ДОРНОГОВЬ: Хамт явж байсан 11, үүрэг гүйцэтгэж байсан 6 иргэнийг тусгаарласан

Дорноговь аймагт Улаанбаатараас замын ажил хийхээр очсон нэг иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарч, сорьцыг нийслэл рүү явуулсан талаар ЭМЯ мэдээлсэн. Харин тухайн иргэний ПСР шинжилгээний хариу халдвартай буюу ЭЕРЭГ гарчээ. Халдвартай болох нь батлагдсан иргэн нь 37 настай, Сонгинохайрхан дүүргийн XXIV хорооны иргэн ажээ. Улаанбаатарт байхдаа Есдүгээр сургуулийн орчим, Нисэх онгоцны буудал, Налайхын “Оргил” супермаркет орсон байна.
Энэ сарын 29-нд Улаанбаатараас гарсан бөгөөд тухайн өдрийн 14:00-16:00 цагийн үед Говьсүмбэр аймгийн “Гоё амтат зоог” хоолны газарт хоол иджээ. Тухайн цаг үед тус газраас үйлчлүүлсэн иргэдийг очсон газрынхаа Эрүүл мэндийн байгууллагад хандаж, шинжилгээ өгөхийг Дорноговь аймгийн Онцгой комиссоос уриалж байна.
Тухайн иргэн нь 11 хүнтэй хамт явсан бөгөөд өчигдөр орой 22 цагт Дорноговь аймгийн гурван замын пост дээр ирж, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөхөд эерэг гарсан тул аймгийн төв рүү оруулаагүй байна. Халдвартай болох нь батлагдсан иргэн одоо аймгийн эмнэлгийн тусгаарлах байранд байгаа бөгөөд маргааш ХӨСҮТ рүү тээвэрлэх аж. Харин хамт явсан иргэдийг МСҮТ-ийн дотуур байранд тусгаарлажээ. Мөн гурван замын пост дээр ажиллаж байсан 6 ажилтныг тусгаарласан байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.