ДЭЛХИЙ

Хятадаас Монголыг өмгөөлсөн Францын музейд ЯМАР ҮЗЭСГЭЛЭН гарах байсан бэ

Францын нэгэн музей Чингис хааны тухай үзэсгэлэн дэлгэх гэж байснаа тодорхой хугацаагаар хойшлуулаад буй талаарх сэдэв Монгол төдийгүй дэлхийн ч анхаарлын төвд орлоо. Бид тус музей болон тавигдах учиртай байсан үзэсгэлэнгийн талаар тойм дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр зорилоо.

Үзэсгэлэнг Шотланд улсын Эдинбург хотод үйл ажиллагаа явуулдаг “Nomad Exhibitions” байгууллага анх санаачилсан ажээ. “Nomad Exhibitions”-ийг дэлхий даяарх музей үзвэрийн газруудад үзэсгэлэн түрээслүүлдэг байгууллага гэж ойлгож болно.

Тэд 2007 онд ӨМӨЗО-ы Хөх хотод үйл ажиллагаа явуулдаг “Өвөр Монголын музей”-тэй хамтарч ажиллах санал тавьсан байна. Түүнээс хойш “Nomad Exhibitions” 10 гаруй жилийн турш тум музейтэй харилцаа холбоогоо бататгах чиглэлд тууштай ажилласан гэж гаднын хэвлэлүүдэд бичигджээ. Үр дүнд нь “Nomad”-ын хамт олон 2017 онд “Чингис - монгол хаадуудын сэргэлт” нэртэй үзэсгэлэнг ХБНГУ-ын “Үндэсний Цэргийн Музей”-д гаргасан байна.

Уг үзэсгэлэн үзэгч олноос нэлээд сайн үнэлгээ авсан бөгөөд БНХАУ-ын Шинхуа агентлаг хүртэл, “Германд болсон үзэсгэлэн Чингис хааны тухай үнэмлэхүй шинэ зүйлс дэлгэлээ” хэмээн мэдээлж байжээ. Харин Францад “Nomad Exhibitions”-ийн яг энэ үзэсгэлэн тавигдах байсан хэрэг. Чингис хаан 21-р зуунд ч мөн адил дэлхийг  үзэсгэлэн байдлаар “аялж”, бас байлдан дагуулах энэ боломж ийн 2024 он хүртэл хойшлогдоод буй гэсэн үг.  

2017 оноос хойш хэдэн жилийн турш хийгдсэн бэлтгэл ажлын үр дүнд Чингис хааны тухай үзэсгэлэн Францын Нант хотод үйл ажиллагаа явуулдаг түүхийн музейд гарах эрхээ аваад байсан юм. Үзэсгэлэн “Тэнгэр ба тал газрын хүү-Чингис болон Монголын эзэнт гүрний үүсэл” гэсэн нэртэйгээр энэ сарын 17-ны өдөр гарах байсан боловч БНХАУ-ын талаас шахалт шаардлага ирсэн билээ.

Тодруулбал уг үзэсгэлэнд “Чингис хаан”, “Монгол” гэсэн үгс ашиглахыг хориглох тухай шаардлагыг Хятадын талаас ирүүлсэн юм. Энэ нь улс үндэстний өв соёл, үүх түүхийг хүндэтгэдэг соёлт орнуудын дургүйцлийг ихэд дэвэргээд байна.

Аравдугаар сарын 13-ны өдөр үзэсгэлэн хойшлогдсон гэдгийг Нантын музей мэдэгдсэн юм. Музейн захирал Бэртран Гийлет хэлэхдээ, “Хятадын Соёлын яамнаас үзэсгэлэнд гарах бичвэр, газрын зураг, каталогууд, хэвлэл нийтлэлийг удирдах эрх хүссэн. Хятадын талаас явуулсан бичвэрүүдийг өөрчлөх санал дотор өөрсдийн шинэ хэлний бодлогын төлөө Монголын түүх, соёлыг өөрчилж, арчин хаях санаатай зүйлсийг оруулсан байсан” гэжээ. 

Хятад орны хэт дарангуйлсан саналыг хүлээж авалгүй үзэсгэлэн гарах хугацааг 2024 он хүртэл хойшлуулсан Нант музей, музейн удирдлагууд дэлхийн соёлд хэрхэн хүндэтгэлтэй ханддагаа харуулж, үлгэр жишээ боллоо.

Тус үзэсгэлэн Хятад музейнүүдээс үзүүлэнгийн материалуудаа авдаг байсан бол одоо өөр музей үзүүлэнгээр хангах аж.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баасансүрэн
Баасансүрэн
2020-10-21 08:06

Монголчууд маш сайн дэмжих хэрэгтэй. Бидний хийх ёстой ажлыг хийгээд байнашүүдээ. Монгол тусгаар улс мөн биздээ. Манай дээдсүүд зээл нэрээр хэдэн юм авахаа бодоод хятадын аяыг хараад гүлдэгнээд байж чадна шүү.

зочин
зочин
2020-10-21 11:21

одоо бүр ил цагаандаа гарч байгаа юм байна даа

irgen
irgen
2020-10-21 16:35

mongol soyl tuuhiinhee tuhai dugarah heregtei shuu

Холбоотой мэдээ

Back to top button