НийгмийнЯрилцлага

Б.Эрдэнэдулам: Бүжгийн спорт залуу насных учраас олон талаар өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг

Долоо хоног бүрийн ням гарагт үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө “уяж” буй “Ододтой бүжиглэе” шоуны тайзан дээр өөрийнхөөрөө гэрэлтэж чадсан оролцогчдын нэг бол Бадарчийн Эрдэнэдулам юм. Бид энэ удаа түүнийг онцоллоо. 

Тэрбээр Азийн шилдэг эрэгтэй загвар өмсөгч Э.Энхболдтой хамтран бүжиглэсэн билээ. Тэд нийт зургаан дугаарт оролцож, гайхалтай үзүүлбэрүүдийг үзүүлсэн юм.

“Amazing World” сургалтын төвийн багш Бадарчийн Эрдэнэдулам ярьж байна.

-ТАВДУГААР АНГИАСАА ХОЙШ АЙМГИЙНХАА “ХӨГЖИМТ ДРАМЫН ТЕАТР”-Т БҮЖИГЧНЭЭР АЖИЛЛАСАН-

-Таныг бүжгийн урлагаар багаасаа хичээллэж байгаа гэж сонссон. Энэ урлагт чин сэтгэлээсээ дурласан үе хэзээ вэ?

-Би Дорнод аймагт төрж өссөн. Цэцэрлэгт байхаасаа л бүжиглэж, бүжгээр өөрийгөө нээсэн. Цэцэрлэгт байхдаа “Хаврын баяр”-т оролцохоор цэнгээнт бүжгийн хамтлагаараа хотод ирж, анх удаа тайзан даар гарч байлаа. Тэгэхэд “Бөхийн өргөө” маш том санагдаж байсан. Бид тусгай байр эзэлж байсан санагдаж байна. Тэр үеэс л багш нар эвсэлтэй, авьяастай хэмээн эцэг, эхэд болон өөрт маань хэлдэг байсан. Харин тавдугаар ангиасаа аймгийнхаа  “Хөгжимт драмын театр”-т бүжигчнээр ажиллах зол тохиосон. Театрт ороод мэргэжлийн бүжигчид шиг бэлтгэл сургуулилтад орж, бүх төрлийн бүжгийг сурсан. Тэр цагаас бүжигт үнэнхүү дурласан.

-Олон сурагчдаас шалгаруулж авсан уу, эсвэл та хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөөд дэгдээд оччихсон юм уу?

-Шалгаруулж авсан. Сэвжидийн Сүхбаатар багш Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудаас нийт  30 хүүхэд шалгаруулж аваад монгол бүжгийн бүх элементүүдийг заадаг байсан. Тэгээд тэдгээр сурагчдаас “Хөгжимт драмын театр” хоёр охин шалгаруулж авсан юм. Түүний нэг нь би.

-Тэгэхээр тавдугаар ангидаа анхны цалингаа авч байжээ?

-Тэгсэн. Тэр үед сарын цалин 40 гаруй мянган төгрөг авч байсан санагдаж байна. Гэртээ тор дүүрэн хүнс авч ороод аав, ээжийгээ жигтэйхэн их баярлуулж билээ.

-“ОХИДЫН ВАНТ УЛС” БҮЖГИЙН ХАМТЛАГИЙН ГИШҮҮН БАЙСАН-

No description available.

-Арван жилдээ “Охидын вант улс” нэртэй бүжгийн хамтлагийн гишүүн байсан юм билээ. Хамтлагийнхаа тухай дурсахгүй юу?

-Таван гишүүнтэй охидын хамтлагийг 2004 онд байгуулсан. Тэгэхэд би тавдугаар анги байсан санагдаж байна. Бид сонирхол нэгтэй, цэцэрлэгийн найзууд байсан. Харин бүгдээрээ их сургуулийн оюутан болж хотод ирснээс хойш хамтлаг маань тарсан. Гэхдээ бид одоо ч холбоотой байдаг. Бүгд гэр бүл зохиогоод өөр, өөр салбарт өөрсдийнхөөрөө гэрэлтэж яваа.

