Нийгмийн

ДЭМБ: Монгол Улс Ковид-19-ийн эсрэг дархлаажуулалтыг эхлүүллээ

Монгол Улс 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр АстраЗенека/Оксфорд-н Ковид-19-ийн эсрэг вакцины 150,000 тунг халдварт өртөх хамгийн өндөр эрсдэлтэй эрүүл мэндийн ажилтнуудад тарьж дархлаажуулах аяныг эхлүүллээ. Дараагийн ээлжийн вакцинуудыг хүлээн авмагц тэргүүн эгнээний алба хаагчид, настангууд зэрэг бусад эрсдэлт бүлгийн хүмүүсийг хамруулна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар вакцины аюулгүй байдалд итгэх итгэлийг дэмжих үүднээс вакцины эхний тунг хийлгэлээ. Эдгээр вакциныг БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсад коронавируст халдварын цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд дэмжлэг болгон хандивлажээ.

Өмнөх өдөр нь зохион байгуулагдсан Засгийн газрын хэвлэлийн бага хурлын үеэр ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордица Ковид-19-ийн халдварыг хянахад вакцин нь маш чухал шинэ хэрэгсэл боловч сонор сэрэмжээ сулруулахгүй байхыг анхааруулсан юм.

ДЭМБ-ын зүгээс Монгол Улсын хүн амын эрүүл мэнд, амь насыг хамгаалах, эрүүл мэндийн тогтолцоо, нэн шаардлагатай тусламж үйлчилгээний тогтвортой байдлыг хангахын тулд халдвар авах эрсдэл өндөр бүхий эрүүл мэндийн ажилтнуудыг дархлаажуулж байгаад талархал илэрхийлсэн. “Хэдийгээр вакцин дангаараа цар тахлыг таслан зогсоож чадахгүй боловч бидний мэдэх бусад хамгаалах арга хэмжээтэй хослуулан хэрэглэснээр Ковид-19-ийн цар тахлын эсрэг үйл ажиллагааг сайжруулахад чухал үүрэгтэй.

Өнгөрсөн хугацаанд та бидний хамтдаа хэрэгжүүлж ирсэн зай барих, гар угаах, амны хаалт зүүх, өвдсөн тохиолдолд гэртээ өөрийгөө тусгаарлах, олон хүнтэй газраар явахгүй байх зэрэг арга хэмжээг үргэлжлүүлэн сахиарай” хэмээн Др Диордица хэллээ.

Дархлаажуулалтын аянд дэмжлэг үзүүлэхийн тулд ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар нь вакцин нэвтрүүлэх болон үндэсний болон орон нутгийн хэмжээнд дархлаажуулалтын бэлэн байдлыг хангах үйл ажиллагаанд мэргэжил арга зүй, санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ Вакциныг хэрхэн хөгжүүлдэг вэ?, Вакциныг хэрхэн шалгадаг вэ?, Вакцины найрлагад юу ордог вэ?, Эрүүл мэнд болон бусад тэргүүн эгнээний ажилтнуудыг хэрхэн хамгаалах вэ? зэрэг сэдвийн хүрээнд эрүүл мэндийн ажилтнууд, олон нийтэд зориулсан вакцины талаар мэдээллийг бэлтгэн ажиллаж байна.

Монгол Улс нийт 3,3 сая хүн амынхаа 60 хувийг Ковид-19-ийн эсрэг вакцинд хамруулахаар төлөвлөж байна.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button