СПОРТ

М.Бадарч: Ээжийнхээ урлаж өгсөн дээлийг шинэ цолоор мялаая гээд их хичээлээ, даанч наадам болсонгүй

Улсын наадмыг үндэсний бөхийн барилдаангүйгээр төсөөлөхийн аргагүй. Жил жилийн наадмын энэ өдөр “Улсын наадмын нэгийн даваа эхэллээ” гэсээр монгол даяараа бөхчүүдийнхээ барилдааныг шимтэн үзэж, цэнгэн баярладаг билээ.

Харамсалтай нь, цар тахлын улмаас өнөө жилийн наадмыг бүтэн жилээр хойшлуулсан. Халдварын тоо буурвал наймдугаар сард хийнэ гэсэн тодорхой бус, бүдэг бадаг сураг гараад буй.

Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан, бөхийн барилдаанаа үгүйлэн суугаа монгол түмнээ Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат бөх, улсын заан Мягмарын Бадарчтай “уулзуулъя”.  Өмнөх наадмаар улсын заан болсон түүнийг өнөө жил цолоо ахиулна, түрүүлнэ гэж таамаглаж байсан хүн олон. М.Бадарчтай ярилцлаа.

Юуны өмнө танд Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярын мэнд хүргэе. Сайхан наадаж байна уу?

-Сайхаан, сайхан наадаж байна уу.

Сайхан наадаж байна.

-Монгол түмэндээ Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Жил жилийн өдийд улсын наадмын нэгийн даваа эхэлчихсэн, бөхчүүд ид барилдаж байдаг үе. Өнөө жилийн улсын наадамд барилдахгүй, үзэгчийн хувиар тэмдэглэхэд ямар санагдаж байна вэ?

-Бөхчүүд, харваачдын бэлтэл жигдэрч, морьдын уяа сойлго таарчихсан байсан ч харамсалтай нь энэ жил наадам долдугаар сард болсонгүй. Улсын наадам хийнэ, өнжинө гэж явсаар долдугаар сарын 11 болгочихлоо. Бөхчүүд, уяач, харваачдад харамсалтай байлгүй яах вэ. Анхнаасаа тодорхой шийдвэр гаргаад, эргэж буцахгүй байсан бол хаана хаанаа амар байлаа, уг нь.

Жил жилийн энэ өдөр улсын наадамд зодоглосоор бүр дасчихсан байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Өнөөдөр улсын наадмын бөхийн барилдаан эхэлдэг, нээлт болдог. Жил жилийн энэ өдөр бөхчүүд бид наадамд зодоглоод бүр сурчихсан, дасчихсан. Бэлтэлээ ч тааруулаад сурчихсан.

Монголчууд ч мөн адил бөхийн барилдаанаа үзэх гээд сэтгэл догдлон хүлээдэг, сайхан нааддаг өдөр. Энэ жил наадам өнжсөн болохоор ард түмний сэтгэл гонсгор байгаа нь анзаарагдаж байна. Наадмын нээлт, хаалтын бичлэгийг эс тооцвол үзэж харах юм алга.

Улсын наадмыг наймдугаар сард хийж магад гэсэн. Хойшлуулчихаар сэтгэл гонсгор байна. Улсын наадмыг ямар ч үед таслах учиргүй. Өнөөгийн нөхцөл байдалд тааруулж, тохируулаад наадмаа хийх нь зөв. Манжийн дарлалын үед ч таслаагүй наадам шүү дээ. Өнөө цагт тасарвал харамсалтай.

Улсын наадмыг бүтэн жилээр хойшлуулах шийдвэр Засгийн газраас гаргахад нь бөхчүүд наадмын бэлтгэлээсээ буусан. Долдугаар сарын 3 гэхэд галууд буучихсан байсан. Энэ жил улсын наадмаа долдугаар сард хийсэн бол Монголын ард түмэн сайхан баярлаж, дархлаагаа дэмжих байлаа. Одоо тэгээд цаг үеийн нөхцөл байдлыг харзанаж байгаа наймдугаар сард хийе гэж байх шиг байна.

Хэрвээ халдварын тоо буурвал наймдугаар сард наадам хийнэ гэсэн. Цагаа тулахаар хийх эсэх нь эргэлзээтэй, эргэж буцаж мэдэх шийдвэр л дээ. “Яг яах юм бол” гэдэг эргэлзээ бөхчүүд, уяач, харваачдын дунд дахиад бий болчихлоо. Наймдугаар сард хийх болсон нь хэр зөв гаргалгаа вэ?

-Дархлаа сайтай хүнд коронавирус хөнгөн тусдаг юм билээ. Би хөнгөн тусаад эдгэрсэн. Бороо хур тэгшрэн, цагаа идээ гараад, цэцэг ногоо дэлгэрэхээр халдварын нөхцөл байдал гайгүй болчих болов уу гэж боддог.