-Тоглолтынхоо хувцсыг шөнөжин сууж, өөрсдөө хийдэг байсан тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байсан. Танай хамтлаг нийт хэчнээн тоглолт хийж байсан бэ?

-Нэг л удаа бид бие даасан тоглолт хийж байсан. Тэгэхэд Дорнод аймгийн бөхийн өргөө дүүрэн хүнтэй. Тасалбар нь дуусчихсан байсан.

Харин бид дуучид болон бусад бүжгийн хамтлагуудтай хамтарсан 10 гаруй тоглолт хийж байсан. Хотоос ирсэн хамтлаг, дуучидтай аймгийнхаа бүх сумдаар явж тайлан тоглолт хүртэл хийж байлаа. Бага нас маань их завгүй л өнгөрсөн дөө. Өглөө 08 цагт хичээлдээ явж, 12:25 гэж тараад шууд л театр руу явна. Орой  нь тоглолтоо тарчхаад үргэлжлүүлээд хамтлагийнхаа бэлтгэлийг хийнэ. Тэгээд шөнө гэрийнхээ даалгаврыг хийнэ. Гэхдээ хамгийн гоё нь ээж ааваасаа мөнгө авахгүй, санхүүгээ өөрсдөө зохицуулдаг байсан.

-Тэгэхээр танай хамтлагийнхныг Дорнод аймгийнхан андахгүй байх нь ээ?

-Тухайн үеийн хүүхэд, залуус мэдэх байх. Харин дүү нар сайн танихгүй байх.

-ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ЗАЛУУСЫГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР СУРГАЛТДАА СУУЛГАЖ, ДОХИОНЫ ХЭЛЭЭР СААДГҮЙ ОЙЛГОЛЦДОГ-

-Гэхдээ та бүжигт үнэнхүү хүсэл сонирхолтой хэрнээ Герман хэлний багш, орчуулагчаар их сургуулиа дүүргэсэн юм билээ. Өөрийн тань сонголт уу, эсвэл гэр бүлийнхний тань шийдвэр байсан уу?

-Ур чадвараа олон талаас нь хөгжүүлье гэж бодсон юм. Учир нь бүжгийн спорт бол залуу насных. Тиймээс давхар мэргэжил эзэмших хэрэгтэй гэж бодсон. Тэгээд өөрөө сонголт хийж, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Герман хэлний багш, орчуулагчийн ангид элссэн.

-Сургуулиа төгссөнөөсөө хойш мэргэжлээрээ ажилласан уу?

-Мэргэжлээрээ ажиллаж үзээгүй. Гэхдээ ажиллах сонирхолтой. Ямартай ч ойрын 4 жил бүжгээр хичээллэнэ. Тэгээд мэргэжлээрээ ажиллана даа. Гэсэн ч сонирхлоороо бүжгээ зааж, багшилна.

Би чинь 2013 онд их сургуулиа төгсөөд үргэлжлүүлээд сурсан байхгүй юу. Тусгай хэрэгцээт боловсролыг олгож байгаа багш нарт тулгамдаж буй асуудлаар магистрын зэрэг хамгаалж, 2015 онд төгссөн.

-Тийм үү?

-Тийм. Ээж маань тусгай хэрэгцээт боловсролын багш юм. Багаасаа л ээжийнхээ дэргэд байсан болохоор би дохионы хэл сурсан. Тэр маань надад одоо давуу тал болдог. Учир нь манай сургалтын төвд тусгай хэрэгцээт хүмүүс хандаж, сургалтад суухад нь саадгүй ойлголцдог. Том ах маань хөгжлийн бэрхшээлтэй. Тиймээс би аль болох тусгай хэрэгцээт хүмүүсийг ойлгож, хөгжихөд нь тусалдаг. Сургалтын төвд хандсан тусгай хэрэгцээт залуусыг төлбөргүйгээр сургалтдаа суулгадаг.

-Багшлаад хэр удаж байгаа вэ?

-Сургалтын төвтэй болохоос өмнө аймгийнхаа  “Хөгжимт драмын театр”-т байхдаа сурагчдад болон насанд хүрэгчдэд бүжиг заадаг байсан. Театрт би ерөнхий боловсролын сургуулиа төгстөл ажиллаж, маш их зүйл сурсан даа.

