ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн уул уурхай

Монголын уул уурхай | 500 хүртэлх сая ам.долларын хөрөнгө оруулалтын шинэ боломж

Бид энд Оюутолгойнхоо татварыг бууруулах, ногдол ашгийг хэрхэн хуваах, “Онтрэ”-гийн хоёр лицензийг яажшуухан шилжүүлж “хоёр яс салах” тухай уул уурхайгаа тойрон маргасаар байх зуурт Дэлхийн банк шинэ тооцооллоо танилцуулав. Монгол Улс ноолуур боловсруулалт, сэргээгдэх эрчим хүч, чухал ашигт малтмалын хайгуулын орчноо сайжруулж, тогтвортой байлгаж чадвал дунд хугацаанд 580-880 сая ам.долларын хувийн хөрөнгө оруулалт татах боломжтойг тэд онцолжээ. Тэр дундаа чухал ашигт малтмалын хайгуулд 200-500 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт татах орон зай бий гэж үзсэн байна.

Монголын нүүрсний экспорт рекорд тогтоож өсөж, валютын нөөц есдүгээр сарын эцэст 8.9 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүрч, уул уурхайн компаниудын орлого тэлсэн нь макро эдийн засгийн хувьд эерэг үзүүлэлт мөн.  Харин бид нүүрс, зэсээ өнөөдрийнхөөс илүү үнээр зарж чадахгүй бол улсын эдийн засаг маань хэр тогтвортой байх вэ?

Энэ асуулт зүгээр нэг эдийн засагчдын хэлэлцэх асуудал, сэдэв биш. Уул уурхайн орлого саарахад төгрөгийн ханш, шатахууны үнэ, төсвийн зарлага, цаашлаад аж ахуйн нэгжийн ашиг, өрхийн амьдралд хүртэл нөлөөлөхүйц эмзэг хэвээр байна, манай эдийн засаг. Тиймээс Монголын уул уурхайн өнөөгийн өсөлтийг зөвхөн хэдэн тонн нүүрс экспортолсноор бус, тэр орлогоороо ирээдүйд үнэ цэн орох юу хийж бүтээж байгаагаар нь хэмжих цаг. Нүүрсээ их хэмжээгээр гадагшаа гаргах нэг хэрэг, тэндээсээ хэр их ашиг олох вэ гэдэг нь өөр асуудал.

Ихээр олборлож, зарах нь байнгын их ашиг олох баталгаа болохгүй

2026 оны эхний есөн сард Монголын экспортын орлого 16.6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 54 хувиар өсөөд байна. Үүний 15.8 тэрбум ам.долларыг уул уурхайн экспорт бүрдүүлсэн бөгөөд зэсийн баяжмалын орлого 7.1 тэрбум, нүүрсний орлого 6.1 тэрбум ам.доллар болж өсөв. Дэлхийн зах зээлд манай газрын доорх баялгийн эрэлт, үнэ таатай байх үед Монголын эдийн засаг 7+ хүрч хурдан тэлж чаддагийг энэ өсөлт дахин харуулав. Харин уул уурхайн бус экспорт ердөө 776 сая ам.доллар байгаа нь бүтэц харьцааны хувьд нэн тэнцвэргүй, эрсдэл бүрэн арилаагүйг илтгэнэ. 

Жишээ нь, нэг өрх айл ганц хоёрхон төрлийн хүнсний ногоо буюу төмс, манжин тарьж амьдардаг гэж бодъё. Тухайн жил ногооны үнэ өсөж, ургац сайн байвал орлого нь нэмэгдэнэ. Харин дараа жил үнэ унаж, худалдан авагч цөөрвөл өөр орлогын эх үүсвэргүй учраас амьжиргаа нь хүндэрнэ. Монголын эдийн засаг ч үүнтэй төстэй. Экспортын орлогын дийлэнхийг уул уурхай бүрдүүлж байхад бусад салбарын оролцоо харьцангуй бага хэвээр. 

