НИЙГЭМ

С.Солонго: 10 настай охин минь “гурав хоногийн дараа ирнэ” гэж дүүдээ хэлээд, чемоданаа аваад явсан байна

10 настай Н.Мичидмаа охин өчигдөр /2021.06.03/ оройн 20.40 цагийн үед Сонгинохайрхан дүүрэгт Ханын материал дахь гэрээсээ чемодантай хувцсаа авч гараад, одоог болтол эцэг эхтэйгээ холбогдоогүй байна. Охин гарах үедээ цайвар ягаан куртик, хар өмд, цагаан пүүзтэй байжээ.

Бид энэ тухай охины ээж С.Солонготой холбогдож тодруулга авснаа хүргэж байна.

-Охин тань хэдийд, ямар байдлаар алга болсон бэ?

-Өчигдөр орой 20.40 цагийн үед гэрээсээ гарсан.

-Хашаа байшинд уу, орон сууц уу?

-Амины орон сууц.

-Ганцаараа гарсан уу?

-Ганцаараа гарсан.

-Та оруулсан зарлалдаа үл таних эмэгтэй хүн гэрээс нь аваад явсан гэсэн байсан. Түүнийг нь яаж мэдсэн бэ?

-Хүнтэй холбогдсон байгаа юм. Яасан гэхээр явсных нь дараа би охиныхоо утаснаас чатыг нь шалгаж үзсэн. Тэгэхэд “Онлайн ажил” гэх группын админ байсан. Тэр групп нь хоёр админтай юм билээ. Авч явсан эмэгтэйг нөгөө админ нь болов уу гэж бодоод байгаа. Охин маань хамгийн сүүлд тэр группдээ “Онлайн ажилд хүн зуучилна” гэж бичсэн байсан.

-10 настай хүүхэд чатын админ хийж байсныг та бүхэн мэдээгүй байсан юм уу?

-Харин би бас гайхаад л байна.

-Өчигдөр гарснаасаа хойш цахимд орж ирсэн үү. Гар утас нь дуудаж байгаа юу?

-Охин маань утасгүй байгаа. Би сүүлд гар утсыг нь хураагаад авчихсан юм. Миний утсаар орж группд зар оруулсан байсан.

-Охин нь гэртээ хэн, хэнтэйгээ байсан бэ?

-Би гэрийнхээ доод үйлдвэрт ажлаа хийж байсан. Охин маань 7 настай, ой гарантай хоёр дүүтэйгээ хамт байсан. Охин дүүдээ “Би гурав хоногийн дараа ирнэ, ээжид битгий хэлээрэй” гээд чемоданаа аваад гарсан гэсэн. Тэгэхээр цаанаасаа зохион байгуулалттайгаар хүн аваад явчихсан юм уу гэж хараад байна.

-Охин нь өмнө гэрээсээ гарч байсан юм уу?

-Өмнө нь сургууль руугаа ч ганцаараа явж үзээгүй. Гэрээсээ гараад автобусанд суувал хаачихаа ч сайн мэдэхгүй хүүхэд шүү дээ.

-Та бүхэн хүүхдийнхээ интернэт орчны хэрэглээнд анхаарч байв уу?

-Танихгүй дугаарыг нь устгаад, аль болох хяналт тавьдаг байсан. Сүүлд ямар сайндаа утсыг нь хурааж аваад байсан. Гарахаасаа өмнө миний утсаар л орсон юм шиг байна” гэв.

Харсан, үзсэн хүн 91117215, 80907478 утас руу холбогдоорой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button