-Харин сургалтын төв нээж, багшлаад хэр удаж байгаа вэ?

-Магистрт суралцаж байх хугацаандаа төрж, хөөрхөн хүү, охин хоёртой болсон. Тэгээд 2014 оноос Spinning, Jamping-ийн багшийн сургалтад сууж, багш болсон. Дараа нь Yoga сонирхож, мөн багш бэлтгэх сургалтад суусан. Ер нь бол өөрийгөө тал бүрийн чадвартай багш болгохыг хичээсэн. Арваннэгдүгээр сард хөл хорио тогтоосноос хойш Cardio, Yoga, бүжиг хавсарсан ангиуд маань онлайнаар хичээллэж байгаа.

-ТАЙЗ БОЛГОН ШИНЭ. ӨӨР, ӨӨРИЙН АЙДАСТАЙ-

-Одоо хоёулаа “Ододтой бүжиглэе” шоуны тухай яръя. Энэ шоуны оролцогчдын нэг болж, тайзан дээр гарч агаар амсах боломж хэрхэн олдсон бол?

-Би “Mongolia Entertainment”-ийн бүжигчин. Бүжгийн шоу болох гэж байна гэсэн санал ирсний дагуу шалгаруулалтад оролцсон. Шалгаруулалтад орсноос хойш сарын дараа “тэнцсэн” гэсэн хариу сонссон. Манай хамтлагаас хоёр охин тэнцсэн. Нэг Б.Халиун. Дэлхийн хэмжээний шоунд оролцохоор болсондоо маш их баярлаж, хагас финал хүртэл явна даа гэж зорьсон.

May be an image of 8 people and people smiling

-Та хоёрыг хасагдсаны дараа тайзан дээр буцаагаад гаргая хэмээн дэмжигчид чинь цахим сүлжээнд давалгаалж байсан. Анзаарсан л байх?

-Анзааралгүй яахав. Гэхдээ ямар нэг тэмцээн, шоунд нэг нь ялагдаж, нөгөө түрүүлдэг шүү дээ. Харин ч ахыг зургадугаар шат хүртэл шүд зуугаад, бэлтгэлийн үеэр үнэнхүү тэвчээр гаргаж буйг нь  хараад маш их бахархсан. Бид хасагдсандаа огт харамсахгүй байгаа. Харин ч тэр хүртэл явсан маань бидний хувьд амжилт. Хөлийнхөө бэртлүүдийг үл тоогоод бүжиглэсэн. Маш олон гоё, гоё үзүүлбэрүүдийг үзүүлж, өдрөөс өдөрт сайжирч байсан. Шоуны нэг дугаар дээр Э.Энхболд ахын ээж ирээд ахыг гурван нас хүртлээ хөлд ороогүй, майга тавхай оноштой байсан тухай ярьдаг. Байнгын үзэгчид бол санаж байгаа байх. 

-Та хоёр өдөрт хэдэн цаг бэлтгэл хийдэг байв?

-Долоо хоногийн долоон өдөр л бэлтгэлээ хийдэг байсан. Шоу эхлэх гээд хувцсаа өмсөөд зогсож байхдаа хүртэл хөдөлгөөнүүдээ бэлддэг. Шоуны маргааш дараагийн долоо хоногийн бэлтгэлээ хийж эхэлнэ. Бие халаалтаа дандаа иогоор эхлүүлнэ. Хамгийн уртдаа 7-8, бүр заримдаа 10 цаг ч бэлтгэл хийдэг байсан.

May be an image of 4 people and people standing

-Санасандаа хүрч чадаагүй, нэг тийм дутуу мэдрэмжтэй хоцорсон үзүүлбэр бий юу?

-Хамгийн эхний үзүүлбэрийг яг бэлдэж байсан шигээ үзүүлж чадаагүй. Э.Энхболд ах маш их сандарсан. Угаас тайз болгон өөр өөрийн айдастай. Э.Энхболд ах хэчнээн загварын тайзан дээр алхдаг ч гэсэн тайз болгон тэр хүнд шинэ байсан байх. Бүжигчид ч гэсэн тайз болгон шинэ, айдастай байдаг.