Наадмын бэлтгэлдээ дахин гал болж гарах уу?

-Бөхчүүд бид жилийн дөрвөн улиралд бэлтгэлээ тогтмол хийдэг. Наадам хэзээ ч болоход барилдахад бэлэн байх чухал. Наймдугаар сард наадам болвол бэлтгэлээ дахин гал болж гараад хийх эсэх одоохондоо тодорхой байна. Одоо ихэнх хүмүүс, бөхчүүд амралт зугаалгаар явчихсан, нутгаа зорьчихсон байна. Ирэхээр нь галынхаа бөхчүүдтэй ярилцаж байгаад шийднэ.

Улсын наадам болохоос 10-аадхан хоногийн өмнө бүтэн жилээр цуцласан шийдвэрийг та хэрхэн хүлээж авсан бэ?

-Цар тахлын нөхцөл байдал улам хүндэрч, өдөр бүр олон хүн нас барж буйг бодолцолгүй яах вэ. “No naadam” жагсаалыг хийсэн иргэдийн олонх нь залуус байна лээ. Тэд үзэл бодлоо илэрхийлэх нь зөв. Гэхдээ өв уламжлал, ёс заншлаа хэр сайн мэдэж, хүндэлж байна вэ. Улсын наадмыг тэмдэглэхийн хамгийн гол утга учир, цаад бэлгэдэл, ач холбогдлыг нь бүрэн ойлгож байгаа болов уу.

Зөвхөн бөхчүүд барилдах, уяачид морио уралдуулах, харваачид цэц сорихыг тулд л наадам хийх гээд байгаа юм биш шүү дээ. Тийм өнгөц харж болохгүй. Цаанаа асар том ач холбогдол, бэлгэдэл, утга учир бий. Тэгэхээр монголчууд бид үр хүүхдэдээ өв уламжлал, түүх соёлоо сайн таниулж, мэдүүлэн, өвлүүлж байх их чухал юм байна.

Амь наснаас үнэ цэнэтэй амжилт гэж үгүй. Гэхдээ бөхчүүд галын бэлтгэлдээ гарчихсан, юу юугүй наадам болох гэж байхад 10-хан хоногийн өмнө гэнэт бүтэн жилээр хойшлуулсан нь буруу. Тэгснээ дараа нь “Халдварын тоо буурвал улсын наадмыг наймдугаар сард хийнэ” гэсэн шийдвэр гаргалаа. Төр, засаг гаргасан шийдвэрээсээ эргэж буцахаа болих хэрэгтэй. Одоо наймдугаар сард наадам хийх эсэх нь тодорхойгүй.

Хэрвээ халдварын тоо буурвал гэхээр яаж ч магад гэсэн үг. Бөхчүүд бид дахин наадмын бэлтгэлдээ гал болон гараад бэлдэж байтал “Наадам хийхгүй” гэвэл яах вэ. Дахиад л цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хөдөлмөр, зүтгэлээрээ хохироод үлдэнэ.

Ээж тань их уран хүн байдаг юм билээ. Энэ ногоон дээлийг ээж нь урлаж өгсөн үү?

-Тэгсэн. Жил жилийн наадмаар ээж минь надад шинэ дээл урлаж өгдөг. Ээжийнхээ хийж өгсөн дээлийг л би өмсдөг. Өөр хүнээр дээл оёулдаггүй.

2017 онд ээж минь надад ногоон дээл хийж өгөөд тэр жил би улсын харцага болсон. Өнгөрсөн жил ээжийнхээ урлөж өгсөн хүрэн дээлийг өмсөөд улсын заан цол хүртсэн. Энэ жил ээж минь надад энэ ногоон дээлийг урлаж өгсөн юм. Ээжийнхээ оёж өгсөн дээлийг шинэ цолоор мялааж, баярлуулъя гээд энэ жил их хичээлээ, даанч наадам долдугаар сард болсонгүй.

-Ээж нь урлаж өгсөн хэдэн дээл танд байдаг вэ?

-10 гаруй дээл лав бий. Би ногоон өнгөнд дуртай. Ээжийнхээ урлаж өгсөн дээлээр наадамд гоёх, шинэ цолоо энгэрийг нь цоолох ямар сайхан санагддаг гэж санана. Ижийтэйгээ хамт байгаа юм шиг санагддаг.

Өнгөрсөн жил шөвгийн дөрөвт таныг давсан Н.Батсуурь аваргаас допинг илэрсэн. Улмаар Баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдан, танд улсын гарьд цол нөхөж олгохоор болсон. Ерөнхийлөгчийн зарлиг гарсан уу?

-Гараагүй байгаа. Тиймээс наадам долдугаар сард болсон бол улсын заан цолтойгоо зодоглох байсан.

