүлэлт нь анхдагч хүн төвтэй, эдийн засаг, бизнес эрхлэгчдийг дэмжсэн, аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, хөрөнгө оруулагчдад боломж олгосон анхдагч хуулиудыг амжилттай баталж чадлаа. Хэрэгжилтэд хяналт тавих л үлдлээ. Бямба гарагт хуралдсан мэт ачаалалттай, шийдэл ихтэй чуулган байв. Бямба дарга ч өмнөх хуулиудын хийдлийг гадарлах туршлагатай улстөрчийн хувьд зарим төслүүдийг буцааж, дахин хэлэлцүүлж, сөрөг хүчний шаардлагын дагуу завсарлага өгч, ангийнхандаа үгээ хэлэх эрхийг олгож, бас хааяахан хатуу үнэнийг гишүүдэд хэлж, улстөржихөөс илүүлтэй улс орноо бодож, попрохыг цаг ямагт сануулсаар чуулганаа хаав.

Бүл нэмж, “цус сэлбэсэн” шинэ парламентаас ард түмний амьдрал, улс орны хөгжилд тустай, ардчилалд, шударга ёсонд нийцсэн олон шийдвэр гарна гэх сонгогч олны хүлээлт өндөр байгаа нь зугтах газаргүй үнэн билээ.

Хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг тоогоор хэмжих нь өрөөсгөл хэдий ч нэгэн хэмжүүр байж болох юм. Улс орны нийгэм, эдийн засгийг сайжруулах ямар хууль батлав,  ард түмний амьдралд үр өгөөжөө өгөхөд ямар бодлого шийдвэр, хууль тогтоол батлав гэдгээр нь үнэлж болно.

С.Бямбацогт даргатай чуулганаар Нийгэм, эдийн засаг, эрхзүйн тулгамдсан асуудлыг бодитой тодорхойлон эрэмбэлж, шийдвэрлэх бодлого, эрх зүйн орчинг бий болгосон гэж үзэж байна. Иргэд, аж ахуйн нэгж,  үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдээс шаарддаг дүрэм журмыг цөөлөх, хөнгөвчилөх замаар эдийн засаг, бизнесийн таатай орчин бүрдүүлэх чиглэлд онцгой анхаарсан хуулиудыг хэлэлцэв. Татварын эрх зүйн орчинг боловсронгуй болгож, татварын дарамт, ачааллыг бууруулж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад чиглэсэн хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулав.

Хувь хүний орлогын албан татварын өөрчлөлтөөр сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдох татварыг 100 хувь хөнгөлөх, 792 мянгаас 2 сая төгрөг хүртэлх орлогын хэсэгт 1 хувийн татвар ногдуулахаар тусгасан. Жишээлбэл, сарын 2 сая төгрөгийн цалинтай иргэн өмнө нь 200 мянган төгрөгийн татвар  төлдөг байсан бол шинэ зохицуулалтаар 12.080 төгрөг төлнө. Ингэснээр тухайн иргэний сарын орлого ойролцоогоор 187.920 төгрөгөөр, жилийн орлого 2.2 сая  төгрөгөөр нэмэгдэх боломжтой болж байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын өөрчлөлтөөр НӨАТ суутган төлөгчийн босгыг 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгасан. Жишээлбэл, жилийн 300 сая төгрөгийн борлуулалттай жижиг дэлгүүр өмнө нь НӨАТ суутган төлөгч болох үүрэгтэй байсан бол шинэ босгоор НӨАТ суутган төлөгч болохгүй байх боломж бүрдэнэ. Энэ нь жижиг бизнесийн тайлан, баримт бүрдүүлэлт, мөнгөн урсгалын дарамтыг бууруулна. Мөн сайн үнэлгээтэй татвар төлөгчийн НӨАТ төлөх хугацааг хоёр хүртэл сараар хойшлуулах боломжтой болно.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өөрчлөлтөөр жижиг, дунд аж ахуйн нэгжийн 1 хувийн татварын хөнгөлөлт эдлэх босгыг 1.5 тэрбум төгрөгөөс 2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгасан. Жишээлбэл, 2.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж шинэ босгоор 1 хувийн хөнгөлөлтөд хамрагдах боломжтой. Мөн 8 тэрбум төгрөгийн татвар ногдох орлоготой аж ахуйн нэгжийн хувьд хуучин шатлалаар 6 тэрбум төгрөгөөс давсан орлогод 25 хувийн татвар төлөх байсан бол шинэ шатлалаар 15 хувь болж, ойролцоогоор 200 сая төгрөгийн татварын ачаалал буурах боломжтой болно.

Татварын ерөнхий хуулийн өөрчлөлтөөр татвар төлөгчийг зөвхөн хариуцлага тооцох бус, эрсдэлээс урьдчилан сэргийлж, зөвлөж тусалдаг тогтолцоог бэхжүүлнэ. Мөн татварын өр барагдуулах ажиллагааг уян хатан болгож, татвар төлөгчийн дансанд орж ирсэн орлогыг бүхэлд нь хаахгүй, 70 хувийг татварын өр төлөлтөд, 30 хувийг тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд үлдээх зарчим тусгагдсан. Жишээлбэл, татварын өртэй компанийн дансанд 10 сая төгрөг орж ирвэл 7 сая төгрөг нь татварын өрөнд, 3 сая төгрөг нь үйл ажиллагаанд нь үлдэнэ. Ингэснээр татварын өртэй байсан ч цалин, түрээс, бараа татан авалт зэрэг өдөр тутмын зардлыг үргэлжлүүлэх боломж бүрдэх юм. Ийнхүү тэтгэвэр тэтгэмж, халамж, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах, Эд эрхтэн шилжүүлэн суулган тухай, дөрвөн парламент дарааллан хэлэлцэж чадаагүй Гэр бүлийн тухай хууль, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай, Хөдөө аж ахуйн тухай, Хүнсний тухай зэрэг хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлалаа.