Харин бид бусад үзүүлбэрүүд дээр бэлдсэн шигээ, бүр зарим үзүүлбэр дээр бүр бэлдсэнээ ч илүү сайн байсан.

-Хэддүгээр шатны үзүүлбэр вэ?

-Пасодобль. Тэр үзүүлбэр дээр ах бэлдэж байснаас илүү байсан. Бэлдэж байхдаа гаргаж байгаагүй харцыг тайзан дээр гаргасан. Бүжгээ маш их мэдэрч, дотор нь орсон.

-Э.Энхболд гэдэг хүнтэй хоёр сар гаруй бэлтгэл хийж, нэг баг болж ажиллалаа. Ямар, ямар чанарууд түүнд байдаг юм байна?

-Маш тууштай, тэвчээртэй, хийж байгаа зүйлдээ бүхнээ зориулдаг. Зорилгынхоо төлөө маш их тэмцдэг хүн. Бүх зүйлийг эерэгээр хардаг, зөв хандлагатай хүн байсан.

-Хэдий шоу дуусан ч гэсэн цаашдаа бүжгээр хичээллэнэ гэсэн амлалт танд өгөөд буй. Ямар бүжгээр хичээллэнэ гэдгээ танд хэлсэн болов уу?  

-Стандарт бүжгээр хичээллэнэ гэж амласан. Цаг сайхан болохоор хичээллэх байхаа.

-НӨХӨРТЭЙГӨӨ ХАМТ КИНОНД ТОГЛОЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ-

-Энэ шоунд оролцсоноор амьдралд тань гарсан хамгийн том өөрчлөлт юу вэ?

-Хүмүүс таньдаг болж байна. Мөн бүжгээр хичээллэх хүсэл, сонирхолтой маш олон залуус хандаж байна. Ганц над руу биш шоуны бусад бүжигчин рүү хандаж байгаа. Энэ л өөрчлөлтийг бид хүсэж байсан.

-Танд хаягласан хүмүүсийн сэтгэлийн үгсээс хамгийн их сэтгэл хөдөлгөснийг нь хуваалцаач?

-Чин сэтгэлээсээ бичсэн бүх үг гоё. Амь халуун. Саяхан нэг охин “Охидын вант улс” хамтлагийн гишүүн байхаас тань мэднэ гээд сонинд өгч байсан бидний ярилцлагын зургийг явуулсан. Тэгээд “Үргэлж дэмждэг шүү” гэж хэлсэн. Надад ч байдаггүй ярилцлагын хайчилбарыг одоо хүртэл нандигнан хадгалж байгаа нь хөөрхөн санагдсан.

-Бүжгийн спортоор хичээллээд их ядардаг уу. Таны хувьд хамгийн үр дүнтэй амралт юу вэ?

-Ер нь хамгийн үр дүнтэй амралт иог хийх. Мөн энергиэ нөхөх юм идэж, амьсгалын дасгал хийдэг.

-Бүжиглэхээс өөр хобби бий юу?

-Юм нэхэх, ном унших, хоол хийх дуртай. Ер нь бол шинээр ямар нэгэн зүйл туршиж үзэх дуртай.

-Их сониуч хүн бололтой?

-Яг тийм. Их сониуч. Урлагийн хүн болохоор ч тэр юм уу өөрийгөө “хайрцаглах” дургүй. Бүх зүйлийн давуу талыг нь олж харж, эзэмшихийг хичээдэг. Оёдлын курс хүртэл төгссөн. Ойр зуурын зүйлээ өөрөө оёод өмсчихдөг.  

-Танд кинонд тоглож үзэх юмсан гэсэн нууцхан хүсэл бий юу?

-Нөхөртэйгөө хамт кинонд тоглож үзэхийг хүсдэг. Хэрэв кинонд тоглох санал ирвэл эргэлзэх юмгүй зөвшөөрнө. Залуу насаа кино урлагт мөнхөлнө гэдэг гайхам, сайхан зүйл юм билээ. Ээж маань “Хүний сайхан сэтгэл” кинонд залуу Долгорын дүрд тоглож байсан. М.Оюун гэж хүн бий.

