УЛС ТӨР

Б.Энхбаяр: Улсын дээд шүүхийн шийдвэрийг сумын ИТХ хуралдаж, хүчингүй болгосон удаа бий

УИХ-ын чуулганаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын Ж.Ганбаатар дараах асуултуудыг асуулаа.

“Энэ хуулиар шүүгч нарт хөндлөнгийн нөлөө орохоос ШЕЗ хамгаална гэж ойлгож байгаа. Яаж хамгаалах вэ гэдэг заалтыг нь олж уншихгүй юм. Ялангуяа улс төр, бизнесийн бүлэглэлээс ШЕЗ яаж хамгаалахыг заалтаар нь хэлж өгөөч.

Хоёрт, Шүүхийн тухай хуулийн 58-р зүйл дээр, Л.Энх-Амгалан гишүүний хэлснээр шүүгч шүүгчдээ нөлөөлдөг асуудал явж байгаа юм биш үү. Үүнийг яаж харж байгаа юм бэ.

Шүүгчийн сонгон шалгаруулах асуудлаар ямар ахиц дэвшил гарсан бэ. Өмнө хуульд яаж заасан байдаг юм бэ.

Асуултад дараах хариултууд ирэв.

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:

“Энэ хараат бус байдлын асуудал олон жил яригдсан. Ийм шүүмжлэл нийгэм даяар хавтгайрсан. Үүнтэй холбоотой маш том зохицуулалтыг ажлын хэсэг, Засгийн газар оруулж ирж байгаа. Үндсэн хуулийн 49.1-т шүүгч гагцхүү хуульд захирагдана гэдэг, энэ хэрэгжиж байгаагүй. Одоо хэрэгжиж эхэлнэ.

Шүүгчид өлөөлөх гэж оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулна. Маш тодорхой хоёр зүйлээр бүрдүүлж өгсөн. Зөвхөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэхээс илүү олон нийт, нийгэм ч мөн шүүгчид нөлөөлдөг. Үүнийг тусгаж өгсөн”

Ажлын хэсгийн гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт:

“2013 оны хуульд нөлөөллийн мэдүүлэг гэж зохицуулалт орсон байдаг. Өөрөөр хэлбэл шүүгчид нөлөөлөх юм бол асуудлыг ил гаргаж тавьдаг, ШЕЗ араас нь яваад хариуцлагыг нь хүлээлгэдэг заалт. Гэвч энэ олигтой үр дагавар гаргаж чадаагүй. Иймд Засгийн газрын өргөн барьсан төсөл дээр ажлын хэсэг ажиллаад бүр энэ заалтыг бүр тодорхой болгосон. Ер нь заргаа алдсан тал гомддог, нөлөөлөхийг оролддог, энэ ер хүний натур байх. Хэрэв ийм асуудал гарвал ШЕЗ үүргээ хэрэгжүүлж, зохих бүх шүүхүүдэд нь хандах, явах арга замыг 75-р зүйл дээр дурдаж өгсөн”

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Ж.Ганбаатар дарга нарийн ньюансыг анзаарсан байна. Шүүхийн тухай хуулийн 58-р заалтыг ярьж байна. Энэ шууд шүүгчид шүүгчдээ хараат болгодог практик явж байгаа.  Ажлын хэсэг энэ заалтыг бүхэлд нь хасах санал оруулж байгаа. Тийм юм байлгахгүй.

Саналын томъёоллын 26-р зүйлээр цоо шинэ концепц оруулж ирж байгаа. ШЕЗ шууд Цэцэд гомдол гаргах боломжийг бий болгосон. Сумын ИТХ хуралдаан Улсын дээд шүүхийг хүчингүй болгосон удаа байдаг шүү дээ /гишүүд инээлдэв/. Энэ асуудлыг болиулна”.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button