Ард түмний амьдрал амаргүй байгаа. Махны үнэ өслөө гээд байгаа боловч угтаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин өсч, иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт муудаж байгаа. Нөгөө талдаа төсвийн алдагдал ноёлж, тэтгэвэр тэтгэмж, цалин, томоохон төслүүдээ яах билээ гээд гарц шийдэл тулчихсан байгаа нь бас л бодит байдал юм.

Эл хаврын чуулганаас өмнөх хуралдаанаар хэлэлцэж баталсан хууль, тогтоолын агуулгыг харвал хуульд заасан цаг хугацаатай төсөв, санхүүгийн тухай хуулиуд, албан тушаалтан томилох, чөлөөлөхтэй холбоотой агуулга бүхий тогтоолууд зонхилж байсан.  Харин хаврын чуулган үүргээ биелүүлсэн, ажилч чуулган байлаа гэж харж болох талтай.

Тодруулбал, УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар анхдагч 21 хууль, нэмэлт өөрчлөлт оруулсан 14, олон улсын гэрээ соёрхон батлах тухай 3, УИХ-ын 35 тогтоолын төслийг баталлаа.

Хууль тогтоох байгууллагын шийдвэр оновчтой биш бол ард түмний амьдрал, улс орны хөгжилд тулгамдсан олон асуудлыг шийдэх хугацаа хойшилж алдагдсан боломжийн зардал өсөж, ард түмний хүлээх хохирол үргэлжилсээр байдаг. Эх захгүй улстөржилт, талцал, хуваагдал, гацаа, мухардлын хохирогч нь улс орон, ард түмэн  болдог. Харин хариуцагч нь эрх баригч, сөрөг хүчин гэхгүй парламент л байдгийг эрхэм гишүүд ойлгож, дараа дараагийнхаа чуулганд нэгийг бодно биз ээ. Зөвд зүг нэг, зүтгэвэл хүч нэгээр төрд түмэн олноо төлөөлөх үүргээ ухамсарлаж ажиллахыг Бямба дарга хаалтын үгэндээ хэлэх байлгүй дээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эдийн засагч
Эдийн засагч

Ашигт малтмалын хуулийн төсөл юу болов. Энэ чухал хуулийг чоно борооноор болгож болохгүй. Энэ засгийн газар болон зарим урвагч гишүүд Рио-н захиалгаар зэсийн өсөн нэмэгдэх АМНАТ-ыг бууруулахаар янз бүрийн аргаар их зүтгүүлж байна. МАН-ын бүлгээс уг асуудлыг огт хөндөхгүй орхино гэж нэг хошгоруулаад, дараа нь хуульдаа өөрчилдгөө өөрчлөөд мөрдөж эхлэх хугацааг тусдаа тогтоолоор, эсвэл мөрдөх журмын тухай хуулиар зохицуулна гэж гөлөг төөрүүлж байна. Нэгэнт Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ыг бууруулчихвал хэзээ мөрдөж эхлэхээс хамаарахгүй ОНТРЭ-ийн лицензтэй талбайн хөрөнгө оруулалтын гэрээг хийх үед нөгөө тал танай хуулиар зэсийн өсөн нэмэгдэх АМНАТ 11-16 хувь биш, 1-5 хувь шүү дээ, хуульд заасан хувь хэмжээгээр л бид уг АМНАТ-ыг төлнө гэхэд бид яаж ч чадахгүй. Өсөн нэмэгдэх АМНАТ гэдэг бол уул уурхайн компаниас ямар ч зардал нэмж гарахгүйгээр зах ээлийн үнийн өсөлтөөс олж байгаа цэвэр ашиг юм. Тийм учраас өсөн нэмэгдэх АМНАТ-ыг харьцангуй ахиу хувь хэмжээгээр тогтоодог. Манайд 68 хувиар тогтоож байсан тохиолдол ч бий.

0

Эдийн засагч
Эдийн засагч

Мөн энэ Засгийн газар Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэх, ялангуяа өсөн нэмэгдэх АМНАТ-ыг бууруулахгүй бол бусад зэсийн төсөл явахгүй байна, хөрөнгө оруулагч нар ирэхгүй байна гэж худлаа үндэслэл хэлж байна. Гэтэл ирэх 3 жилд ашиглалтад оруулах зэсийн 5 ордын нөөц нь нийлээд 3 сая хүрэхгүй тонн зэс агуулж байгаа юм байна лээ. Гэтэл Оюутолгой 31,0 сая тонн /Хурц гуайн ярьснаар цаашид өсөх ба 60,0 сая тонн хүрэх боломжтой/ зэсийн нөөцтэй, ОНТРЭ-ийн лицензтэй талбайн нөөц 10,0 сая тонн зэс агуулж байгаа шүү дээ. Тэгэхээр 3 сая тонн зэс гаргахын тулд 40.0 гаруй сая тонн зэсээс авах өсөн нэмэгдэх АМНАТ-аа бууруулдаг ямар эдийн засагч байх вэ. Иймээс энэ Засгийн газарт найдалтгүй болох нь тодорхой байна.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button