УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Говийн ₮1.47 их наядын сэргээгдэх эрчим хүчний төсөл | Хэн ашиг хүртэх вэ

Жилд 140 орчим сая ам.долларыг гадагш урсгаж цахилгаан худалдан авдаг "Оюу толгой"-д зориулж Говьд 1.47 их наяд төгрөгийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хоёр жилийн дотор барихаар төлөвлөжээ. Аукционд шалгарсан түншлэлийн гурван компанийн хоёрын эцсийн өмчлөгч нь Ж.Оджаргал юм. Бидний тооцоолж буйгаар түншлэл хөрөнгө оруулалтаа 11–13 жилд нөхөж, цаашид ашиг хүртэх боломжтой байна.

Хураангуй:

  • Сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилгаанаа $7.90 центээр зарна. Төгрөгт хөрвүүлбэл ₮282.8, "Оюу Толгой"-н импортын тарифаас ₮68.4-өөр бага дүн,
  • Урьд хэрэгжүүлж байсан эрчим хүчний төслүүдээсээ 50 дахин томыг атгасан Ж.Оджаргал, түүний "MCS", “Нэт Зеро Тек” ХХК
  • Дотоодод үйлдвэрлэсэн эрчим хүчийг "Оюу Толгой" худалдан авснаар жилдээ 21 сая ам.доллар хэмнэх боломжтой,
  • СЭХ-ний эх үүсвэрийг байгуулсан түншлэл жилдээ 157.5–189.7 тэрбум төгрөгийг олох тооцоо гарч байна.

Дэлгэрэнгүй:

Нэг.

Шинэ эх үүсвэрийн холбох дээд чадлын хувьд 530 МВт (Оюутолгойн дэд станцад 260 МВт-ын, “Зэс-Оюу” дэд станцад 270 МВт-ын нар, салхины эх үүсвэр холбогдоно) байх бөгөөд байршил болон процедурыг Засгийн газрын 310 дугаар тогтоолоор баталчихсан. Энэ агуулгаар аукционы шаардлага тавигдсан ч "MCS" тэргүүтэй түншлэл 270 мвт-ыг л барина гээд шалгарав. Дуудлага худалдааны үнийн дээд хязгаарыг 9.50 ам.цент/кВт.цагаар тогтоосон, тэд $7.90 центийн үнэ санал болгосон. Энэ нь төгрөгт хөрвүүлбэл ₮282.8, "Оюу Толгой"-н импортын тарифаас ₮68.7-өөр бага дүн юм.

Шалгарсан түншлэл 410 сая ам.долларын (1.47 их наяд төгрөг) хөрөнгө оруулалтыг бүхэлд нь өөрөө гаргана. Өөрөөр хэлбэл энэ нь улсын төсвөөс хөрөнгө оруулалт хийж станц барих төсөл биш. Эрчим хүчний яамны тооцоогоор станц ашиглалтад орсноор "Оюу толгой"-н цахилгааны хэрэглээний 70 хувийг дотоодын эх үүсвэрээс хангах боломж бүрдэнэ.

Ингээд харахад төсөвт дарамт учруулахгүй, валютын гадагш урсгалыг багасгах төсөл мэт харагдана. Гэхдээ үүний цаана анхаарах хэд хэдэн зүйл бий.

Хоёр.

Шалгарсан түншлэл, түүнд багтсан гурван компанийг судалж үзье.

Говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний аукционд “Нэт Зеро Тек” ХХК, “М Си Эс Интернэйшнл” ХХК болон “Өвөр Монголын Эрчим Хүчний Олон Улсын Хамтын Ажиллагаа” ХХК-ийн түншлэл шалгарсан.

Түншлэлд багтсан “Өвөр Монголын Эрчим Хүчний Олон Улсын Хамтын Ажиллагаа” ХХК-ийн талаарх мэдээлэл алга. Ямар туршлагатай, хэзээ байгуулагдсан, Монголд ажил гүйцэтгэж байсан эсэх нь тодорхойгүй. Харин “Нэт Зеро Тек” ХХК, “М Си Эс Интернэйшнл” ХХК-иуд Ж.Оджаргалынх.

“М Си Эс Интернэйшнл” ХХК: Цахилгаан үйлдвэрлэх, дулаан үйлдвэрлэх, эрчим хүчээр зохицуулалтгүй хангах, 100 мвт -аас дээш эрчим хүчний эх үүсвэр барих, угсрах, засварлах, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ эрхлэх, Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг 12 үйл ажиллагааны чиглэлтэй. Дулаан үйлдвэрлэх, Цахилгаан үйлдвэрлэх, Цахилгаан түгээх зэрэг 21 тусгай зөвшөөрөлтэй.

