НИЙГЭМНийгэм мэдээ

Хүүхдийн эмч Ж.Болорчимэг: Хүүхэд ханиад хүрлээ гээд дураараа эм өгч огт болохгүй

Өвөл хаяанд ирж, хүйтний ам наашиллаа. Улмаар томуу, томуу төст өвчний улирлын идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд амралтын өдрүүдэд ажиллахаар болсон.

Өнөөдрөөс буюу энэ сарын 17-18, ирэх амралтын өдрүүд болох 24-25-нд нийслэлийн 150 өрхийн эрүүл мэндийн төв болон дөрвөн тосгоны эрүүл мэндийн төв 11:00–16:00 цагийн хооронд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх юм. Бид томуугийн тархалт, шинж тэмдгийн талаар БЗД-ийн 15-р хорооны "Цэдэн Эрдэнэ" ӨЭМТ-ийн хүүхдийн эмч Ж.Болорчимэгээс тодрууллаа.

-Ханиад хүрсэн л бол цаг алдалгүй эмчид үзүүл-

-Томуугийн дэгдэлтийн улирал үндсэндээ эхлэх гэж байна. Өрхийн эмнэлэг хэр зэрэг ачаалалтай ажиллаж байна вэ?

- Жил бүрийн аравдугаар сарын сүүл, 11-р сарын эхэн үеэс томуу, томуу төст өвчний идэвхжил эхэлдэг. Оргил үе 12-р сараас нэгдүгээр сар гэж үздэг. Хэзээнээс хүйтэрч эхлэхээс шалтгаалаад хугацааны хувьд харилцан адилгүй байдаг. Өрхийн эмнэлэг уртасгасан цагийн хуваарьт шилжиж амралтын өдрүүдээр 11:00-16:00 цагийн хооронд ажиллахаар болсон. Ачаалал бол ихсэх төлөвтэй байна. Ер нь өрхийн эмнэлэг үргэлж л ачаалал ихтэй ажилладаг.

-Энэ жилийн тухайд ямар төрлийн ханиадны вирус түгээмэл тархаж байна. Ирж байгаа хүүхдүүдийн нас болон шинж тэмдгийн тухайд?

-Гадуур томуугийн А хүрээний вирус түгээмэл тархсан нь ажиглагдаж байна. Шинж тэмдгийн тухайд өндөр халуурах, ядрах шинж тэмдэг илэрнэ. Харин хүндрэх юм бол бөөлжих, суулгах шинж тэмдгүүд илэрч байна. Энэ жилийн ханиад богино хугацаанд уушгинд цочрол өгч гэмтээх цаашлаад хатгаа болох эрсдэл ажиглагдсан. Ихэвчлэн 0-5 насны буюу нярай хүүхэд өвчлөх нь түгээмэл. Тэдний дархлаа, бүрэн тогтоогүй учраас хүндрэх эрсдэл ихтэйг санах учиртай.

-Хэрэв ханиадны шинж тэмдэг илэрвэл гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авах вэ?

-Би бол ханиадны шинж тэмдэг илэрсэн л бол эмнэлэгт ханд гэж зөвлөнө. Манай эцэг эхчүүдийн гаргадаг түгээмэл нэг алдаа бий. Хүүхэд маань ханиад хүрэх нь гээд өөрсдийн дураар антибиотик өгдөг. Энэ нь маш буруу эмчилгээ. Антибиотикийн буруу хэрэглээнээс болж хүүхэд хордлого болох ханиад улам хүндрэх зэрэг олон эрсдэлийг дагуулна. Тиймээс хамгийн зөв арга бол цаг алдалгүй эмчид үзүүлж зохистой эмчилгээ бичүүлэх хэрэгтэй.

-Томуугийн төрлийн вирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг манай уншигчдад өгөхгүй юу?

-Ер нь бол маш энгийн шүү дээ. Дулаан байх, ядрахгүй сайн унтаж амрах, шаардлагагүй тохиолдолд хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг зөвлөх байна. Мэдээж ханиад томууны улиралд амны хаалтыг тогтмол хэрэглэх нь эрсдэлээс хамгаална.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button