Бүрэн эрхийн хугацаа нь дууссан Д.Оюун-Эрдэнэ МҮОНРТ-ийн ҮЗ-д дахин дэмжигдэв

Өчигдөр /2021.01.05/ ТББХ хуралдаж, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Үүний өмнө УИХ-аар Үндэсний зөвлөлийн зургаан гишүүнийг томилсон. Харин УИХаас нэр дэвшүүлсэн Ч.Батцэнгэл нэрээ татсанаар түүний нэг орон тоо үлдсэн юм.
Ингээд нууц санал хураалт явуулахад энэ орон тоонд Балдорж шагналт сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ дэмжигдсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл түүний хувьд хуучин Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд бүрэн эрхийн зургаан жилийн хугацаа нь дууссан нэгэн. Гэвч дахин нэрийг нь оруулж, байнгын хороо дэмжжээ.
Одоо түүнийг УИХ-аар хэлэлцэж, эцэслэн батлах юм. Ингэснээр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл Ж.Цэсэн, Г.Отгонбаяр, М.Уянга, Б.Ганболд, М.Наранбаатар, Д.Цоодол, Д.Оюун-Эрдэнэ гэсэн бүрэлдэхүүнээр дараагийн зургаан жил ажиллах нь.
Г.САНСАРМАА