Нүүрсний жишээн дээр энэ эрсдэл бүр тод харагдана. Монгол нүүрсээ их хэмжээгээр экспортолж байгаа ч худалдан авагч талын эрэлт суларвал үнийг бууруулах шаардлага үүснэ. “Эрдэнэс Тавантолгой” компани сүүлд коксжих нүүрсний биржийн үнийг тонн тутамд 181.5 ам.доллар болгон бууруулсан ч арилжаа идэвхжээгүй тухай мэдээлэл үүнийг нотолно. Өөрөөр хэлбэл, их олборлох нь заавал их ашиг олно гэсэн үг биш. 

Бараагаа хямдруулсан ч худалдан авагч нэмэгдэхгүй бол тэр айлын ч, тухайн  улсын ч орлого өсөхгүй. Тээвэр, олборлолт, боловсруулалтын зардлаа тооцвол борлуулалтын хэмжээ нэмэгдсэн ч ашиг хүссэн хэмжээнд хүрэхгүй байж болно. Тиймээс Монголд зөвхөн нүүрсээ илүү их гаргах бус, худалдан авагчдын хүрээг тэлэх, тээврийн зардлыг бууруулах, зах зээлийн савлагааг даах чадвартай болох шаардлага бий. 

Уран, алт: Шинэ боломж хэдий ч шууд баяжих шидэт гарц биш 

Монголын уул уурхайн дараагийн боломжийг зөвхөн нүүрс, зэсээр хэмжихгүй уран, алт болон эрчим хүчний шилжилтэд хэрэгтэй чухал ашигт малтмалууд гэж үзэж байна. Францын “Орано” компанийн өнгөрсөн зургаадугаар сард эхлүүлсэн Зөөвч-Овоогийн ураны төсөл энэ боломжийн нэг жишээ. Төсөл төлөвлөсөн хугацаандаа хэрэгжиж, 2028 онд үйлдвэрлэлээ эхлүүлбэл Монголын экспортод 30 жил буюу урт хугацааны шинэ эх үүсвэр нэмэгдэнэ. Нэг уурхайг хэдхэн жил ажиллуулаад хаах бус, хэдэн арван жилийн турш үйлдвэрлэл явуулах боломжтой гэдэг нь онцлог.

Гэхдээ ураны төслийг зөвхөн хэдэн тонн бүтээгдэхүүн гаргах, хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах үзүүлэлтээр дүгнэж болохгүй. Усны нөөц, байгаль орчны хамгаалалт, орон нутгийн иргэдийн итгэл, төрийн хяналт чухал. 

Том хөрөнгө оруулалт орж ирлээ гээд өгөөж нь автоматаар иргэдэд хүрэхгүй. Үр өгөөжийг хэрхэн хуваарилах, дотоодын компаниуд төсөлд хэрхэн оролцох, орон нутагт ямар ур чадвар үлдэх вэ гэдэг нь илүү урт хугацааны асуудал юм. Алтны салбар ч бас өөр өнцөг харуулж байна. Монголын Уул уурхайн корпорацийн Баянхөндийн алтны уурхай компанийн орлогод жинтэй хувь нэмэр оруулж байгаа нь нүүрснээс өөр бүтээгдэхүүн ч уул уурхайн бизнесийн чухал хэсэг болж болохыг илтгэх дохио. Гэвч үнийн савлагаанаас хамаарахгүйн тулд ганц шинэ уурхай нээх хангалтгүй. Эдийн засагт уул уурхайгаас гадна боловсруулах үйлдвэр, хөдөө аж ахуй, үйлчилгээ, технологийн бизнесүүд өсөж байж жинхэнэ төрөлжилт бий болно. 

