Х.Нямбаатарыг интерполоор эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаснаас хойш 18 хоног өнгөрчээ
Канад руу сургуульд сурахаар явсан гэх Хотын дарга асан Х.Нямбаатарыг Интерполын хөх булант зар мэдээгээр эрэн сурвалжлуулах хүсэлтээ АТГ-аас прокурорын зөвшөөрөлтэйгөөр гаргасан байна.
Тодруулан хэлбэл, |2026.10.09|-ний өдөр уг хүсэлтээ илэрхийлжээ. Хүсэлт гаргаснаас даруй 18 хоног өнгөрөхөд түүнийг эрэн сурвалжлах зар мэдээ нийтлэгдээгүй, АТГ-аас Х.Нямбаатарыг мөрдөн шалгаж байна.
Х.Нямбаатарыг шалгаж буй үндэслэл:
"Туулын хурдны зам"-ын ажил, Улаанбаатар төслийн гүйцэтгэгчээр шалгарсан нэр бүхий хуулийн этгээдэд урьдчилгаа төлбөр болох 500 тэрбум төгрөг олгохдоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль-ийн 42 дугаар зүйлийн 42.4-т заасныг зөрчсөн гэж үзжээ.Энэ үйл явцдаа Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Гантулгын оронд Т.Даваадалайг томилж дахин захирамж гаргасан бөгөөд улмаар хуульд заасан баталгаа гаргах эрхгүй этгээдэд санхүүжилтийн эрхийг нээж, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон байна.
Мөн төрөөс зарласан 20 орчим тендер сонгон шалгаруулалтад өөрийн хамаарал бүхий этгээдийн компаниар орж шалгарсан, хууль бусаар шалгаруулсан байж болзошгүй үйлдлүүдийг Нийслэлийн прокурорын газрын хяналтад ажлын хэсэг байгуулан шалгаж байна.
Х.Нямбаатарыг яллагдагчаар татах санал гаргасныг прокурор есдүгээр сард баталсан байдаг. Гэвч Х.Нямбаатар тогтоол гарахаас хэдхэн хоногийн өмнө хилээр гарсан бөгөөд яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар холбогдох газруудаас хандсан ч ирээгүй, одоогоор хаана байгаа нь тодорхойгүй байгаа аж.
Интерполоор эрэн сурвалжлах агуулгад Х.Нямбаатар дараах байр суурийг илэрхийлээд байгаа юм.
Тэрбээр "Намайг Интерполоор эрж байгаа, сурвалжилж байгаа, нэг л их том хулгай хийсэн гэсэн зохиол бичиж байна. Туулын хурдны замыг хүчээр зогсоосон, урьдчилгаа төлбөр болох 500 тэрбум төгрөг АТГ-ын битүүмжлэлд бий. Нэг сохор зоос ч дутаагаагүй. Гэрээ юм чинь урьдчилгаа төлбөр өгөх нь мэдээж. Харин зураг төсөлгүй ажил эхлүүлсэн гэхэд хариу хэлэхэд үүнийг тусгасан Засгийн газрын тогтоол бий. Энэ тогтоолыг Н.Учрал өөрөө батлуулсан. Хэрэв энэ буруутай үйлдэл юм бол Н.Учралд ч гэсэн хэрэг үүсгэж, надтай хамт шалга гэж АТГ-ын дарга З.Дашдаваад хэлмээр байна" хэмээсэн юм.
Тэгвэл Х.Нямбаатарыг эрэн сурвалжлуулахаар хандсан Интерполын "хөх булант" зар мэдээнд ямар хүмүүсийг эрэн сурвалжлуулдаг вэ?
Интерполын "хөх булан" (Blue Notice) нь хүнийг баривчлах зорилготой биш, харин хүний байршил, хэн болох, гэмт хэрэгтэй холбоотой үйл ажиллагааны талаар нэмэлт мэдээлэл цуглуулах зорилгоор гаргадаг олон улсын мэдэгдэл юм. Гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд ач холбогдолтой этгээдийн талаар гишүүн орнуудаас мэдээлэл авахад ашигладаг.
Хөх буланд сэжигтэн болон хэрэгт холбогдсон этгээд, гэрч, хохирогч зэрэг хүмүүсийг эрэн сурвалжилдаг. Сэжигтний хувьд байршил нь тодорхойгүй боловч баривчлах шийдвэр хараахан гараагүй, эсвэл баривчлах хангалттай үндэслэл дутмаг үед хөх булан гаргадаг. Хэрэгт ач холбогдолтой мэдээлэл өгч чадах гэрч, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа хохирогчийг олоход ч ашиглана. Үүнээс гадна хэн болох нь тодорхойгүй хүний биеийн байцаалтыг тогтоох, олон улсын хэмжээнд зорчдог хүний урьд өмнө үйлдсэн гэмт хэрэг, хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл цуглуулахад хэрэглэнэ.
Хөх булан нь улаан буланаас ялгаатай нь баривчлах үүрэг үүсгэдэггүй. Мэдэгдлийг хүлээн авсан гишүүн улс өөрийн хууль, журмын дагуу хэрхэн хариу өгөхөө өөрөө шийднэ. Мэдэгдлийг тухайн улсын Интерполын Үндэсний төв товчоо Интерполын Ерөнхий секретариатаар дамжуулан гаргуулдаг бөгөөд Монгол Улсад энэ үүргийг Цагдаагийн ерөнхий газар дахь товчоо гүйцэтгэдэг.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
H.Nyambaatar gsed l Canada ruu surguulid orood zugtaasan chine odoo Interpol-oor xajil n garch l bna shd