2011 онд Өмнөговийн Цогтцэций суманд Ухаа Худагийн 18 МВт-ын цахилгаан станцыг ашиглалтад оруулсан. Төсөлд 75 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд станц нь уурхай, дэд бүтэц болон сумын иргэдийг цахилгаанаар хангадаг.

Сэргээгдэх эрчим хүчний чиглэлд "М Си Эс Интернэйшнл" 2021 онд Японы JGC, NGK Insulators компаниудтай түншилсэн. Тэд Завхан аймгийн Улиастайд 5 МВт-ын нарны станц, 3.6 МВт.цагийн батарей хуримтлуурыг хамтран барих гэрээ байгуулсан. Энэ нь Монголын анхны батарей хуримтлууртай нарны станц бөгөөд АХБ-ны зээл, Японы JCM механизмын санхүүжилтээр баригдсан. Төсөлд "М Си Эс Интернэйшнл" орон нутгийн барилгын түншээр оролцсон. Говийн бүсийн шинэ төсөл нь Ухаа Худагийн станцаас 15 дахин, Улиастайн нарны станцаас 50 дахин том.

Харин “Нэт Зеро Тек” ХХК-ийн хувьд Инженерийн үйл ажиллагаа болон холбогдох зөвлөх үйлчилгээ, Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр гадаад дотоодын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, менежментийн зөвлөгөө өгөх гэсэн дөрвөн үйл ажиллагааны чиглэлтэй, эзэмшдэг ямар нэгэн тусгай зөвшөөрөл байхгүй, эцсийн өмчлөгч нь Ж.Оджаргал.

Гурав

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд “Эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг дөрвөн жилийн дотор Монгол Улсаас хангана” хэмээн тусгасан ч өнөөг болтол дотоодын эх үүсвэрийг бий болгоогүй. Нэг үгээр хэлбэл манайх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. “Оюутолгой” ХХК 100 хувь БНХАУ-аас буюу Өвөрмонголын цахилгаан түгээх сүлжээнээс эрчим хүчээ авч, жил бүр 150 орчим сая ам.доллар төлж ирсэн. Бүтээн байгуулалт эхэлсэн 2010 оноос тооцвол 17 жилд манай улсын эрчим хүчний салбарыг тэтгэх байсан лав л хоёр тэрбум гаруй ам.доллар гадагш урссан гэх тооцоо бий. БНХАУ-аас эрчим хүчээ авах гэрээ нь 2030 онд дуусна. Энэ цагалбараас урьтаж өөрсдөө эрчим хүчээ үйлдвэрлэн нийлүүлье гэх санаа энд хөвөрч байгаа хэрэг.

Эрчим хүч нийлүүлэх түншлэл, худалдан авах "Оюу Толгой"-д дотоодод үйлдвэрлэсэн сэргээгдэх эрчим хүч ямар ашигтай вэ?

Энэ тооцооллыг хийхийн урьд түншлэлтэй гэрээлсэн хугацааг тодруулах үүдээс албаны эх сурвалжтай холбогдоход "Хэлэлцээ хийж байгаа тул гэрээ байгуулаагүй байгаа. Энэхүү СЭХ үйлдвэр баригдсанаар одоо 100 хувь импортоор авч бгаа эрчим хүч 30 хувийн импорт болно гэж тооцсон ач холбогдолтой" хэмээсэн юм.

Тэгвэл дотоодоосоо эрчим хүчээ авах нь "Оюу Толгойд" ашигтай юу, ашигтай.

ХувилбарЖилийн нийлүүлэлтЖилийн хэмнэлт20 жилийн хэмнэлт
270 МВт-ын станцын тооцоолсон үйлдвэрлэл560–670 сая кВт.ц$11–13 сая $0.21–0.26 тэрбум
Яамны тооцоо (импорт 30% болж буурвал)1.1 тэрбум кВт.ц$21 сая $0.43 тэрбум

"Оюу Толгой" одоо импортын цахилгааныг 9.81 центээр авдаг бол шинэ эх үүсвэрээс 7.9 центээр авна. 1.1 тэрбум кВт.ц-д тооцоход жилд 21 сая ам.доллар хэмнэх боломжтой.

Харин сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг байгуулах түншлэл дараах ашгийг олох боломжтой.