Хөрөнгө оруулагчдад амлалтаас илүү хууль, бодлогын хэрэгжилт чухал 

Уул уурхайн салбарын бас нэг том сорилт бол хууль, дүрмийн тогтвортой байдал. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа, төлбөр, зэсийн нэмэгдэл роялти, орон нутгийн өгөөж, уурхайн хаалт зэрэг олон асуудлыг хамруулжээ. Эдгээрийн цаана төрөөс тавьж буй үндсэн шаардлага нь ойлгомжтой: баялгийг илүү хариуцлагатай ашиглаж, өгөөжийг нь нэмэгдүүлэх. Гэвч хуулийг сайн өөрчлөх, өөрчлөлтийг зөв хэрэгжүүлэх хоёр өөр зүйл. 

Хөрөнгө оруулагч шинэ уурхай нээхдээ өнөөдрийн татварыг л тооцдоггүй. Ирэх 10  жилд ямар нөхцөл үйлчлэх, зөвшөөрөл нь хэр удах, маргаан гарвал хаана, хэрхэн шийдвэрлүүлэхээ бас тооцно. Энгийнээр хэлбэл, бизнес эрхлэгч дэлгүүр нээхдээ түрээсийн гэрээ нь маргааш өөрчлөгдөх эсэхийг мэдэхгүй бол урт хугацааны хөрөнгө оруулалт хийхээс болгоомжилно. 

Уул уурхайн төсөл үүнээс хэд дахин их хөрөнгө, хугацаа шаарддаг учраас дүрмийн тодорхой байдал бүр ч чухал. Гадаадын хөрөнгө оруулагчийн гомдлыг 30 хоногт шийдвэрлэх, их хэмжээний хөрөнгө оруулалтад урт хугацааны тогтворжуулах нөхцөл олгох тухай энэ Засгийн газрын зарласан арга хэмжээнүүд энэ асуудлыг шийдэх зорилготой. Харин бодит үр дүн нь амлалт хэдэн удаа давтагдсанаар бус, хөрөнгө оруулагчийн асуудал үнэхээр хугацаандаа шийдэгдэж байгаа эсэхээр хэмжигдэнэ. 

Чухал ашигт малтмалын ирээдүйн боломжийг ашиглая гэвэл төрд хийх ажил их

Түүнчлэн зэс, лити, никель, графит, кобальт болон газрын ховор элементийн хайгуулын шинэ орд илрүүлэх боломж Монголд байгаа ч үүнийг бодит төсөл болгоход саад тотгор бишгүй бий. Өнөөдөр хайгуул хийх боломжтой газрын ердөө 15 хүрэхгүй хувьд тусгай зөвшөөрөл олгосон гэдэг. Дээрээс нь геологийн мэдээлэл хуучирсан, зөвшөөрөл авах үйл явц ойлгомжгүй, орон нутгийн зөвшөөрөл удаашрах зэрэг нь хөрөнгө оруулалтыг хойшлуулсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, баялаг газар дор байгаа, эсэхээс гадна түүнийг хайж олоход шаардлагатай мэдээлэл, дүрэм журам нь бэлэн, эсэх чухал.

Энд төрийн хийх ажил тодорхой. Геологийн мэдээллээ ядаж шинэчлэх, зөвшөөрөл олголтыг ил тод болгох, хөрөнгө оруулагчдад ижил дүрэм үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэхээс эхэлнэ. Мэдээж экологийн талаас дүрэм журам, тавих шаардлагаа сулруулах биш, харин тодорхой стандарт, найдвартай хяналттай орчин бий болгоход ч анхаарах учиртай. 

Хайгуул амжилттай болж, шинэ уурхай байгуулагдлаа ч тэр нь эцсийн зорилго баймгүй. Монгол компаниуд ханган нийлүүлэлтэд оролцох, ажилчид шинэ ур чадвар эзэмших, орон нутагт бизнес хөгжих, татварын орлого боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцэд үр ашигтай зарцуулагдах үед уул уурхайн өгөөж эдийн засагт илүү гүн шингэнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Л. Ганчимэг

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. "Өнөөдөр" сониноос ажлын гараагаа эхэлж, хэвлэл мэдээллийн салбарт өдгөө 17 дахь жилдээ ажиллаж буй. Өдгөө Eguur мэдээллийн сайтын Ерөнхий редактороор ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button