Ярилцлага

Э.Дашням: Морин дэл дээр уртын дуу дуулаад давхих мөн ч сайхан шүү

“Монгол HD” телевизээс зохион байгуулсан “The Voice of Mongolia” шоуны энэ улирлын дугаарт шилдэг дөрөвт шалгарсан Э.Дашнямтай ярилцлаа. “Өнө мөнх орон”, “Нэргүй салхи”-ийг дуулсан нь олны талархлыг ихэд хүлээсэн, монгол түмний хамгийн хайртай оролцогчдын нэг нь тэр мөнөөс мөн. Э.Дашням монгол дууны шатанд “Нэргүй салхи”, “Гавалмаа”-г хоршуулан дуулсан нь дэлхийн шилдэг үзүүлбэрийн нэгээр шалгарч, монгол дуу, монгол дуучин дэлхийд үнэлэгдсэн юм. Байгаагаараа, эгэл боргил зангаараа, эвлэгхэн, мэдрэмжтэй хоолойгоороо олонд танигдсан түүний өвөө нь Монгол Улсын төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Монгол Улсын Төрийн дуулал, “Хэнтийн өндөр ууланд” хийлийн гоцлолыг бичсэн, алдарт хөгжмийн зохиолч, удирдаач Билэгийн Дамдинсүрэн.

 “VOICE-д ОРОЛЦСОН МААНЬ МИНИЙ АМЬДРАЛЫН НЭГЭН ГАЙХАЛТАЙ АЯЛАЛ БАЙЛАА

-Юуны өмнө “The Voice of Mongolia” шоунд оролцон, монгол түмний хүндлэлийг хүлээн, хайртай дуучин нь болсон танд баяр хүргэе.

-“Монгол HD” телевизээс зохион байгуулсан дэлхийд алдартай шоунд оролцон, чамгүй сайхан амжилт гаргалаа. Олон сайхан хүнд эгшиг аялгуу хүргэн, ардын болон уртын дуугаа монгол түмэндээ сурталчлан таниулсандаа баяртай байна. Амьдралын маань нэгэн гайхалтай аялал байлаа. “Voice” маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн, хөрөнгө зарцуулсан нүсэр шоу. Цар тахлын үед монгол түмэндээ ийм сайхан шоуг үзүүлж, сонорыг нь мялаасан “Монгол HD” телевизийн хамт олондоо баяр хүргэмээр байна.

-Шоу дуусаад нэлээд хэд хонолоо. Гэртээ харьж амжив уу?

-Манайх Төв аймгийн Баянхангай, Баян сумын голд оторлож байгаа. Гэртээ очиж, хоёр хоночхоод ирлээ. Аав, ээждээ хэд хоног туслангаа сайхан амарлаа. Урлагийн хүний ажил их, зав муутай. Аав, ээждээ ойр ойрхон очиж амждаггүй. Тэд минь намайг их эрхлүүлж өсгөсөн. Хол, үргэлж уулзахгүй байхаар хүүгээ их санадаг гэнэ лээ. Нас ахих тусам үргэлж дэргэдээ байлгахыг хүсдэг бололтой. Би ч аав, ээж дээрээ үргэлж л очиж, тус дэм болохыг хичээдэг. Даанч тэр бүр зав гарахгүй юм аа.

-Таны үзүүлбэрийг аав, ээж нь Улаанбаатарт ирж, үзэгчдийн суудлаас үзсэн үү?

-Сүүлийг шатны өрсөлдөөнийг ээж ирж үзсэн. Бусад шатны үзүүлбэрийг үзэж амжаагүй. Хавар мал ид төллөөд, завгүй үетэй нь давхацсан юм. Тэгээд ч хөдөөний ажил ямар их билээ, барагдахгүй. Хоёулхнаа шахам байдаг болохоор бүл муутай. Ээж минь нулимс ойртой. Миний үзүүлбэр гарахаар уйлаад үздэг гэнэ лээ. 

ААВ, ЭЭЖ ХОЁР НУТАГТАА “ОД” БОЛСОН БАЙНА ЛЭЭ

-Зурагтаар л хүүгийнхээ үзүүлбэрийг үзэж суусан аав тань юу гэв?