-Наймдугаар сард наадам болохоос өмнө Ерөнхийлөгч зарлиг гаргаасай, улсын гарьд цолтой барилдах сан гэж хэр догдолж байна вэ?

-Өө, тийм догдлол, хүлээлт алга. Ерөнхийлөгч хэзээ зарлиг гаргах нь уу, тэр үед надад улсын гарьд цол нөхөж олгоно. Үүний сацуу өнгөрсөн жилийн наадамд Батсуурь, Пүрэвдагва, Бат-Орших гуравт унасан, цол нөхөж авахаар болсон хэд хэдэн хүчтэн бий. Тэд ч мөн цолөө нөхөж авна.

Таны хувьд наадмын хамгийн сайхан нь юу вэ?

-Өв соёл, уламжлалаа тээж яваа үеийн олон хүчтэнүүдтэй барилдан, төрийн наадамд зодоглох их сайхан. Жил жилийн наадам дурсамжтай. Цолоо ахиулсан наадмууд сэтгэлд их тод үлддэг. Аймгийн арслан, улсын харцага, улсын заан болсон наадмуудаа дурсах дуртай. Өнгөрсөн жилийн наадмыг үзэгчгүй, хөдөө хээр зохион байгуулсан нь сэтгэлд тод, содон үлдсэн.

Та өнгөрсөн жилийн наадмын заан цолны даваанд нэг нутгийн хүчтэн, улсын арслан Р.Пүрэвдагвыг өвдөг шороодуулсан. Тийм дээр даваанд нутгийнхаа арслантай барилдахад юу бодогдож байв?

-Санасан мэхээ зоригтой, өөртөө итгэлтэй хийгээд, харгүй сайхан барилдъя гэж бодсон.

-Өмнө нь улсын учраа таарч байсан бил үү?

-Даншгийн наадамд олон удаа барилдсан. Лав 3-4 таарсан болов уу. Нутгийн арслан ахыгаа дээш нь явуулсан тохиолдлууд бий, бий.

Улсын наадамд анх удаа барилдсан нь өнгөрсөн жилийнх. Амлуулж барилдах нэг бодлын зүгээр ч юм уу.

-Улсын арслан Р.Пүрэвдагва таныг амлахад цөөнгүй наадамчин олон “Нутгийнхаа бөхийг амлачхлаа. Өөр бөх амлаад, нутгийн хүчтэнээ дээш нь барилдуулахгүй” гэж багагүй шүүмжилж байгаа нь анзаарагдсан. Танд тэгж бодогдсон уу?

-Би ёстой тэгж бодоогүй. Р.Пүрэвдагва арслан Пүрэвсайхан заан, Зоригтбаатар бид гурваас амласан. Арслан бид хоёр бэлтгэлээ олон жил хийж байна. Бие биенийхээ барилдаан, бэлтгэлийг андахгүй. Өмнө нь намайг олон удаа давсан болохоор амласан байх. Барилдаж сурсан бөхөө амласныг нь буруутгахгүй, тэр нь зөв л дөө.

-Улсын заан болчихоод есөн хөлт цагаан тугаа тойрон дэвж явахад төрийн наадмын түрүү хэр ойрхон санагдаж байв?

М.Бадарч: Давсан ч, унасан ч санасан мэхээ хийсэн л бол сэтгэл “өег” байдаг

-Их сайхан юм билээ. Бэлтгэл, сургуулилалтаа улам сайн хийгээд, хөдөлмөрвөл улсын аварга болох, төрийн наадамд түрүүлэх боломж, нөөцтэйгээ улам их мэдэрлээ.

Цолоо ахиулаад, улам дээшээ барилдъя, төрийн наадмын үзүүр, түрүүнд хүч сорьё гэж бодсон. Өнгөрсөн жил гарьд цолны даваанд Н.Батсуурь аваргад унасан. Аварга үнэхээр сайн байсан.

Аваргатай барилдахаасаа өмнө бүрэн сэргэж амжсан уу?

-Амжаагүй. Р.Пүрэвдагва арслан бид хоёр нэлээд удаан барилдсан. Долоогийн даваанд хамгийн сүүлд давалцсан. Өмнөх даваанд тэгж удаан барилдаад, сэргэж амжаагүй байхдаа Н.Батсуурь аваргатай өрсөлдсөн. Жаахан сэргээд, амрах хугацаа байсан бол арай өөрөөр барилдах байсан болов уу.

-Үндэсний бөхөд тулгамдаж буй асуудлуудын нэг нь допинг. Хэдийгээр танд улсын гарьд цол нөхөж олгохоор болсон ч хэрвээ та Н.Батсуурь аваргатай учраа таараагүй бол улсын гарьд болох бүр цаашлаад түрүүлэх боломж байсан шүү дээ. Төрийн наадмын түрүү хүртэх боломжийг тань хаачихсанд харамсалтай санагдах юм уу?