Эхний жилдээ 44–53 сая ам.долларын |157.5–189.7 тэрбум төгрөг| орлого олох боломжтой. Хэрэв гэрээ 20 жилийн хугацаатай байгуулагдвал энэ хугацаанд нийт 0.85–1 тэрбум ам.долларын |3.04–3.58 их наяд төгрөг| борлуулалт хийх тооцоо гарч байна. Харин барихад зарцуулсан 410 сая доллар буюу 1.4 их наяд төгрөгөө 11-13 жилийн хугацаанд нөхөх боломжтой байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

310-r togtooloor 530 мвт барина гэчихээд яагаад ердөө 270 мвт барихаар MCS шалгарч байгаа юм? Үлдсэн чадлыг нь хэн барих юм?

Зочин
Зочин

Оюутолгойн мөнгийг 17 жил Хятад руу урсгаж байхад төр засаг юу хийж байсан юм бэ. MCS орж ирж байж л дотоодоосоо авах ажил эхэлж байдаг.

Зочин
Зочин

ulsiin tusvoos gants ch tugrug garahgui 1.4 ih naayaadyy huviin heshil ni uursdoo bosgoj bgaa ym chin ymar hamaatai ym be, MCS-d bayarllaa.

Зочин
Зочин

Аукцион хийгээд $7.9 цент болгож үнийг нь буулгаж чадсан байна шд. Импортын 9.8 центээс хамаагүй хямд тусч байхад юунд нь шүүмжлээд байгаа юм?

Зочин
Зочин

J.Odjargal l bol buzartai gej hardag egee hoshuuraa boliochee. Hariin structural mungiig dotooddoo uldeej bgaa ni ashigtai bzde.

Зочин
Зочин

Төр өөрөө барьж чадахгүй болохоороо л хувийн хэвшилд өгч байгаа юм. 11-13 жил хөрөнгөө нөхнө гэдэг чинь маш эрсдэлтэй наймаа шүү.

Зочин
Зочин

1.47 ih nayadiin horongo oruulaltiig mgl-iin uur hen baiguulj chadah ym be? MCS-s uur tom kompanid tiim chadvar bhgui shd.

Зочин
Зочин

Жилд 21 сая доллар Оюутолгой хэмнэж, вальт гадагшаа урсахгүй үлдэнэ гэдэг нь манай эдийн засагт маш том хожоо.

Зочин
Зочин

Өвөр Монголын компани түншлэлд нь ямар үүрэгтэй орж байгаа юм бэ? Нууцлаг компаниар халхавч хийгээд байгаа юм биш үү.

Зочин
Зочин

net zero tek gej ymar ch tusgai zuvshuurulgui kompani shalgarch байдаг. Ж.Оджаргал гэдэг нэрээр л ажлаа авч дээ.

Зочин
Зочин

17 jil OT-in mungiig gadagsh n урсгачихаад одоо нэг юм дотоодоос авах гэж байхад заавал улс төржүүлж харлуулах юм.

Зочин
Зочин

Төр өөрөө сэргээгдэх эрчим хүчний төслүүдээ гацаасаар байгаад сүүлд нь дахиад л монопол компанидаа өгчихлөө.

Зочин
Зочин

MCS International-д туршлага нь байна, Ухаа худагийн станцыг амжилттай барьсан. Өөр хэн барьж чадах байсан гэж?

Зочин
Зочин

$7.90 cent gejed төгрөгөөр 282₮ гэдэг чинь маш боломжийн тариф. Импортоос 68 төгрөгөөр хямд байна шүү дээ.

Зочин
Зочин

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 4 жилийн дотор барих ёстой байсан зүйлийг 17 жилийн дараа л хийж байна шд. Төр ажлаа муу хийдэг.

Зочин
Зочин

Говийн бүсэд нар, салхины асар их нөөц байгааг одоо л ашиглаж эхэлж байна. СЭХ-ийг дэмжих нь зөв.

Зочин
Зочин

Ж.Оджаргал мөнгөний төлөө хэт улайрал. Тийм л эх оронч юм бол ТОГТВОРЖУУЛАХ станцыг нь бариад нар,салхины станцаар 30%-ийг нь хангахаар зохицуулалт хийгээч. Т.Доржханд гэж төрийн хутгуур 20 жилийн ял найдвартай . 170 мвт нарны станцын панель солих болоход хэчнээн хэмжээний Панель солино ...тэр хаягдлыг хаана булна гэх үү. ТТ станц баригдахаар 70%, энэ нар салхины станцаас 30% хангахыг төр зохицуулалт хийх ёстой. ТТДЦС -ыг төр 100% санхүүжилт хийгээд барих шаардлагатай. 1 тэрбум $ илүү стратегийн асар их ач холбогдолтой

Холбоотой мэдээ

Back to top button