-Аав минь дотогшоо, дуу цөөтэй. “Хүүдээ баяр хүргэе” гээд үнссэн. Өөр юм хэлээгүй. Их баярлаж байна лээ. Манайх отор хийж яваад удаж байгаа. Тэр хавийн малчид “Voice”-д оролцдог Э.Дашнямын аав, ээж хоёр” гээд анддахгүй. Аав, ээж хоёр нутагтаа ёстой “од” болсон байна лээ (инээв).

-Хөдөө малын бэлчээрт, морьтой давхиж явахдаа дуулах их сайхан. Та ер нь адуунд явж, нутгийнхаа жаврыг үргээв үү?

-Тэгэлгүй яах вэ. Бараг гэртээ харингуутаа л адуу руугаа давхисан. Нөгөө кинонд гардаг Засагт ханы “Цахиур” Төмөр шиг л давхилаа (инээв). Би багаасаа морь унаж, уртын дуу дуулж өссөн. Хоёр ой гарантай байхдаа морь унаж сурсан. Дөрвөн нас хүрээд хурдан морь унасан. Гийнгоо их аялгуулаг. Уртын дуутай дөхүү. Хурдан морь унан, гийнгоолж өссөн нь намайг уртын дуучин болоход их нөлөөлсөн. Уртын дуучин болохын эхлэл, суурь болсон л доо.

50-ИАД УРТЫН ДУУ МЭДНЭ

-Та ер нь ямар уртын дууг дуулах илүү дуртай вэ?

-Хөдөө, адууны захад уртын дуу дуулах их сайхан. Ихэнхдээ “Эр бор харцага”, “Эрдэнэ засгийн унага”-ыг дуулаад явах сайхан шүү. Нутгийн уул, ус сонсон, баярлаад ч байгаа юм шиг гоё мэдрэмж төрдөг. СУИС-ийн сургалтын хөтөлбөрийн дагуу жилд 10 дуу сурсан. Тэгж бодохоор ойролцоогоор 50-иад уртын дуу мэднэ.

-Уртын дууг адууны захад, морин дэл дээр дуулах, тайзан дээр, тодорхой хязгаарлагдмал орон зай дотор дуулахад төрөх мэдрэмж өөр, өөр байх, тийм үү?

-Тийм шүү, тэс өөр. Морин дэл дээр уртын дуу дуулаад явах мөн ч сайхан шүү. Төгс зохицдог, эвлүүлсэн шоо шиг болдог байхгүй юу. Монголчууд уртын дууг хөдөө хээр явж байхдаа, морин унаад давхиж явахдаа л зохиосон шүү дээ.

БИЛЭГИЙН ДАМДИНСҮРЭН ӨВӨӨДӨӨ ЗОРИУЛЖ УРАН БҮТЭЭЛ ГАРГАН, СУВАРГА БОСГОНО

-Та Монгол Улсын төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Монгол Улсын Төрийн дуулал, “Хэнтийн өндөр ууланд” хийлийн гоцлолыг бичсэн, алдарт хөгжмийн зохиолч, удирдаач Билэгийн Дамдинсүрэнгийн зээ хүү. Өвөөдөө зориулж уран бүтээл гаргах бодол бий юү?

-Байгаа. Өвөөгийн тухай баримтат кино олон бий. Тиймээс өвөөгийнхөө тухай, гэгээн дурсгалд нь зориулсан дуу хийн, суварга босгох бодолтой явна.

-Та өвөөгийнхөө хөгжим зохиох авьяасыг нь өвлөсөн үү?

-Өвөөг нас барснаас хойш жилийн дараа би мэндэлсэн юм билээ. Ээжийн минь аав нь. Хүмүүс намайг Билэгийн Дамдинсүрэнгийн зээ хүү гэдгийг мэдсэний дараа хариуцлага улам нэмэгдсэн. Өвөг дээдсийнхээ ариун нэр алдрыг гундаахгүй, дээш нь өргөж явах нь үр хойч бидний үүрэг хариуцлага. Үүнийг л сайн ухамсарлаж, биелүүлж явахыг хичээдэг. Хөгжмийн ая зохиох талыг авьяастай эсэхээ мэдэхгүй. Оролдож байгаагүй болохоор тэр л дээ. Дуулах, дуугаа мэдрэхийн тал дээр яалт ч үгүй өвөөгөөсөө өвлөсөн авьяас.