-Тэгэхээр ээж тань багш биш жүжигчин байх нь ээ?

-Үгүй ээ. Тухайн үед пробонд ороод тэнцсэн юм билээ.

-Гэр бүлийнхээ хүнийг манай уншигчдад танилцуулаач. Адилхан урлагийн хүн үү?

-Манай нөхрийг Б.Ангараг гэдэг. “ID Film”-д харьяалагддаг, жүжигчин мэргэжилтэй. Бид амьдрал холбоод 12 жил болж байна. Анх Дорнод аймгаас оюутан болж ирээд UBS телевизийн гэрээт бүжигчний сонгон шалгаруулалтад оролцож, бэлтгэл хийж байх үеэр танилцаж байсан.

-ЗӨВ ЦАГТ, ЗӨВ ХООЛ ИДДЭГ БАЙХ ХЭРЭГТЭЙ-

-Бүжгийн спортоор хичээллэснээс хойш өөрт тань гарсан өөрчлөлтүүдээс хуваалцаач?

-Би багаасаа их өвддөг, цус багадалттай, хоолойн ангинтай, хоолойн ангин нь зүрхэндээ орчихсон байсан. Тиймээс зүрхээ тодорхой хэмжээгээр ачаалуулж, ачаалал даах хэмжээнд болгохын тулд дасгал хөдөлгөөн хийсэн. Хөдөлгөөн маань надад эм болж, тэр тусмаа иог маш их өөрчлөлтүүдийг авчирсан. Эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөнөөр биеэ эрүүл болгосон.

-Манай уншигчдад жингээ барьдаг “нууц жор”-оосоо хуваалцаач?

-Спиннинг, Кардио, Иога хийдэг. Мөн мэдээж цэвэр хооллолт чухал. Манайхан хоолны дэглэм гэхээр хэцүү гэж бодоод шаналаад байдаг. Ерөөсөө л зөв цагт, зөв хоолыг сонгож иддэг байх хэрэгтэй. Муу гэдгийг нь мэдсээр байж зарим нэг хүнсийг идчихдэг. Тэгэхээр зөв хооллолтын мэдлэг маш чухал байгаа байхгүй юу. Дээрээс нь өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Өөртөө ядаж нэг цаг зарцуулж чаддаг байх хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолтыг дадал болгочих юм бол хэзээ ч эмнэлгийн хараат, эмийн хараат болохгүй.

-Зөв цагт зөв хоол идэх ёстой гэж байна. Жаахан дэлгэрүүлбэл?

-Эрүүл зөв амьдралын хэвшилтэй болох гэж байгаа бол өглөөнийхөө цайг ууж байх хэрэгтэй. Өглөө 06:08 цагийн хооронд, өдөр 11-13 цагийн хооронд, оройны хоолоо 16:18 цагийн хооронд хоолоо идчихдэг байх хэрэгтэй. Бүр оройтлоо гэхэд 19:00 цагт оройн хоолоо идэх нь зүй.

Тухайн өдрийг эрч, хүч энергитэй өнгөрүүлэхийн тулд өглөө нүүрс усаар баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Харин өдөр бол уургаар баялаг хоол хэрэглэвэл зүгээр. Ашиггүй нүүрс ус, өөх тостой хоолноос зайлсхийх хэрэгтэй. Ер нь тэгээд бид  чинь зовж, зовж олсон мөнгөөрөө зовлон худалдаж аваад байдаг. Хүнсний дэлгүүр ороод бүтээгдэхүүн авахдаа ядаж, орцыг нь уншаад нэмэлт химийн бүтээгдэхүүн орсон эсэхийг нь шалгачих хэрэгтэй.

Би бусдын иддэгийг л иддэг. Махны төрлөөс гахайн махыг хэрэглэхгүй байхыг хичээдэг. Ногооны төрлөөс төмс, шар манжин хэрэглэдэггүй. Хэрэглэдэггүй зүйлээ хэзээ ч авдаггүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-06 08:34

Аз жарг�##� хүсье

Зочин
Зочин
2021-05-06 09:09

Арай л эрт хасагдчихсан. Хөмсөгноров хасагдах байсан юм

Холбоотой мэдээ

Back to top button