НийгмийнНИЙГЭМ

Э.Даваажамц: Өнөөдөр Дорнод аймаг руу гүйнэ, өмнөхөөсөө шахаад өдөрт 60 км туулна

Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц 33 өдөр гүйсээр Улаанбаатар хотод ирлээ. Түүнтэй уулзан, баярын сэтгэгдлээс нь хуваалцав.

-Та өчигдөр Улаанбаатарт ирж хоноод, өнөөдөр Сүхбаатарын талбайг тойрон гүйлээ. Юу бодогдож байна вэ?

-Мэдээж сайхан байлгүй яах вэ. Ховд аймгаас гарахдаа ингэнэ, тэгнэ гэсэн тооцоо, төлөвлөгөөтэй гарлаа. Коронавирусийн халдварын улмаас парад болоогүй. Өнөөдөр 34 дэх өдрөө гүйсээр ЗХЖШ дээр ирлээ. Сүхбаатарын талбайг нар зөв тойрон гүйж ирээд сэтгэгдэл өндөр байна.

-Дорнод аймаг руу өнөөдөр гүйх үү?

-Өнөөдөр гүйнэ.

-Хэчнээн км зам туулахаар төлөвлөсөн бэ?

-Ийш бүр ч шахна. Энд ирэхдээ 50 км туулсан. Дорнод руу гүйхдээ өдөрт 60 км туулахаар төлөвлөлөө.

-Олон хоног гүйхэд энерги, эрч хүч их шаардана. Хэдэн кг турсан бэ?

-Ховдоос наашаа гарахад миний жин 80 кг байсан. Өчигдөр орой үзэх нь 76 кг болсон байна лээ. Эхнэртэйгээ хамт гүйсэн болохоор хамаагүй түшигтэй байлаа. Жин бага алдсан маань үүнтэй холбоотой.

Ховд аймгаас герман, турк гуталтай гарсан. 280 км гүйгээд байхад надад герман гутал бэлэглэсэн юм. Одоо энэ хүртэл туулаад ирэхэд ер улдаагүй, холгоогүй.

Ингэж хэлээд тэрбээр цүнхэнд дотроо үүрч яваа эд зүйлсээ үзүүлэв.

Э.Даваажамцын хань “1500 км туулаад ирсэн ханиараа бахархаж байна. Хүүхдүүдээ гэрт нь үлдээгээд ирсэн. Байнга ярьж, холбоо барьж байгаа. Дорнод аймаг руу гүйгээд долдугаар сарын 18-20 хавьцаа буцаж ирэх төлөвлөгөөтэй байгаа” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button