-Аав минь хүү болон мэндэллээ гэж аав, ээж нь бэлгэшээдэг үү?

-Өө, энэ  талаар ёстой сайн мэдэхгүй. Яг тэгж бэлгэшээдэг гэж ярьж байгаагүй. Гэхдээ нэг сонин зүйл бий. Өвөө минь 1919 оны арванхоёрдугаар сарын 15-нд мэндэлсэн юм билээ. Би 1993 оны арванхоёрдугаар сарын 14-нд төрсөн. Тэгэхээр төрсөн өдөр бараг адилхан шахуу. Өвөөгийнхөө уран бүтээлүүдээс Монгол Улсын Төрийн дуулал, “Хэнтийн өндөр ууланд”-д дуртай. Ер нь бүх бүтээлийг нь шимтэн сонсох дуртай, үнэхээр гоё.

ӨВӨӨГИЙН МИНЬ СИМФОНИОС СЭДЭВЛЭСЭН ДУУГ УКА ШҮҮГЧТЭЙ ХАМТ ДУУЛАХ САЙХАН БАЙЛАА

-Ука “Уул” дуугаа “Хэнтийн өндөр ууланд”-аас сэдэвлэн хийсэн юм билээ. Өвөөгийн тань аянаас сэдэвлэсэн уран бүтээлийг Укатай хамтарч дуулахад илүү дотно агаад хариуцлагатай байсан уу?

-Тэгсэн. Ука эгч “Уул”-ыг хэдэн жилийн өмнө гаргасан, хит болчихсон байсан дуу. Тэрбээр “Хувь тавилан гэж их сонин юм аа. Мундаг хөгжмийн зохиолчийн зээ хүүтэй нь хамт “Уул” дуугуу дуулах ховор тохиолдол” гэсэн. Надад ч бас их сайхан байлаа.

-Шүүгчид багийнхаа гишүүнтэй хамтран өөрийнхөө нэг уран бүтээлийг дуулсан. Ука та хоёрын хэв маяг ондоо. Тэрбээр ямар дуугаа тантай дуулах нь олны сонирхлыг их татсан. Танд ч мөн сонирхолтой байсан уу?

-Ёстой тэгсэн шүү. Ука шүүгчтэй хамт ямар дууг нь дуулах надад ч их сонирхолтой санагдлаа. “Маргаашийн нар руу хамт аялах уу”, “Don’t stop” зэрэг дуугаа дуулъя гэвэл юу болох бол гэж бодсон. Учир нь бид хоёрын хэв маяг, стиль ондоо. Ука шүүгч “Уул”-ыгаа дуулъя гэсэн. Өвөөгийн аянаас сэдэвлэсэн болохоор надад их дотно, ойр байлаа. 

УКА ШҮҮГЧ МОНГОЛ ТҮМЭНДЭЭ ЯМАР ИХ ХАЙРТАЙ, ХҮНДЭЛДГИЙГ НЬ ТЭГЭХЭД УЛАМ МЭДЭРСЭН

-Энэ үзүүлбэрээр, бас “Voice-ын сүүлчийн шатны зураг авалтад оролцсоноороо Ука урлагийн хүн ямар тэвчээртэй, хатуу байх учиртайг үлгэрлэсэн. Аав нь нас бараад хэдхэн хоноод байхад юу ч болоогүй юм шиг инээмсэглэн, монгол түмнээ, шоуны хамт олныг, таныг хүндлээд оролцох, тантай дуу дуулах хэцүү байсан нь мэдээж. Танд ч мөн амаргүй байв уу?

-Ука шүүгчээр үнэхээр их бахархсан. Ижий, аав хүнд ганц. Аав нь өөд болохоор сэтгэл санаа нь ямар хүнд байсан нь ойлгомжтой. Сар болчихсон байсан бол бас арай гайгүй шүү дээ. Гэтэл хоёр гуравхан хоноод байсан. Ука эгч үнэхээр дайчин, тэвчээртэй, сэтгэлийн тэнхээтэй. Гаднаа инээмсэглээд, дотроо уйлаад, түүнийгээ үзэгчдэд мэдэгдэхгүй гэж хичээгээд л дуулсан, шоуны сүүлчийн шатны зураг авалтад оролцсон. Урлагийн амьдрал ямар хатуу нь үүнээс их мэдрэгдсэн. Ука эгч монгол түмнээ гэр бүл, ижий аваасаа ч  илүү хайрлаж, хүндэлдэг юм билээ. Юу ч тохиолдсон ямар нэгэн юм болоогүй юм шиг тайзан дээрээ дуулаад, ард түмнээ баясгах нь урлагийн хүний үүрийг. Үүнийг Ука шүүгч үлгэрлэлээ. Эгчээрээ үнэхээр бахархаж байна.

