Улс төрийн халуун сэдэв

Булганы МАН-ын 30 талын уулзалтад Н.Номтойбаяр яагаад оролцов

Өнгөрөгч амралтын өдрүүдээр УИХ дахь МАН-ын бүлгийн 30 талынхны уулзалт Булган аймагт болж, 20 гаруй гишүүн очсон нь улс төрийн хүрээнд анхаарал татав. Учир нь, өнгөрсөн хавар эрх баригч нам 30|38-аараа хуваагдаж, Засгийн газраа хоёр талаасаа хамтран байгуулсан.

Ингэж тэдний хагарал түр намжсан ч УИХ-ын ээлжит бус чуулган эхлэхийн өмнөхөн 30-ын талынхан олонхын ирцтэйгээр нэг дор цугларсан нь МАН-ын хагарал өнөө хэр бодтой байсаар буйг илчлэв. Энэ талаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "Бид Засгийн газар огцруулах асуудлыг ярилцаагүй ч үзэл санааны хувьд нэгдмэл байх хэвээрээ" гэх байр суурийг илэрхийлжээ.

Уг уулзалтын бас нэг содон өнцөг нь, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нарын зохион байгуулсан эл цугларалтад Үндэсний эвслийн тэргүүн, Шадар сайд Н.Номтойбаяр, А.Ундраа нарын гишүүд очсон явдал юм.

Н.Номтойбаярын хувьд, 2024 онд МАН-аас УИХ-д нэр дэвших боломжгүй болж, Монголын Ногоон Нам, Монгол Үндэсний Ардчилсан нам, Монголын Либерал Ардчилсан намыг нэгтгэн, Үндэсний эвслийг байгуулсан. Уг нэгдэл парламентад дөрвөн суудал авсны нэг нь Н.Номтойбаяр юм.

Гэхдээ Н.Номтойбаяр дээрх жижиг намуудын алиных ч гишүүн биш. Үндэсний эвсэлд Н.Номтойбаярыг дагаж очсон хүмүүсийн дийлэнх нь МАН угшилтай. Тэрбээр Д.Амарбаясгаланг намын удирдлага болбол МАН-д буцаж орно гэдгээ далд илэрхийлсэн гэгддэг. Тэр ч утгаараа Г.Занданшатарыг танхимдаа орж ажиллах урилга илгээхэд нь намын дарга бус статус тул" очоогүй гэгддэг. Үүнийг бататгах мэтээр МАН-ын дарга Н.Учралын бүрдүүлсэн танхимд орж, Шадар сайдын суудалд тухалсан.

Утгачилбал, Н.Номтойбаяр МАН-д буцаж элсэх нь цаг хугацааны л асуудал. Нөгөө талд түүнд Н.Энхбаяр МАХН-аа МАН-тай нэгтгэж, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө төв намдаа тухалсан хэлцлийн кэйс бэлхнээ байна.

Нэг намын угшилтай жижигхэн нам МАН-тай зэрэгцээд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхэд тэд бүдэрчихдэг түүхийг С.Ганбаатар, Н.Удвал нарын МАХН-аас дэвшсэн кэйсээр харж болно. Энэ тохиолдолд МАН ялагдаж, АН ялалт байгуулж ирсэн түүхтэй.

Тэгэхээр 2027 оны сонгуулийн өмнө Н.Номтойбаярыг дагаж одсон МАН угшилтай хүмүүсээ эргүүлж татах улс төрийн үндсэн зорилт эрх баригчдад тулгарсан. Нөгөө талд Н.Номтойбаяр улс төрчийнхөө хувьд МАН-даа эргэж очиж, байр сууриа ахиулах дөрөө нэгэнт олчихлоо.

Улстөрчдийн рейтинг ихээхэн сул буй энэ үед Н.Номтойбаярын дүр төрх, харизма Н.Учралын Засгийн газарт өнгө нэмсэн үү гэвэл нэмсэн. Тэр хэр үнэд хүрэхээ, яаж Н.Учралтай хэлцэл хийхээ л бодож, МАН-ын 30 талынхны уулзалтад очсон гэх логик эндээс харагдаж буй.

Эдүгээ Н.Номтойбаяр улс төрийн хүрээнд ямар нүүдэл хийх нь МАН-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ячлах эсэхэд ихээхэн жин дарах нөлөөг үзүүлэхээр нөхцөл байдалтай байна. Н.Учралын хувьд ч Н.Энхбаяр шиг тохироог нэг л өдөр түүний өмнөөс түлхэх хүнийг Н.Номтойбаяр гэж тооцон, дэргэдээ авсан нюанс харагддаг.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button