-Нэг талаараа тийм. Улсын том цолтой бөхчүүд допингийн асуудалд холбогдон, үндэсний бөхийг муухай харагдуулаад байх шиг байна. Ганц, нэг бөхөөс допинг илэрлээ гээд бүх хүчтэн хэрэглэдэг гэсэн үг биш. Н.Батсуурь аварга допинг илэрснээ хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан нь зөв жишиг байлаа.

Цолны найраа, допингтой тэмцэх хамгийн зөв гарц, гаргалгаа юу вэ?

-Допинг хэрэглэсэн бөхчүүдэд адил шийтгэл оногдуулах их чухал. Бүх бөхөд тэгш хандаж, ижил шийтгэж байж допингтой тэмцэнэ.

Цолны найрааны тухайд монгол түмэн дээхнэ үеэсээ ирээдүйтэй бөхийг дэмжиж ирсэн. Нутгийн бөхөө, ирээдүйтэй хүчтэнийг даваа ахиулах, тунаанаас гаргах нь цолны найраанаас тэс өөр зүйл. Үүнийг шууд цолны найраа гэж ойлгох нь учир дутагдалтай. Цолны найраа хийдэг, мөнгө, төгрөг өгдөг асуудлыг би сайн мэдэхгүй.

Улсын заан цолны тэмдэг тань их содон, өвөрмөц. Тэмдгээ хэнээр урлуулсан бэ?

-Ийм хийцтэй тэмдэг Монголд цорын ганц. Өнгөрсөн жил улсын заан болсны дараа Жагаа ах надад урлуулж өгсөн юм. Улсын цолны тэмдэгт тойргийн стандарт бий. Харин дүрс нь стандартгүй. Өвөрмөц, содон тэмдэгтэй болъё гээд хийлгэсэн юм.

-Содон, өвөрмөц хийцтэйг нь хүмүүс хэр их сонирхдог вэ?

-Монгол хүн болж төрөн, үндэсний бөхөөр барилдаад, тэгээд бүр улсын цол хүртэнэ гэдэг өөрөө ховор хувь заяа. Улсын заан цолтон жилийн жилд их цөөхөн төрдөг. Ийм сайхан цол авсандаа их баярладаг. Миний тэмдгийг хүмүүс их сонирхдог. Монголын ард түмэн улсын заан цолыг их хүндэлдэг. Надад улсын аварга цол хамгийн сайхан санагддаг.

-Та наадамд хамгийн анх хэдэн насандаа барилдаж байв?

-Ер нь ах нарыгаа дагаж багаасаа барилдсан. 10 гаруй насандаа овооны наадамд барилдаж байлаа. Үндэсний бөхтэй амьдралаа холбон, бэлтгэлээ тууштай хийж эхэлсэн нь 2011 он.

Төдийгөөс өдий хүртэлх хугацаанд зорилгынхоо хэдэн хувьд нь хүрээд байна вэ?

-Дөнгөж үзүүрээс нь л атгаж байна. Намайг “Нутгийн буян” групп, “Алдар” спорт хороо, гэр бүлийнхэн, хань минь үнэхээр сайн дэмжиж, тусладаг. Хань минь миний арыг сайн даадаг, бэлтгэл хийх, барилдах бүх боломжоор хангадаг. Намайг үргэлж дэмждэг “Нутгийн буян групп”, “Алдар” спорт хорооны хамт олондоо, ээждээ, ханьдаа, монгол түмэндээ баярлаж явдаг.

Хоёулангийнх нь ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Ардын хувсгалын 100 жилийн ойн баярын өдөр монгол түмнээ хүндлээд ярилцлага өгсөнд тань баярлалаа. Сайхан наадаарай.

-Баярлалаа. “Eguur.mn” сайтын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

Бөхөө дээдэлдэг Монголын ард түмэндээ Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярын мэнд хүргэе. Сайхан наадаарай. Монгол бөхийн босоо цагаан хийморь үргэлж ивээх болтугай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

  1. ХАЛТАЙСАН БӨХӨНЦӨР ЧИНЬ ЮУ ХУЦААД БГААН. НААДАМ ХОЙШЛУУЛАХ НЬ ЗӨВ. ЭРГҮҮ ДАГЗ ШАГНАЛЫН МӨНГӨ БОДОЖ Л МААНАГТАЖ БГАА БИЗ.

  2. ????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????
    Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсг####ын 100 жил, Үндэсний их баяр наадмын баярын мэнд хүргэж эрүүл энх аз жарг#### сайн сайхан бүхнийг хүсье!!!
    Эрүүл байв#### бид бүхэн олон сайхан наадмыг үзэх нь дамжиггүй ээ….
    Түмэн олноороо дэлгэр сайхан наадаарай!!! ????????????????????????????

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button