-Шоунд оролцох шийдвэрийг хэрхэн гаргав. Нэлээд эртнээс төлөвлөн, зориод өрсөлдсөн гэж дуулсан. Ер нь “Voice-д оролцох санаа танд хэдийнээс төрөв?

-Би 2012 оноос уран бүтээл хийж эхэлсэн. Нэлээд зүтгэсэн, цөөнгүй уран бүтээл гаргасан ч яг нэг чанга атгамаар амжилтад хүрэхгүй байв. Уран бүтээл гаргахад өртөг өндөртэй. БНСУ-д хүртэл ажиллаад олсон мөнгөөрөө уран бүтээл хийж байлаа. “The Voice of Mongolia” шоуг анх гарахад нь л оролцъё гэж бодсон. Тэгээд зориглоод өрсөлдлөө.

ТҮРҮҮЛЭХ ТАЛААР ЕР БОДООГҮЙ. АРДЫН, УРТЫН ДУУГАА ОЛОНД ТАНИУЛАХ, СУРТАЛЧЛАХ Л ЧУХАЛ БАЙЛАА

-Мэдээж оролцогч бүрийн зорилго өөр. Олонх нь өөрийгөө нээе, олонд таниулъя, түрүүлье гээд өрсөлдсөн байх. Та ямар зорилго тавин, түүндээ хүрэхийн төлөө зүтгэсэн бэ?

-Ер нь нэг их айхтар түрүүлье, ёстой том амжилт гаргая гэж бодоогүй. Ардын урлаг, уртын дуугаа олонд таниулъя, сурталчилъя гэж л зорьсон. Цар тахалтай, хүнд нөхцөлд байгаа өнөө цагт монгол түмнээ сайхан дуу, аялгуугаар жаргаая гэж бодсон юм. Тайзан дээр гарч дуулан, үзүүлбэрээ үзүүлэх бүртээ тэгж бодлоо. Урлаг өөрөө гэгээлэг, гайхалтай зүйл. Тийм болоод ч тэр үү, түрүүлж чадсангүй, хасагдчихлаа гэх бодол надад огт төрөөгүй.

Би эхний шатанд “Хурд” хамтлагийн “Бүсгүй” дууг дуулсан. Эцсийн мөчид Д.Отгонбаяр гавьяат эргэж харах хүртэл “Хасагдчих вий дээ” гэж эмээсэн. Дуулаад  эхлэнгүүт үзэгчид алга ташин, дагаж түрэхэд гоё мэдрэмж төрсөн шүү. “Бүсгүй”-г өөрийнхөөрөө сайхан дуулаад, үзэгчдийн хүртээл болгочихьё гэж бодсон. Мэдээж эхний шатандаа тэнцээд дараагийнхад нь өрсөлдөх сөн гэж зорилгүй яах вэ. Олдсон боломжийг алдахгүй, чанга атгахын төлөө зүтгэсэн дээ. Эцсийн мөчид Отгоо ах ганцаараа эргэж харсан нь бүх зүйлийн эхлэл байлаа. Хэрвээ Отгоо ах намайг тэнцүүлээгүй бол өнөөгийн амжилтад хүрэхгүй байсан шүү дээ. Д.Отгонбаяр шүүгчдээ үнэхээр их баярлаж явдаг. Цааш алхах боломж надад олгосон, энэ бүх зүйлийн жимийг гаргаж өгсөн юм шүү.

ӨМӨЗО-ны АЛДАРТ ДУУЧИН ЦЭЦЭГМАА Э.ДАШНЯМД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛСЭН

https://www.facebook.com/tengerlig.muumyangan/videos/1761365797338730/UzpfSTEwMDAwMjIwNjYzNzIyNTozMDk2NTUzODA3MDk0ODEw/

-Та монгол дууны шатанд “Нэргүй салхи”, “Гавалмаа”-г дуулсан. “Нэргүй салхи” дууг дуулсан уран бүтээлч, Өвөр Монголын алдарт дуучин Б.Цэцэгмаа танд баярласнаа илэрхийлсэн байна лээ. Та тэр бичлэгийг нь үзсэн үү?

