"Эпштейний сонсгол" маргааш болно
Жеффри Эпштэйн 2019 онд хүүхдийн хүчирхийллийн хэргээр ял сонссон бөгөөд бэлгийн мөлжлөгийн хэрэгтэн байсан түүнтэй нэр холбогдсон улс орнуудын төрийн албан тушаалтнуудын файл, материалууд ээлжлэн задарсан. Манай Монголын нэр бүхий улстөрчидтэй, тухайлан хэлвэл экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Х.Баттулга нартай холбоотой илэрцүүд ч гарч ирсэн байдаг.
Улмаар Ж.Эпштейнтэй холбогдсон Монголын улстөрчид, түүнийг тойрсон асуудлаарх нээлттэй сонсголыг |2026.10.07|-нд зарласан.
Өчигдөр Хууль зүйн байнгын хорооны үеэр тус сонсголыг санаачилагч Б.Баярбаатар дараах байр суурийг илэрхийлсэн.
"Хоёр хоногийн дараа нэг сонсгол хийх гэж байгаа. Үхсэн хүнийг шүүх гэж байна гээд түмний дунд элэг доог болж байна, би. Гэхдээ манайх Эпштейнээр сонсгол хийх гэж байгаа 20 дахь улс болж томъёологдож байна.
Нэг. Энэ асрамжийн газар чинь хүүхэд үрчлүүлэхдээ ямар нэгэн бичиг баримт хөтөлдөггүй, араас нь санал санаачилга тавьдаггүй юм байна. Тэр Хану гэж галзуу солиотой нөхөр "өнчин охиноор порно кино хийнэ" гээд ярьж байгаа нь буруу биш юм байна.
Хоёр. Энэ хүний нөлөөллөөр Дубайн гэрээ хийгдэж өнөөдөр Монгол улс өдөрт 10 тэрбум ам.долларын хүүний хүүгийн өр зээлэнд ороод явж байгаа юм байна. Яагаад Монгол улсыг энэ хүн сонирхох болсныг судлаад үзэхэд ердөө л байгалийн баялаг.
Гурав. Тусгаар улсын төрийн сонгууль, төрийн нууц гэх зүйл байхгүй болчихсон юм байна. Зүгээр хоёр хүний мэйлийн харилцаа дээр нууцын тамгатай бичгүүд нь дур зоргоороо илгээгдсэн байх жишээтэй. Үүн дээр манай хууль хяналтынхан яагаад ажиллаагүй юм, юу нөлөөлсөн юм.
Дээрх үндсэн гурван сэдвээр ярина. Иргэний нийгмийн байгууллагууд, төрийн захирагааны байгууллагууд оролцоорой. Бидний зөрчигдөж байгаа эрхийн асуудал шүү, цаашлаад бидний үр хүүхдийн эдлэх эрхийн асуудал шүү" гэв.
Видео:
Эпштейн сонсголоор Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын нүүрийг улалзуулна гэгдэж байв. Гэтэл тэдний нэг нь хил даван оджээ.
"Ц.Элбэгдоржид хуулийнхан хилийн хориг тавьж чадаагүй тул тэр хил давжээ" нийтлэлийг ЭНД дарж унших боломжтой.
Ямартай ч Эпштейний хэрэг Ц.Элбэгдорж, Х.Баттулга нартай ийн холбогдсон.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж жирийн нэг танилын холбоотойгоос илүү нь Эпштэйнтэй харилцсан и-мэйлүүдээс нь харагддаг. Израилийн Ерөнхий сайд асан Эхуд Баракийн и-мэйл зардарсны дараа олон мянган хувийн зураг, захидал, шуудан ил болсон бөгөөд тэр Эпштэйнтэй тун ойр харилцаатай байсан нь үүгээр гэрчлэгдсэн юм.
Дээрх и-мэйлд Ерөнхий сайд асан Ц.Элбэгдоржид Олон Улсын энх тайвны институт гэх байгууллагаас зөвлөгөө үзүүлэх баг гаргаж өгсөн бөгөөд гадаад дотоодын экспертүүд багтсан байжээ. Ингэхдээ уг зөвлөх багт Эпштэйн, Эхуд Барак нарын нөлөөлөл өндөр байсан байж болзошгүй.
