Нийгмийн

С.Бямбацогт: Люксембургийн Их Гүнт Улсаас гадаад айлчлалаа эхлүүлсэн нь гуравдагч хөршийн бодлогод ач холбогдол өгч буйн илрэл

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Люксембургийн Их Гүнт Улсад хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр |2026.08.27| эхлэв. Энэхүү айлчлал нь УИХ-ын дарга С.Бямбацогтын анхны гадаад айлчлал төдийгүй хоёр улсын хооронд хууль тогтоох байгууллагын тэргүүний түвшинд 24 жилийн дараа хийж буй айлчлал гэдгээрээ онцлог юм.

Люксембургийн Их Гүнт Улсын парламентын дарга Клод Виселер УИХ-ын дарга С.Бямбацогтыг угтан мэндчилж, “Хүндэт зочны дэвтэр”- т гарын үсэг зурсны дараа хоёр улсын парламентын дарга нар албан ёсны уулзалт хийлээ.

Люксембургийн Их Гүнт Улсын парламентын дарга Клод Виселер уулзалтын эхэнд ардчиллын үнэт зүйл нэгтэй Монгол Улсын парламентын тэргүүнтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр  иргэдийн төлөөлөл болсон парламентын даргын айлчлал хоёр орны иргэдийн  харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаагийн илрэл хэмээгээд, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаагаа онцлов. Эхний ээлжид тодорхой төрлийн паспорт эзэмшигчдийн визийн нөхцөлийг хөнгөлөх, чөлөөлөх хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна гээд, энэ нь иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал алхам болно гэдэгт итгэж байгаагаа тодотгосон юм.

Түүнчлэн хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй төсөл амжилттай хэрэгжиж буйг онцлон тэмдэглэсэн юм.

Эрхэмсэг ноён  Клод Виселер, Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулж цөлжилтийн эсрэг дэлхий нийтэд манлайлал үзүүлэн ажиллаж буйд гүн талархал илэрхийлсэн. Тэрбээр, өнгөрсөн хугацаанд хоёр орны бий болгосон итгэлцэл, нөхөрлөл, ирээдүйн хамтын ажиллагааны бат суурь болно гэдэгт итгэлтэй байна хэмээлээ.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт УИХ-ын даргаар сонгогдсоноос хойших анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхэлж байгаа нь бэлгэдэл болон агуулгын хувьд гүн ач холбогдолтой. Европын Холбоог үндэслэгч орнуудын нэг, Европын эв нэгдэл, энх тайвны үзэл санаа институцийн бодит биелэл болсон Люксембургийн Их Гүнт Улсыг Европ дахь айлчлалынхаа анхны үүд болгож сонгосон нь манай улсын “Гуравдагч хөршийн бодлого”-ын бат бэх суурь, хоёр улсын харилцаанд чухал ач холбогдол өгч буйн тод илэрхийлэл гэлээ.

Тэрбээр Люксембург Улсаас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт, ялангуяа зүрх судасны эрүүл мэндийн чиглэлээр 25 жилийн хугацаанд “Зүрх судасны төв” төслийг амжилттай хэрэгжүүлж, эрдэнэт хүний амь насыг хамгаалж байгаад Монголын ард түмний өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Зүрх судасны чиглэлээр олон мянган эмч бэлтгэж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасны үр дүнд зүрх судасны өвчлөл тав дахин буурч, нас баралтын шалтгааны нэгдүгээрт бичигдэж байсан энэхүү өвчөөс урьдчилан сэргийлж, шаардлагатай эмчилгээг хийж чадах болсон нь хоёр орны олон жилийн  хамтын ажиллагааны үр дүн гэдгийг онцлоллоо.

УИХ-ын дарга С.Бямбацогт “Та бидний албан ёсны уулзалт, айлчлалын хүрээнд хийх бусад арга хэмжээ манай хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг өнөөгийн түвшнөөс ахиулах, дипломат хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэхэд түлхэц болно гэдэгт бүрэн итгэлтэй байна” хэмээлээ.

Түүнчлэн өнгөрсөн сонгуулийн дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламентад 5 нам, эвслийн төлөөлөл, анх удаа 32 эмэгтэй гишүүн сонгогдон нийт гишүүдийн 25 хувь болсон нь Ази тивийн дундаж үзүүлэлтээс давсан ололт амжилт гэдгийг тодотгоод, УИХ-ын даргын хувиар парламентын төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, нээлттэй, ил тод, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, мөн гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хуулийн хэрэгжилтэд тавих парламентын хяналтыг сайжруулахад тэргүүлэх ач холбогдол өгөн ажиллаж буйгаа дурдсан юм. Энэхүү шинэчлэлийн хүрээнд эхлүүлсэн иргэдийн оролцоо, олон нийтийн хяналтыг хангасан “Нээлттэй парламент” цогц санаачлага,хуулийн хэрэгжилтэд хяналт тавих болон парламентын дижитал шилжилт, хиймэл оюун ухааны ухаалаг шийдлийг судлах, нэвтрүүлэх чиглэлд парламент хоорондын  олон талт хамтын ажиллагааг эхлүүлэх сонирхолтой байгаагаа мөн хөндсөн юм.

Уулзалтад УИХ-ын гишүүн Монгол-Люксембургийн парламентын бүлгийн дарга Б.Мөнхсоёл, тус бүлгийн гишүүн М.Нарантуяа-Нара, Г.Тэмүүлэн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд болон албаны бусад хүмүүс оролцов. 

Энэ онд Монгол, Люксембургийн хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой тохиож байгаа юм. УИХ-ын даргын тус улс дахь албан ёсны айлчлал үргэлжилж байна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button