-Үзсэн. Тийм алдартай дуучин намайг үнэлсэнд үнэхээр баярласан.

-Түүнтэй холбоо барьсан уу?

-Үнэнийг хэлэхэд чадаагүй. Мэдээж холбоо барин, уулзахыг хүсэж байна. Өмнө нь “Нэргүй салхи”, “Гавалмаа”-г огт дуулж байгаагүй. Ука эгч “Нэргүй салхи”-ыг дуулахыг санал болгосон юм. Тэгээд нэг дуутай хоршуулж дуулмаар байна гэсэн. Бодож, бодож байгаад үндсэн мэргэжлийнхээ дагуу, илүү ойр гээд “Гавалмаа”-г сонголоо. Их гоё хоршил болсон. Олонд ингэж хүрнэ гэж ер төсөөлөөгүй. Зүгээр л чин сэтгэлээсээ, гоё дуулъя л гэж бодсон. Монгол түмэндээ аз жаргал бэлэглэе, тал нутгийн агаар салхи, уул ус, эх орныхоо бүхий л сайхан зүйлийг мэдрүүлэхийг хичээсэн.

ГАДААД ДУУГ ТААРУУ ДУУЛЛАА ГЭЖ ХҮМҮҮС ШҮҮМЖЛЭХЭД ЭМЗЭГЛЭЭГҮЙ. АЛДААГАА ЗАСАХ БОЛОМЖ Л ГЭЖ ХАРСАН

-Сүүлийн хоёр шатанд оролцогчид гадаад дуу дуулсан нь танд сул тал боллоо. Мэдээж бэлтгэлийн хугацаанаас авхуулаад юм, юм л үүнд нөлөөлсөн байх. Та өмнө нь гадаад дуу дуулж байсан уу?

-Ёстой дуулж байгаагүй. Нөгөө талаар бэлтгэлийн хугацаа их богино байлаа. Би гэлтгүй бүх оролцогч сүүлийн хоёр шатанд дуулсан үзүүлбэрээ тус бүр долоо хоногийн дотор бэлдсэн шүү дээ. Дуугаа сонгох гээд нэг, хоёр хононо. Өмнө нь гадаад дуу дуулж байгаагүй болохоор хүндрэлтэй байлаа. Үнэнийг хэлэхэд надаар ямар дуу дуулуулах сонголт хийхэд Ука шүүгчид төдийгүй шоуг зохион байгуулагчдад ч амаргүй байсан шүү дээ. Олон түмний, багийнхныгаа, “Монгол HD” телевизийн хамт олны итгэлийг алдахгүйн төлөө их хичээлээ.

-“Өнө мөнх орон”, “Нэргүй салхи”-ийг дуулсан тань олны сэтгэлд их хүрсэн, одоо ч хүмүүс шимтэн сонссоор байгаа. Таныг тэгж их хичээн байж сүүлийн хоёр шатанд гадаад дуу дуулсны дараа нөгөө дэмжиж, магтаж байсан хүмүүс гэнэт шүүмжлэхэд эмзэглэсэн үү?

-Эмзэглээгүй. Юу гэж тэгэх вэ. Харин эсрэгээрээ хүмүүсийн шүүмжлэлийг бодитоор, эергээр хүлээн авч, алдаа, дутагдлаа засах тал дээр анхаарсан. Намайг улам сайжраасай гэсэндээ л тэгж шүүмжилсэн байх. Ер нь би шүүмжлэл, магтаал аль алиныг нь эергээр хүлээж авдаг.

-Дуулах ур чадвараас гадна өөрийнхөөрөө, эгэл байгаа тань олонд их таалагдсан, хүндлэгдсэн. Ерөөсөө баг зүүгээгүй, байгаагаараа л байгаа тань энэ үү?

-Тийм ээ. Өөрийн унаган зангаараа л байя, өөрчлөгдье гэж боддоггүй юм дөө. Эр хүн нэг л зангаараа байх сайхан. Камерын өмнө гэнэт өөр зан гарган, баг зүүгээд ч яах юм билээ. Би үнэндээ тэгье гээд ч чадахгүй. Ганц сураагүй зүйл минь тэр.