2013 онд Барак Монголд айлчилж, ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой уулзсанаас гадна батлан хамгаалахын салбарын өндөр албан тушаалтнуудтай мөн уулзжээ. Ингээд энэ ондоо Барак Нью-Йорк хотноо Эпштэйний гэрт уулзалт зохион байгуулсныхаа дараа дээрх зөвлөх баг нь Монголын гол салбаруудад гадны хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой талаар и-мэйлд бичигдсэн байв. Баракийг Монголд айлчлах үеэр Олон Улсын энх тайвны институт гээчийн ерөнхийлөгч Терье Рюп Ларсен мөн Монголд айлчилж таарсан бөгөөд Нью-Йорк дахь Эпштэйний гэрт уулзсан уулзалтад ч мөн байсан аж.
Баракийн хүсэлтээр Израилийн төрийн өмчит “Israel Weapon Industries” компанийн гүйцэтгэх захиралын зүгээс тухайн үеийн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинд "жерико" загварын гар буу хүртэл бэлэглэсэн нь задарсан файлууд дунд байв. Бууг дурсгахдаа хайрцаг дээр “Найрсаг нөхөрлөл, хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг үнэлсний илэрхийлэл болгож” хэмээн бичсэн аж.
Бусад дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж унших боломжтой.
Харин Х.Баттулгатай ингэж холбогддог.
Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан Ч.Ганбат Эйпштэйнтэй и-мэйлээр тогтмол харилцдаг байсан бөгөөд төмөр замын авлигын хэрэгт холбогдож, мөнгө угаасан, хөрөнгө завшсан гэх үндэслэлээр түүнийг интерполоор эрэн сурвалжилж байсан юм. Тэрбээр АНУ руу гарснаас хойш эргэн эх орондоо ирээгүй. Зарим эх сурвалжуудад түүнийг АНУ-ын иргэн болсон хэмээн бичсэн байдаг.
Ч.Ганбат нь Х.Баттулгын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байх үеийн процессийг нэгд нэгэнгүй тайлагнахаас гадна улс төрийн албан шийдвэр, Монголд оффшор бүс нээх, криптовалют нэвтрүүлэх зэрэг асуудал ярьснаас гадна Х.Баттулгын өмнөөс "Тэр танд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж буйг нь дамжуулж өгөөрэй гэсэн. Мафи төрийн эсрэг тэмцэх амаргүй байлаа. Одоо ажил эхэллээ. Та үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна" хэмээн үгийг нь дамжуулдаг байсан нь тодорхой харагддаг. Хариуд нь Эпштэйн "Туслахдаа баяртай байна. Надад мөнгө хэрэггүй" хэмээснээс гадна оронд нь нэгэн эмэгтэйг ус, сэргээгдэх эрчим хүчний салбарт ажилд оруулж өгөхийг хүссэн санал тавьсныг хүлээж авсан байсан юм.
Эдгээр задарсан файл болон и-мэйл, гэрэл зургууд нь Эпштэйнтэй харилцаж байсан тэдний бүрэн мэдээлэл биш бөгөөд хэдий хэр хугацаанд ямар байдлаар хамтран ажиллаж, харилцаагаа ямар шатанд гүнзгийрүүлсэн зэрэг нь учир битүүлэг үлдэж буй.
Өөр бусад улс орнуудын төрийн өндөр албан тушаалтнууд бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштэйнтэй холбоотой нь илчлэгдсэний дараа тэднийг тухайн улсынх нь хуулийг байгууллагууд шалгаж эхэлсэн билээ.
Монголд төрийн тэргүүнээс гадна бүхэл бүтэн улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийг тэргүүлж ирсэн хоёр ч хүний нэр зартай Эпштэйнтэй холбогдлоо. Зүгээр ч нэг ажил хэргийн яриа бус системтэй хамтралын ердөө нэг хэсгээс хөвөрдсөн нь харагдаж буй. Бүрэн тусгаар улсын ямар мэдээллүүд Эпштэйн болон түүний хамсаатнуудын гарт орсон бол гэдэг асуулт ч эндээс урган гарч байна.
Асуултын хариуг сонсголоор тайлах уу, эсхүл зүгээр иргэдэд ийм файл байсан гээд мэдээлэгдээд өнгөрөх үү.
Холбоотой агуулгыг дараах линкээс унших боломжтой.
О.ОНОН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.