Ц.Сандаг-Очир сайдын авах баавгай унтуулах бууны үнэ зах зээлийн ханшаас ₮12.3–21.6 саяар их байна
Засгийн газар маргааш /2026.09.23/ хуралдаанаараа нөөц сангаас 1 тэрбум гаруй төгрөг гаргаж, баавгай унтуулах буу, зайнаас цацдаг цацлага худалдан авах асуудлыг шийднэ. Уг мөнгөөр бензин шатахуун, баавгайд тавих хоол тэжээлийн зардлыг ч санхүүжүүлэх аж. Салбарын сайд Ц.Сандаг-Очир өнөөдөр /2026.09.22/ сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "нэг унтуулгын буу 32 сая төгрөгийн үнэтэй байна" гэжээ.
Баавгайг унтуулахад ашиглах бууг аймгуудад авч өгөх эсэхийг маргаашийн Засгийн хуралдаанаар шийдэх юм. Тэгвэл бид зэрлэг амьтныг зайнаас мансууруулахад зориулсан "Dan-Inject, Pneu-Dart" компанийн дөрвөн загварын үнийг харьцууллаа. Бүгд дунд, холын зайд ашиглах зориулалттай юм.
АНУ дахь борлуулагчдын жижиглэнгийн үнээр эдгээр буу 2,513–4,750 ам.доллар буюу 9–17.1 сая төгрөг байна. Үүн дээр 5 хувийн гаалийн албан татвар, 10 хувийн нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмбэл 10.4–19.7 сая төгрөг болно. Нэг үгээр хэлбэл, сайдын дурдсан 32 сая төгрөг нь татвартай тооцсон хамгийн хямд загвараас 3.1 дахин, хамгийн үнэтэй хос амтай загвараас 1.6 дахин үнэтэй байна.
-Сайдын хэлсэн нэг баавгай унтуулах бууны үнийн зөрүү ₮12.3–21.6 сая байна-
Загвар тус бүрээр харвал Pneu-Dart компанийн "G2 X-Caliber" бууны дуран, хайрцаг, туслах хэрэгсэлтэй иж бүрдэл татвартайгаа ₮10.4 сая, Dan-Inject компанийн "JM Standard" ₮13.7 сая, "JM Special" ₮17.4 сая, хос амтай "JM.DB.11" загвар ₮19.7 сая байна. Төгрөгт шилжүүлэхдээ сайд мэдээлэл өгсөн өдрийн ханшаар (1 ам.доллар = 3,595.36 төгрөг) тооцов.
Дээрх тооцоонд олон улсын тээвэр, борлуулагчийн ашиг, сум, мансууруулах эм, сургалтын зардал ороогүй. Тиймээс бодит өртөг үүнээс өндөр гарах нь ойлгомжтой. Гэвч 32 сая төгрөгт эдгээр зардал багтсан эсэх, ямар загварын, хэдэн буу авах, худалдан авалтыг ямар журмаар хийх талаар сайдын мэдээлэлд дурдагдаагүй юм.
Жишээ дурдахад, баавгай орж ирсэн тохиолдол бүртгэгдсэн 10 аймаг тус бүрт нэг буу олговол сайдын хэлсэн үнээр 32 сая төгрөг зарцуулагдана. Дээрх загваруудыг татвартай үнээр авбал 10.4–19.7 сая төгрөг болно. Зөрүү нь 12.3–21.6 сая төгрөг гарч байна.
Баавгай суурин газар руу олноор орж ирсэн нь энэ удаа анх биш. 2019 оны намар зөвхөн Хэнтий аймгийн найман суманд 35 удаагийн тохиолдлоор 40 гаруй баавгай орж ирж байв. 2025 оны наймдугаар сард Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд баавгай хүн, мал руу удаа дараа дайрч, үргээх ажил үр дүнгүй болсны улмаас иргэдийг нүүлгэж байсан удаатай.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хулгайчууд шалтаг гарангуут нь асуудал шийдэх болгондоо л мөнгө хулгайлах гэж үхэн хатан зүтгэх юм аа.
Buur neg tusvuus tsavchjaa yun deer ch hiih yma
Баавгай орж ирсэн биш Сандаг-Очиртон бурзайжээ хөөрхий
Тэрбумаар авсан буугаараа баавгайгаа унтуулж чадахгүй нөгөөх нь хүн барьвал Сандаг-Очирын махаар баавгайгаа хооллох хэрэгтэй шүү..
Ашгүй нэг цавчаа шахаа хулгай шaax нүх гараад ирэв үү. Бөөн баяраа... бөөн бөөн баяраа хө! Тээ?