-Та түрүүн “Ардын, уртын дуугаа монгол түмэндээ таниулах, сурталчлах зорилготой өрсөлдсөн” гэсэн. Шилдэг дөрөвт үлдэхэд хүн л болсон хойно түрүүлчих юм сан гэж шунах юм уу?

https://www.youtube.com/watch?v=BQGtTeOEyWY

-Ер нь надад нэг их тийм шунал байдаггүй юм өө. Түрүүлье гэж ерөөсөө болоогүй. Аяндаа ард түмэн шүүгээд, хэн нь шилдэг гэдгийг тодруулчих юм чинь тэрэн дээр шатаад, шунах шаардлага ерөөсөө байхгүй. Хамгийн гол нь дуугаа сайхан дуулаад, олны итгэлийг алдахгүй байх л чухал байлаа.

-“Финалд Ядам, Оюу хоёр үлдлээ” гэхэд танд юу бодогдсон бэ?

-“Хоёр мундаг оролцогч үлдлээ, чадлынхаа хэрээр дэмжинэ ээ” л гэж бодсон.

УКА ААВДАА ЗОРИУЛЖ БҮТЭЭСЭН ДУУГ НЬ ОЛНЫ ХҮРТЭЭЛ БОЛГОВ

https://www.facebook.com/mongoltv/videos/579108292789488/UzpfSTEwMDAwMzYyOTQ3MzA4NjozMDYwNjExMjk0OTk0MTQ6MTA6MDoxNTkzNTg2Nzk5Oi0xMjExMjY1ODgxMjQ2Mjk5Mjg0/?__tn__=%2CdK-R-R&eid=ARAMDGV2X64E0sMl7cSS9Q7zFAn7rjKpju9yFm_1oD_sD45mL5NGYAvHBM9oG2UcPnOYF6NdGTTZT3E7&fref=mentions

-Сүүлчийн дөрвөн оролцогч хэрвээ финалд шалгарвал гээд тус бүртээ нэг уран бүтээл бэлдсэн. Та ямар дуу дуулахаар бэлдсэн байсан бэ?

-Ука эгч аавдаа зориулж маш сайхан үг, аятай дуу хийсэн юм. Тэр дууг нь дуулахаар бэлдсэн байсан. Энэ дуугаа өнөө орой (өчигдөр) “The Voice of Mongolia” шоуны тусгай дугаараар олны хүртээл болгоно.

-СУИС төгссөн, 2012 оноос хойш урлагийн салбарт хөдөлмөрлөж буй Э.Дашням “Voice-д орсноор өөрийгөө шинээр хэрхэн нээв, хэдэн шат ахив?

-Нэлээд олон шат ахисан. СУИС-д ачит багш нараасаа их зүйл сурсан. Төгссөнөөсөө хойш, “Voice”-д оролцоод мөн их зүйл сурлаа, өөрийгөө шинээр нээлээ. “Монгол HD” телевизийн хамт олон үнэхээр гайхалтай, хөдөлмөрч. Шоуны үеэр өглөө бүр 05.00-06.00 цагт цугларна. Орой 23.00-24.00 цагийн үед харина. Жил шахам хугацаанд ийм ачаалалтай ажиллах ямар хэцүү билээ. Энэ хугацаанд нэг нь ч ядарч, өлсөж байна гэж хэлээгүй. Бүгд ажлаа жаргаж хийдэг гайхалтай хамт олон. “Монгол HD” телевизийн хамт олон, шоуг зохион байгуулагчид, арын албаныхан гээд олон хүн бидний төлөө тэгж их хөдөлмөрлөн, хичээсний үр дүнд энэ шоу ийм амжилттай болсон юм шүү.  

