Нийгмийн

Шадар сайд Н.Номтойбаяр БНКазУ-ын Астана хотын Эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр (2026.09.30) Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотын Эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа. Астана хотод Эдийн засгийн тусгай бүс хоёр байдаг ба үйлдвэрлэл явуулахад 25 хүртэлх жилийн хугацаанд:

  • Газрын татвар 0 хувь
  • НӨАТ 0 хувь
  • Үл хөдлөх хөрөнгийн татвар 0 хувь
  • Газар ашиглалтын төлбөр 0 хувь байна. Мөн тусгай бүсэд импортолсон түүхий эд, тоног төхөөрөмжийн гаалийн албан татвараас чөлөөлдөг байна.

Эдийн засгийн тусгай бүсэд метал бус эрдэс бүтээгдэхүүн, машин механизм, тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, хүнс, хуванцар бүтээгдэхүүн, химийн бүтээгдэхүүн, төмөр замын зүтгүүр, нисэх онгоц болон сансрын хөлөг гэх мэт 20 орчим үйлдвэрлэл явуулдаг.

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улсын Засгийн газраас Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн төслийг боловсруулж, энэ намрын чуулганаар УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж буйгаа онцоллоо. Тэрбээр, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд уг хууль чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд хөрөнгө оруулагчдад газар болон татварын таатай нөхцөлийг бүрдүүлж, дотоодод үйлдвэрлэх боломжгүй бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон дотоодын хүнс, хөдөө аж ахуйн экспортыг дэмжинэ гэдгийг тодотгож байна.

“Астана – Шинэ хот” бүс нь хөрөнгө оруулалт татах, орчин үеийн технологи нэвтрүүлэх, өндөр үр ашигтай, технологийн болон өрсөлдөх чадвартай үйлдвэрлэл хөгжүүлж байна. Харин “Астана – Технополис” эдийн засгийн тусгай бүс нь шинжлэх ухаан, судалгааны чадавхид түшиглэн инновац, өндөр технологи, боловсруулах үйлдвэрлэл болон судалгаа - хөгжүүлэлтийн чиглэлээр төсөл хэрэгжүүлдэг.

Мөн Шадар сайд Н.Номтойбаяр Астанагийн аж үйлдвэрийн паркад үйл ажиллагаа явуулж буй Астана ETKOM мах боловсруулах үйлдвэр, төмөр замын зүтгүүр, эд анги, дохиолол, автоматжуулалт, дижитал шийдэл болон засвар үйлчилгээ үзүүлдэг Wabtec корпорацийн Казахстан дахь салбарт тус тус ажиллав.

Астана хотын Эдийн засгийн тусгай бүсэд үйлдвэрлэл явуулж буй мах боловсруулах үйлдвэр нь өнгөрсөн 9-р сард ашиглалтад орж, түүхий эд хүлээн авахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэл бүрэн автоматжуулсан дамжлагаар ажиллаж байна. Шадар сайдын зүгээс Эдийн засгийн тусгай бүсэд дотоодын хүнс үйлдвэрлэгчдийг дэмжин ажиллахаа илэрхийлж, бүс нутгийн томоохон зах зээлд ханган нийлүүлэлт хийхэд гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллана гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button