ДЭЛХИЙ

ОУОХ: Олимп шинэ уриатай боллоо

Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны чуулган маргааш /2021.07.23/ нээлтээ хийх Токиогийн Олимпын наадмаас өмнө зохион байгуулагдлаа. Хоёр өдөр үргэлжилсэн чуулганаар маш олон шийдвэр гаргалаа. Чуулганы эхний өдөр үйл явдлаар дүүрэн болж өндөрлөв. Түүхэн шийдвэр гаргасан үйл явдал тохиолоо.

2026 оны Өвлийн Олимпын наадмын хөтөлбөрт өөрчлөлт оруулж, уулын цанын төрөл багтахаар боллоо. Түүнчлэн, самбо бөхөөс гадна өөр таван ч   төрлийн спортыг Олимпын наадмын хөтөлбөрт оруулах шийдвэр гаргасан байна.  

Наадмын бэлэн байдлын асуудал нь чуулганы үеэр хэлэлцсэн гол сэдвүүдийн нэг байсан мөн цар тахлын улмаас “Токио-2020” Зуны Олимпын наадмыг нэг жилээр хойшлуулсан билээ. Олимпыг хойшлуулах шийдвэр гаргасан талаар ОУОХ-ны тэргүүн Томас Бах тайлбар өгсөн.

Дэлхий дахинд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Олимпын наадмыг хойшлуулах нь зүй зохистой шийдвэр байсан хэдий ч тамирчдын хувьд олимпод оролцож, хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг тэдэнд олгох нь ОУОХ-ны хувьд илүү ач холбогдолтой байсан”-хэмээн Томас Бах тайлбар өгч байсан.

Энэ удаагийн Токиогийн Олимпын наадмыг дахин зохион байгуулахаар болсон тул зардал төсвийн хэмжээнд ч хүртэл зарим нэг өөрчлөлт орсон. Олимпын төсвөөс даруй 22 хувиар илүү мөнгө буюу 15,4 тэрбум америк долларт хүрснийг ОУОХ хожим нь олон нийтэд мэдээлсэн. Үүнээс Олимпын наадмыг аюулгүй орчинд зохион байгуулах ажилд гэхэд л 900 сая америк долларыг нэмж зарцуулсан ажээ.

Олимпын өмнөх уриа: “Хурднаас хурдан, Өндрөөс өндөр, Хүчтэйгээс хүчтэй” (Citius, altius, fortius) гэж байсныг “Хамтдаа хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй” (Citius, altius, fortius – communis) гэж “хамтдаа” гэсэн ганц үг нэмж өөрчиллөө. Шинэ урианы утга санаа нь: “Хэрвээ чи хурдан гүйхийг хүсвэл үүнийг ганцаараа хий, харин чи хол гүйхийг хүсвэл хамтдаа хий” гэсэн утгатай.

Олимпын уриаг анх орчин үеийн Олимпын  наадмыг үүсгэн байгуулагч Пьер де Кубертен санаачилж, 1894 онд Олимпын Конгрессоор батлуулсан. Уриаг  анх 1924 онд хэрэглэж байсан удаатай.

О.АНАР

(Эх сурвалж: tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button