Нөгөө талаар коронавирусийн халдварын үед “Voice”-ыг амжилттай зохион байгуулах нь “Mongol HD” телевизийн хувьд том сорилт байлаа. Улсын онцгой комиссоос өгсөн чиглэл, зааврын дагуу шоу хийх, энэ олон хүнийг халдвараас сэргийлэх нь өөрөө нүсэр ажил. Шоу хийхийн хажуугаар энэ бүхнийг зохицуулах ажиллагаа ихтэй байсан нь мэдээж. Бид нарт ямар нэгэн бэрхшээл ер гараагүй. Оролцогчид өглөө бүр халуунаа үзүүлж, асуумж бөглөнө. Цаг тутамд халуунаа үзүүлнэ. Оролцогч бүрт энгэрийн, тайзны микрафоныг тусад нь өгсөн. За, тэгээд “Монгол HD” телевизээс халдварын эсрэг хэрэгжүүлсэн арга хэмжээ олоон олон. Тэгж хариуцлагатай, нямбай ажилласных нь үр дүнд л коронавирусийн халдварын үед “Voice” шоу амжилттай дууссан.

ОЛНЫ ИТГЭЛИЙГ ХӨСӨРДҮҮЛЭХГҮЙ БАЙХ Л ЮУ ЮУНААС ИЛҮҮ ЧУХАЛ БАЙНА

-Монгол түмэн таныг дэмжин, их зүйл хүлээж байгаа. Энэ нь эргээд танд дарамт болж байна уу?

-Харин ч эсрэгээрээ их урам өгч байна. Хүний итгэлийг олох хэцүү, алдах амархан. Жижигхээн юман дээр л нурна шүү дээ. Гадуур биеэ зөв авч явах, бусдыг хүндлэх, мэндтэй явхаас авхуулаад олон зүйлээс шалтгаална.

-Гадуур явж байхад хүмүүс таныг сайн таньж байна уу?

-Өө, ёстой андахгүй. “Дашням явж байна. За, амжилт хүсье” гэдэг. Танил хүнтэйгээ уулзаж байгаа юм шиг сайхан, дотно санагддаг.

ЭМЭГТЭЙЧҮҮД “HI, КРАШАА” ГЭЭД Л ЧАТ БИЧЭЭД БАЙГАА

-Э.Дашнямыг крашилж буй эмэгтэй олон байгаа нь анзаарагдсан. Танд ч бас анзаарсан байх.

-Тэгэлгүй яах вэ. Олон бүсгүйчүүд гэлтгүй олон монголчууд намайг хайрлаж байгаа нь анзаарагдсан.

-Крашууд нь тантай танилцъя гэж фэйсбүүкээр хэр холбогддог вэ?

-Бичдэг, бичдэг. “Hi, крашаа” л гээд байгаа (инээв).

-Тэгэхээр нь та ямар хариу өгдөг вэ?

-Заримд нь хариу бичнэ. Заримд нь хариу бичиж үнэндээ амжихгүй л яваад байна.

-Нууц биш бол юу гэж хариулдаг вэ?

-Өө, сайн уу л гэдэг (инээв).

-Уулзах санал танд тавьбал зөвшөөрөх үү?

-Тэрийг ёстой сайн мэдэхгүй байна (инээв).

МЭДРЭМЖТЭЙ, УХААЛАГ ЭМЭГТЭЙ ТААЛАГДДАГ

-Ер  нь танд ямар эмэгтэй хүн таалагддаг вэ?

-Мэдрэмжтэй, ухаалаг эмэгтэй хүн таалагддаг.

-Та хурим чадварлаг хөтөлдөг. Авьяас шаардсан лут ажил шүү дээ. Одоогоор хэчнээн айлын хурим хөтлөөд байгаа вэ?

-Ёстой тоолж үзээгүй. Ер нь олон шүү. Хурим хөтлөх улирлын чанартай ажил. Монголчууд зун, намрын улиралд хурим хийдэг. Тэгээд бодохоор жилд дунджаар 40-өөд хурим хөтөлдөг юм байна. 2012 оноос хойш тасралтгүй хурим хөтөлж байгаа.

-Энэ намар хуримаа хийн, танаар хөтлүүлнэ гээд төлөвлөж буй хүн олон. Хөтлөх боломж нээлттэй юү?

-“Монгол HD” телевизтэй байгуулах гэрээнээс бүх зүйл шалтгаална. Хэрвээ гэрээнд харшлахгүй бол дургүйцэх шалтгаан надад байхгүй ээ.

БНСУ-д АЖИЛ ХИЙГЭЭД ОЛСОН МӨНГӨӨРӨӨ “ТУУРАЙН ЧИМЭЭТЭЙ МОНГОЛ” ДУУГАА ХИЙСЭН

-Та 2012 оноос хойш уран бүтээл гаргаж байгаа юм билээ. Одоогоор урын сандаа хэдэн уран бүтээлтэй болоод байгаа вэ?

