Яамдад нийт 900 түр орлон гүйцэтгэгч хууль бусаар ажиллаж байна

2026 оны төсвийн тодотголыг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэж буй. Өчигдөр буюу есдүгээр сарын 10-ны өдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа Төрийн албаны тухай хууль хэрхэн мөрдөгдөж буй талаар болон одоогийн байдлаар төрийн албанд хэчнээн “түр орлон гүйцэтгэгч” ажиллаж байгаа, мөн яамдын халаа, сэлгээний талаар асуусан юм. 2026 оны наймдугаар сарын 31-ний байдлаар төрийн албанд шургалсан “хууль бус” хэчнээн албан хаагч байгаа талаарх тоо баримтыг эндээс мэдэж авлаа, бид.
Уг асуултад Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн хариулахдаа "Төрийн жинхэнэ албан хаагчийн түр орлон гүйцэтгэх Төрийн албаны тухай хуулийн 10 үндэслэл байдаг. Ээлжийн амралттай үед түр орлон гүйцэтгэдэг, хүүхдээ харж байгаа болон жирэмсний мөн декриттэй үед, гурван сараас нэгжилийн хугацаанд өвдөх, мөн зургаан сар хүртэлх хугацаанд сургалтанд хамрагдах бол, хоёр жилийн магистрт сурах гэх мэт 10 үндэслэл байдаг. Үүнийг орлож буй албан хаагчийг "түр орлон" гэж үздэг. Бид өнөөдрийг хүртэлх хугацаанд олон төрлийн судалгаа авч, хяналт шалгалтуудыг явуулж, аудитыг хэрэгжүүлж байна. Яамд болон 20 агентлагт хүний нөөцийн аудит хийгээд үзэхэд наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар төрийн албанд нийт 2398 түр орлон гүйцэтгэгч ажиллаж байна.
Үүнээс ердөө 1481 нь Төрийн албаны хуулийн 42 дугаар зүйлд заасан 10 үндэслэлийг биелүүлэн тусгай түр орлон гүйцэтгэгч байна. Харин үлдсэн хэсэг болох хууль бус буюу төрийн албаны шалгалт өгөөгүй, төрийн албаны мерит зарчмаар байгууллага дотроос томилогдоогүй буюу албан ёсны зөвшөөрөлгүйгээр гаднаас томилогдон ирж ажиллаж байгаа 900 албан тушаалтан байгаа" гэв.
Цаашлаад 2025-2026 оны хооронд хүний нөөцийн шалгалт, аудитыг нийтдээ 30-40 мянга гаруй төрийн жинхэнэ албан хаагчийг хамруулж хийсэн байна. Гэвч хяналт шалгалтын дараах шийдвэр, зөвлөмжийн биелэлтэд дахин шалгалт хийхээр очих бүрдбайгууллагуудын "бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт" гэх "давагдашгүй" басхүү арилшгүй хүчин зүйл дахин дахин давтагдаж гардаг аж. Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт нь маш том хүндрэл учруулж байгааг Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн байнгын хорооны хуралдааны үеэр онцолсон.
Хууль бус түр орлон гүйцэтгэгчийн асуудал хөндөгдөхөд УИХ-ын гишүүн О.Алтангэрэл нь Монгол Улсын ерөнхий аудитор С.Магнайсүрэнд хандан "Шаардлага хангахгүй хэрнээ өндөр цалин авдаг албан хаагчид газар авч байна. Таны түр орлогч ямар нэгэн зөрчил асуудалтай байсан уу, яаж томлогдсон бэ” хэмээн асуулаа. Үндэсний аудитын газарт түрүүн дурдагдсан "хууль бус түр орлон гүйцэтгэгч"-ийнасуудал гарсан, эсэхийг лавлахад С.Магнайсүрэндарга "Нэг түр орлогчийн маань асуудал байгаа. Төрийн албаны зөвлөлийн аудит манайд орсон. Энэ хүний асуудлыг шийд гэх тогтоол гарсан. Асуудлыг хуулийн дагуу болгоно" хэмээн хариуллаа. Монгол Улсын ерөнхий аудитор нь хүртэл байгууллагадаатөрийн албаны хууль тогтоомжид нийцээгүй, шаардлага хангаагүй түр орлон гүйцэтгэгчтэй ажиллаж байсан нь ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй гэх сэрдлэгийг төрүүлээд байна.
Хууль бус түр орлон гүйцэтгэгчийн асуудал хөндөгдсөн дээр Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн тэр дороо нэмэлт мэдэгдэл хийсэн юм. "Хууль тогтоомж зөрчөөд түр орлон гүйцэтгэгчээр ажиллажбуй төрийн өндөр дээд албан тушаалтнуудын судалгаа ч мөн бий. Яамд, агентлагуудын, Засаг даргын Тамгын газарт хуулийн зөрчилтэй нийт 34 албан хаагч түр орлонгоор ажиллаж байгаа нь тогтоогдсон. Бид тасралтгүй хяналт, шалгалтыг хийж, дахин сонгон шалгаруулалтыг зарласнаар хоёр тохиолдлыг нь залруулж чадсан" гэлээ.
Гэвч цаашид энэ мэтээр төрийн албыг шимэгчилж буй хуурамч албан хаагчдыг хаацайлсан "Байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт" гэх зөвтгөл хэдий хэр хугацаанд үргэлжилсээр байх нь тодорхойгүй байна.
Э.Бүжинлхам












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа хүмүүс зөвхөн яамдаар зогсохгүй нийт агентлаг, харьяа газруудаар дүүрэн байдаг. Бүгдийг шалгах хэрэгтэй. Яг мэргэжлийн байгууллагад мэргэжлийн хүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон юм уу гэдгийг углуургаар нь шалгах хэрэгтэй.Хоолны савнуудыг.