ДЭЛХИЙНИЙГЭМ

ОПЕК-ийн орнууд, ОХУ газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцов

Нефть буюу газрын тос олборлогч орнууд үнээ буулгаж, Дэлхийн эдийн засагт үзүүлж буй дарамтыг бууруулахын тулд олборлолтоо нэмэгдүүлэхээр харилцан тохиролцоонд хүрлээ. ОПЕК-ийн орнууд болон ОХУ ирэх наймдугаар сараас эхлэн нийлүүлэлтийг нэмэгдүүлж эхлэх аж.

Дээрхи тохиролцоо нь шинэ коронавирусын цар тахлын улмаас үүссэн  хямралын дараачаас олон улс оронд эдийн засгийн сэргэлтээс үүдэлтэй шатахуун, бензиний үнийн өсөлтийг зогсоон хязгаарлах зорилготой ажээ. 

“Brent” маркийн газрын тосны үнэ энэ 2021 оны хувьд 43 хувиар өсч, нэг баррель нь бараг 74 америк долларт хүрсэн.

Өнгөрсөн онд цар тахлын улмаас эрэлт ба үнийн уналт дунд ОПЕК болон түнш орнууд олборлолтоо өдөрт 10 сая баррелиар бууруулж, түүхэн дээд амжилтаа бууруулсан.

Гэсэн хэдий ч, энэ 2021 оны хувьд газрын тосны үнэ огцом өсч, эдийн засгийн үйл ажиллагаа сэргэж, зарим улс оронд инфляцийг хөөрөгдөж, Дэлхийн эдийн засгийн сэргэлтийг зогсоох аюул заналхийлээд байгаа. Долдугаар сарын 1-ний хуралдаанаар газрын тос олборлогч орнуудын сайд нар энэ оныг дуустал үйлдвэрлэлийн хязгаарлалтыг бууруулах талаар тохиролцоонд хүрч чадаагүй. Ирэх наймдугаар сараас олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр нь Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ын хоорондох санал зөрөлдөөний улмаас гацсан.  

Хамгийн ойрын холбоотнуудын хооронд ийнхүү ер бусын олон нийтийн маргаан өрнөсөн нь Дэлхийн газрын тосны нөөцийн 50 гаруй хувийг хянадаг “ОПЕК+” картелийн тогтвортой байдалд хүртэл түгшүүр төрүүлж эхэлсэн. Албан ёсны хэлэлцээ гацаанд орсны дараа сайд нар хоёр долоо хоногийн турш албан бусаар зөвлөлдөв.

(2021.07.18)-нд ОПЕК болон түнш орнууд шуурхай хуралдаанаар алдагдалтай байгаа газрын тосны зах зээлийг тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2021 оны наймдугаар сараас 12 дугаар сар хүртэл газрын тосны нийлүүлэлтийг өдөрт хоёр сая баррелиар нэмэгдүүлэхээр тохиролцлоо.

“ОПЕК+”-ийн дээрхи шийдвэр нь нэг баррель газрын тосны үнийг 60 америк доллараар тооцвол ОХУ-ын төсвийн орлогыг 400 тэрбум рублиэр нэмэгдүүлэх болно, хэмээн ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч (Шадар сайд) Александр Новак онцоллоо. Түүний хэлснээр, Орос улс ирэх 2022 оны тавдугаар сард үйлдвэрлэлийн хямралын өмнөх түвшинд хүрч очих боломжтой болох аж.

2022 оны тавдугаар сараас эхлэн АНЭУ, Саудын Араб, Орос, Кувейт, Ирак зэрэг хэд хэдэн гишүүн орнуудад илүү өндөр үйлдвэрлэлийн квот тогтоогоод байгаа юм.

О.АНАР

(Эх сурвалж: bbc.com)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button