-Клипжүүлсэн зургаан дуу бий. Хамгийн олонд хүрсэн нь “Туурайн чимээтэй Монгол”. Дуу хийх, клипжүүлэх өртөг өндөртэй. Чанартай уран бүтээл гаргахад санхүү хэрэгтэй. Сайн дуу хийе гэж зориод БНСУ-д гурван сар ажилласан. Тэнд ажиллаад олсон мөнгөөрөө “Туурайн чимээтэй Монгол”-ыг хийсэн юм.

-Үгийг нь та тэрлэсэн бил үү?

-Тэгсэн. Нэг хэсэг монгол адууг БНХАУ руу амьдаар нь гаргасны улмаас замдаа эндэн, харахаас ч нүд хальтирам байсан шүү дээ, 2017 онд. Монголчууд хүлгийн нуруун дээр дэлхийн талыг эзэлсэн. Тиймээс хүлэг морио магтан дуулаад шүлэг бичсэн юм. Дууныхаа үгийг нэг өдөр л бичсэн. БНСУ-д ажиллаж олсон мөнгөөрөө хийсэн болоод ч тэр үү “Туурайн чимээтэй Монгол”-доо илүү хайртай.

-Уртын дуу бүтэн мэддэг хүн өдрөөс өдөрт цөөрсөөр байгаад эмзэглэдэг. Монголчууд монгол ахуй, өв соёлоосоо хөндийрч байгаагийн нэгээхэн илрэл л дээ. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Өв уламжлал, ёс заншил бол алт, эрдэнэсээс үнэтэй, үнэ цэнэтэй зүйл. Юугаар ч нөхөж, орлуулах боломжгүй. Өвөг дээдэс минь бидэнд олон зуун жил өвлүүлсэн. Дараагийн үедээ, үр хойчдоо өвлүүлэн үлдээх нь бидний үүрэг.

-Харьяалагдаж буй продакш бий юү?

-Байхгүй.

-Цаашид ямар төрлийн уран бүтээл түлхүү гаргах вэ?

-Уртын дуу, ардын дуугаа орчин үеийн хөгжимтэй хоршуулсан, бүх хүнд зориулсан уран бүтээл гаргахыг хүсэж байна. Зохиолын дуу сонсоод явж байгаа хүнийг хөдөөнийх, хоцрогдсон гэж шүүмжлэх нь бий. Ерөөс энэ ялгаа, заагийг арилгахыг хүсэж байна. Цаашид улам хичээх урам, зоригийг “Voice” шоунаас авлаа.

Олон залуусын мөрөөдлийг биелүүлж, урлагийн салбарт хөл тавих үүдийг нь нээж өгсөн “Монгол HD” телевизийн хамт олонд их баярлалаа. Гантөмөр ах, Төмөрөө эгч гээд нэрийг дурьдвал барлаж яваагаа илэрхийлэх учиртай олон хүн бий. Бүгдэд нь ажлын өндөр амжилт хүсье. Мөн төрүүлж, өсгөсөн  аав, ээждээ, намайг алдаа, оноотой минь хамт хайрлан, дэмжиж буй монгол түмэндээ, Отгонбаяр шүүгч, Ука шүүгчдээ маш их баярлалаа. Монголынхоо алдарт дуучнаас заавар, зөвлөгөө аваад хамтрах нэр төрийн хэрэг байлаа.

-Хоёулангийнх нь ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

-Баярлалаа. “Eguur”.mn сайтын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
дэмжигч, зочин
дэмжигч, зочин
2020-06-30 15:41

Даруухан. з�##�уучуудын үлгэр дуури�##��##� болсон сайхан хүү. Маш гоё дуулсан. Сэтгэл сэргэдэг шүү. Амжилт хүсье. Войсоод хасагдсаны дараа войсыг үзээгүй, сонирхолгүй болж эхэлсэн

Сонсогч
Сонсогч
2020-07-04 23:48

Хэнтийн өндөр уул.домгыг хэн дуртай нь найруулж минии уран бүтээл.гэмээргүй л.байна

Холбоотой мэдээ

Back to top button